|

Зуун тавин сая жилийн тэртээх амьдралын гэрч- Сүйхэнтийн чулуужсан ой

saikhnaa 2018/06/12 1008 0

Зуун тавин сая жилийн тэртээх амьдралын гэрч- Сүйхэнтийн чулуужсан ой

Манай гарагийн 140-150 сая жилийн өмнөх амьдрал, оршихуйн гэрч болсон чулуужсан модон ой эдүгээ Дорноговь аймгийн баруун өмнөд хэсэг, Мандах сумын нутагт оршиж байна. Амьд ертөнцийн эд эс бүхэн устаж өөрчлөгдсөөр атал энэ гайхамшигт тогтоц эрин галав, он жилүүдийг дамжин хэлбэр төрхөө хадгалсаар энэ цагт иржээ. 
Дорноговь аймгийн Мандах сумын нутагт домог түүхт Өлгийн хийдийн баруун талд далайн түвшнээс дээш 987 метр өргөгдөн орших бараан хайрханыг Сүйхэнт уул гэх аж. Эрт галавын шинжтэй энэ хайрханы олон атираат толгодын нэг энгэр, бэлийн дагуу энэхүү эртний чулуужсан ой үргэлжилнэ. Хамрах талбайн хувьд өргөөшөө 50-80 метр, уртааш 500 метр орчим үргэлжлэх аж. 
Энэ газар хүрэлцэн ирмэгц тэртээ зуун тавин сая жилийн өмнө чухам ямар амьдрал байсан бол доо гэх төсөөлөлд эрхгүй автан, чулуужсан мод нэг бүрийн хэлбэр, байдлыг сонирхсоор хэдэн цаг өнгөрснийг ч үл анзааран сатаарах аж. 
Энгийн нүдээр харахад л өөр өөр цаг үед, өөр өөр төрлийн модод ургаж байсан болов уу гэмээр... Зарим нь дөнгөж саяхных мэт харагдах тул барьж үзэж байж л сая чулуужсан болохыг баттай мэднэ. Энд тэнд чулуужсан моддын хожуул, хугархайнууд хөглөрөхийн зэрэгцээ зарим газар аварга том мод нуран унаж, хэдэн хэсэг хуга үсэрсэн байх төрх байдал харагдана. Одоогийн байдлаар 5-6 метр урт, тойргийн радиус нь даруй алд орчим хоёрхон ширхэг мод ил харагдах аж. (урьд өмнө хэдэн арван метр урттай мод байсан боловуу) 
Эдүгээгээс 150 сая жилийн өмнө энд аварга том шилмүүст модод тэнгэрт тэмүүлэн ургаж, бидний хэзээ ч харж байгаагүй амьд амьтад амьдарч байсан дүр зураг сэтгэлд тодорно. Тэр цаг үеэс хэд хэдэн галав дамжин энэ үед ирсэн нь гайхалтай. 
Он цагийн хувьд өөр түүхтэй иймэрхүү чулуужсан ой манай дэлхий дээр цөөн тоотой байдаг байна. Манай оронд ч урт, богино наст чулуужсан мод ганц нэгээрээ тааралдах боловч ийм хэмжээний чулуужсан ойн үлдэгдэл байхгүй билээ.
Сүйхэнтийн чулуужсан мод нь үндэс, мөчир, холтостойгоо, өсөлтийн цагираг нь хүртэл тов тод үлдсэн байдлаараа дэлхий дээр байдаг бусад чулуужсан ойн моднуудаас ялгардаг, цайвар цагаан, улаан, ногоон өнгөтэйгөөс гадна магма, галт уулын чулуулаг, боржингийн хольцтойгоороо онцлог юм. 1970 оны сүүлчээр Сүйхэнт уулын чулуужсан моднуудын унанги, хожуул зэрэг нь огт хөндөгдөөгүй хадгалагдсан байсан боловч харамсалтай нь сүүлийн хэдхэн жилийн хугацаанд эдгээр үнэт чулуужсан модыг хулгайлан сүйтгэж, урд хөрш рүү зөөсөн байна. (Буянбадрах.Ч, 2009) хэмээн сурвалжид тэмдэглэжээ...

...Сүйхэнт орчмын 4827 га газрыг УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор "Байгалийн дурсгалт газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан байна. Гэвч энэ газрыг хайрлан хамгаалах тухай асуудал үүгээр зогсож боломгүй санагдана. Ердөө 30-аад жилийн тэртээд их хэмжээний чулуужсан ой байсан юм, ихэнхийг нь зөөгөөд одоо байхгүйтэй адил болж дээ” хэмээн нутгийн хөгшчүүд шүүрс алдах нь харуусмаар аж. 
Эрин галавуудыг туулан бидний үед ирсэн энэ газарт энэ цагийн хүмүүс харгис хүйтэн нүүрээ харуулав. Зуун жилийн дотор устах гэж зуун тавин сая жилийг туулан ирсэн эмгэнэлт хувь заяаны тухайд өгүүлэхэд ийм буюу.

#Удахгүй гарах "Дорноговь аймгийн байгалийн гайхамшиг" номын хэсгээс...
Enkh Taivan хуудаснаас

Зуун тавин сая жилийн тэртээх амьдралын гэрч- Сүйхэнтийн чулуужсан ой
Зуун тавин сая жилийн тэртээх амьдралын гэрч- Сүйхэнтийн чулуужсан ой

Санал болгох

Сэтгэгдэл

top