Эрдэнэт
үйлдвэр ХХК-д орон сууцанд хамрагдах хүсэлтэй 2000 орчим ажилтан байдаг
байна. Тиймээс Эрдэнэт Үйлдвэр ХХК нь ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг
шийдвэрлэх зорилгоор нийт 1300 айлын орон сууцыг барих төлөвлөгөөг
үндсэн чиглэлдээ багтаан өгчээ. Тодруулбал гадаад мэргэжилтнүүдийн
ажиллаж амьдрах нөхцөл боломжийг хангах зорилготой Москва-300 орон сууц,
шинээр ажилд орж буй ажилтнуудад зориулсан Залуус-600 орон сууц,
түүнчлэн Эко-400 амины орон сууцуудыг ашиглалтанд оруулахаар зорьж
байгаа ажээ.
Эдгээр
орон сууцны хорооллуудын эхлэл болох Эко-400 амины орон сууцны
хорооллын ажлыг 2015-2017 оны хооронд буюу 3 жилийн хугацаанд барьж
ашиглалтанд оруулахаар ийнхүү шавыг нь тавьж байгаа юм. "Эко-400”
хороолол нь Орхон аймгийн Сархиа уулын баруун энгэрт байгуулагдах бөгөөд
барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр РСЦ компани ажиллаж тендер зарлан
бусад компанитай хамтран барилгын ажлыг гүйцэтгэнэ. Барилгын ажил энэ
долоо хоногоос эхлэх бөгөөд 2015 оны тухайд эхний 100 айлын орон сууцыг
ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ
Эко-400
амины орон сууцны хорооллын санхүүжилт түлхүүр гардуулах журмаар буюу
барилгын ажлыг хийсний дараа хөрөнгийг гаргаж өгөх журмаар явагдах тул
барилгын ажилд хамтран гүйцэтгэгч компаниудыг нэлээн өндөр шалгуураар
сонгоно гэдгийг хэлж байна.
Түүнчлэн
тус хорооллын дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдсэн бөгөөд инженерийн
дэд байгууламжид 50 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоо байгаа аж.
Цаашид Эко-400 хорооллын орчимд шинэ суурьшлын бүс үүсэх бөгөөд сургууль
цэцэрлэг, зам дэд бүтэц зэргийг бүрэн цогц байдлаар шийдэж өгнө гэдгийг
онцоллоо.