Тооно тушиж чадахгүй
Товч зангидаж мэдэхгүй
Уламжлал ёсоо адалсан
Ухаалаг утсанд шүтсэн
Залуус та нартаа хандан
Захиж хэлэх үг байна
Элэнц өвгөдийн үеэсээ
Эсгий гэрт амьдарч
Эрхэс, од, гаригийг
Эрхшээж тоонондоо аргамжсан
Монгол ахуйгаа залуус минь
Мэдэж байх учиртай юм шүү
Гэр барьж сураагүй
Гэдэс арилгаж үзээгүй
Туурга, дээвэр өргөөгүй
Тулганд гал өрдөөгүй
Орчин цагийн охид хөвгүүд минь
Одооноос эхлэн хичээгээрэй
Өв соёл монгол ахуйгаа
Өөрсдөө бид уламжлахгүй бол
Харь орны хазгай хэлтэнгүүд
Хайр найргүй устгах болно
Ахуй соёл, өв уламжлалаа
Авч үлдье монгол залуусаа
Ерөөл хараалаа ялгадаггүй
Есөн үеэ судалдаггүй
Ургийн бичгээ хөтөлдөггүй
Ураг төрлөө таньдаггүй
Би- ээр цээжээ дэлдсэн
Бичилхэн бодолтой нөхдүүдээ
Үглэж дуулахдаа үгээ хяна
Үндэс язгуурын дээдсээ судал
Ургийн бичгээ өвлүүлэн хөтөл
Удам угсаагаа урин танилц
Элгэн саднаа дээдлэн хүндэлж
Эх нутгаа хайрлаж амьдраарай
Цэргийн албаа хаагаагүй
Цээж ташаа шувтан
Царил, хүрз бариагүй
Цагаан гартай булбарай
Эрэгтэй гэхэд хэцүүхэн
Эмэгтэйлэг турьхан залуусаа
Эр цэргийн албаа
Нэр төртэй хаагаад
Эх орныхоо хөгжилд
Нэмэр тустай оролцоод
Алд биеэ чийрэгжүүлэн
Аархаж бярдаж яваарай
Шартаж хордохыг тоохгүй
Шар айраг шимсэн
Уушги цээжээ хайрлахгүй
Утаат тамхи зуусан
Орой үдэш сэлгүүцэх
Охид бүсгүйчүүд та нар
Архи дарсыг тойрч
Аагтай цайгаа оочин
Хорт тамхийг хаяж
Хоолой уушгиа цэвэршүүлэн
Үдэш, орой бүрийг
Үргэлж гэрийнхэндээ зориулаарай
Нойр хоолыг эхэнд тавилгүй
Ном эрдэмд шамдан суралцаад
Уламжлал ёсоо уландаа гишгэлгүй
Ухаант буурлынхаа үгийг сонсоод
Залгамж хойчийн залуус та нар
Заавал нэгийг тунгаан бодоорой.
Н.ГАНХУЯГ.