Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшиний өгсөн үүрэг чиглэлийн дагуу Стандартын үндэсний зөвлөл өнөөдөр (2018.05.31) хуралдаж, "Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264:2018 стандартыг баталлаа.
Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 19-ний 19 дүгээр тогтоол, Шадар сайд Ө.Энхтүвшиний 2018 оны хоёрдугаар сарын 8-ны 09 дүгээр тушаалыг үндэслэн тухайн үед мөрдөж байсан MNS 6264:2011 стандартыг тооцоо судалгаанд тулгуурлан шинэчлэн сайжруулах ажил өнгөрсөн хугацаанд хийгдсэн байна.
Тухайлбал, хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэндийн асуудал, гэмтэл, бэртлийн судалгаа, шинэчлэхээр зорьж буй стандартын шинжлэх ухаан техникийн төвшинг олон улс, бүс нутгийн болон гадаад орны ижил нэрийн дэвшилтэт стандартын түвшинтэй харьцуулсан судалгаа, эл стандартыг хэрэглэгчдийн сонирхол, нийгмийн шаардлагад тохирч буй эсэх зэрэг олон судалгааг орон даяар явуулж дүнг нэгтгэсний эцэст Стандартын үндэсний зөвлөл шинэ стандартыг боловсруулан батлав.
MNS
6264:2018 шинэ стандарт батлагдсанаар уралдаанч хүүхдийн хамгаалалтын
малгай, хантааз, гутал, бээлий зэрэг хувцаст тавигдах мөрдлөг тодорхой
болсны дээр шаардлага илүү нарийссан байна гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.