|

Зуны амралтаараа уншвал зохих 10 ном

saikhnaa 2018/06/26 627 0

Зуны амралтаараа уншвал зохих 10 ном

 

Уншигчид маань наадмын 10 орчим хоногийн амралтаар юу хийхээ төлөвлөсөн гэж найдаж байна. Зарим нь ч хэрхэхээ хараахан шийдээгүй байгаа байх. Ямар ч гэсэн энэ өдрүүдэд та сайхан амарч, бүтэн жил хуримтлагдсан алжаалаа тайлаарай. Зуны энэ дэлгэр цагт танд хамгийн сайн хань болж чадах зүйл бол ном. Яагаад гэвэл номгүйгээр зуны өдөр дэндүү урт билээ. Модны сүүдэрт, голын хөвөөнд, лагерийнхаа байшинд, бороотой өдөр гэртээ гээд л ном уншиж оюуныхаа цангааг тайлах газар олон бий. Жил тойрон гар утас, компьютертэй зууралддаг та бид зун эдгээр төхөөрөмжөөсөө жаахан холдож, хэдэн номын ард гарах гэж хичээвэл зүйтэй болов уу. Ер нь зун бол зөвхөн зугааны цаг бус, бас өөрийгөө нэг шат ахиулах боломж юм гэдгийг санахад илүүдэхгүй. Тийм ч учраас бид зун унших 10 номыг санал болгож байна.

1. ХАЙРЛАХ УРЛАГ

Хамгийн эхний танилцуулах ном бол мөнхийн сэдэв болох "Хайр”-ын тухай ном юм. Гэвч энэхүү ном нь танд хайрын тухай бэлэн жорыг хэлж өгөхгүй, харин хэрхэн хайрлах арга замыг зааж өгөх болно. Уг номын зохиогч Эрих Фромм хүн хайранд суралцаж гэмээнэ бусдыг хайрлаж чаддаг болно хэмээсэн байдаг. Иймээс та ч бас хэрхэн зөв хайрлах аргад суралцаарай.

2. ФРАНЦ ХҮМҮҮЖЛИЙН НУУЦ: BEBE ӨСГӨХҮЙ

Ээж та шөнө бүр хэд хэд босож, хүүхдээ хөхүүлэн дутуу нойртой хоноод, өглөө нь ажилдаа гүйж, орой нь хүүхдэдээ санаа зовж яарсаар гэртээ харьдаг уу? Тэгвэл зарим орны ээж нар тэгж "зовдоггүй”, харин ч өөртөө анхаарч, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог ба хүүхэд нь ч ээжийнхээ энэ байдлыг ойлгох мэт хэдхэн сартайгаасаа эхлээд шөнө сэрэлгүй унтаж сурсан байдаг гэвэл ямар байна? Америкийн Уолл Стрит Журнал сонины сурвалжлагчаар ажиллаж байсан Памела Дракерман хэмээх бүсгүй франц хүмүүжлийн нууцыг таны өмнө нээх болно.

3. 1Q84

Унших ном болгон тань бүхнийг заасан сургаалын шинж чанартай байж болохгүй шүү дээ. Амарч зугаалангаа уран зохиолын ном унших нь хамгийн сайхан амралт болно. Тиймээс Японы төдийгүй дэлхийн пост модерн уран зохиолын гол төлөөлөгч Мүраками Харүкигийн алдарт "1Q84” цуврал романыг танд санал болгож байна. Зохиолч уг бүтээлийнхээ санааг 1995 онд Токио хотын метронд хорт хий тавьж олон хүний амь насыг сүйтгэсэн "Ум шинри кёо” шашны байгууллагын өдүүлсэн гэмт хэргийн бодит түүхээс сэдэвлэсэн гэдэг бөгөөд үүнээс гадна өөрт нь ихээр нөлөөлсөн кино, хөгжим, утга зохиолоос эш татаж, зохиолдоо шигтгэж өгснөөр уншихад энгийн ойлгомжтой хэрнээ аялгуу хэмнэл сайтай, нарийн мэдрэмж, төсөөлөхүй дагуулсан онцлог бүтээл болж чадсан хэмээн уншигчид дүгнэдэг билээ.

4. ГЭРЭЛ ЗУРАГ СОНИРХОГЧДОД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА

Аялал зугаалгын салшгүй нэг хэсэг бол гэрэл зураг. Тиймээс бид танд дараах номыг санал болгож байна. Мэдээлэл, заавар, тэмүүллээр дүүрэн энэ ном таны зургийн аппарат юу хийж чадах болон түүнийг хэрхэн ашиглахыг тайлбарласан тул анхан шатны гэрэл зураг сонирхогчдын сайн нөхөр болж чадна. Мөн та уран сэтгэмжээ ашиглан өөрөө шийдвэр гаргаж зураг авах нь хэр таатай болохыг мэдрэхээс гадна зургаа хүссэнээрээ өөрчилж чаддаг болно. Энд энгийн фокусыг тааруулахаас эхлээд нүд булаам тусгай эффектүүдийг хэрхэн бий болгохыг алхам алхмаар дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.

5. МОНГОЛ НҮҮДЭЛЧДИЙН ТАЙЛБАР ТОЛЬ

Монголчууд бид зун болмогц байгалийн сайхныг мэдэрч, нүүдэлчин соёл ахуйдаа ойртохоор эх орныхоо дөрвөн зүг найман зовхист аялал амралтаа өнгөрөөдөг. Энэ үедээ уламжлалт зан заншил, соёл, хоол хүнсний өвөрмөц онцлог, ахуй амьдралын хэв маягийг илүү сайн мэдэрч ойлгоход энэхүү ном тусална.

6. АННА КАРЕНИНА

Зуныг хайрын сэдэвтэй роман, зохиолгүйгээр төсөөлөхийн аргагүй. Нөхөрт гарсан баян хатагтай Анна Каренинагийн жавхаалаг офицер Вронскийд өгсөн эмгэлэлт, нууц дурлалын түүхийг уг номонд өгүүлнэ. Аннад хэргэм язгуур өндөр эр нөхөр, хайрт хүү, эд хөрөнгө хийгээд ихэс дээдсийн хүрээлэлд эзэлсэн байр суурь гээд бүх зүйл байх боловч сэтгэлийнх нь гүнд өчүүхэн гэмээр хоосон зай оршсоор ирсэн нь хайр сэтгэлийн аз жаргалд тэмүүлэх оргилуун хүслэн байлаа.

7. МААНАГ

1868 онд бичигдсэн боловч өдгөө хүртэл хүн төрөлхтөн шимтэн уншсаар бүтээл бол Оросын нэрт зохиолч Достоевскийн "Маанаг” хэмээх энэхүү бүтээл билээ. Ганцхан зун ч гэлтгүй таны заавал унших номын жагсаалт байх ёстой энэхүү бүтээлд зохиолч төгс (идеальный) хүний дүр бүтээх зорилго тавьсан гэдгээ өөрийн захидалд дурдсан нь бий. Харин хаанаас тийм хүнийг "төрүүлэх” билээ? Гажиж эвдэрсэн энэ нийгэмд тийм хүн төлөвшин бий болж чадах уу?

8. 1984

"Мянга есөн зуун наян дөрөв" бол хар дарсан зүүд мэт айдас хүйдэс ноёлсон, бүхнийг эрхшээгч цагдаагийн улс ирээдүйд тогтож буй тухай өгүүлсэн, зөгнөлт роман юм. Энэхүү зохиолд дүрсэлснээр суртал ухуулга явуулсныхаа үрээр тухайн улс бүх иргэнийхээ амьдрал ахуй болоод бодол санаанд бүрэн хяналт тогтоогоод зогсохгүй, тэднийг өөрсдийнхөө бодлогын үүднээс л үг хэлдэг, бодож сэтгэдэг болгох арга журмыг хэрэгжүүлж байгаа нь дэлхийн утга зохиолд хэзээ ч хөндөгдөөгүй, ийм нарийн ширийн задлан дүгнэгдээгүй сэдэв байв. Иймээс энэхүү сонирхолтой зөгнөлт зохиолыг бид танд санал болгож байна.

9. ГРЭЙГИЙН АМЬДРАЛЫН ТАВИН СҮҮДЭР

Сургуулиа дөнгөж төгссөн Анастасия Стийл амжилт арвинтай бизнес эрхлэгч Крисчен Грэйтэй танилцсан даруйд тэдний амьдралыг эргэлтгүй өөрчлөх эмзэг харилцааны оч харважээ. Крисчений ер бусын эротик таашаалд цочирдож эвгүйцсэн Ана түүнээс зан харилцаагаа өөрчлөхийг шаарддаг. Анаг авч үлдэхийн тулд Крисчен аргагүй зөвшөөрнө. Ана, Крисчен хоёрт хайр, дур хүсэл, дотносол, эд баялаг, гялалзсан ирээдүй гээд бүх юм байв. Гэвч Ана хайртай залуу нь тийм амар хүн биш болохыг, тэд хамтдаа байвал хэн хэн нь төсөөлөөгүй сорилтой тулахаа мэднэ. Ана өөрийн оршихуйг хөндөхгүйгээр Крисчений баян тансаг амьдралын хэв маягт зохицох учиртай болно. Харин Крисчен бүхнийг хянах гэдэг хэнээрхлээ даван туулахаас аргагүй болж, хар бараан өнгөрсөн амьдралынхаа ад зэтгэртэй тэмцэлдсээр байна. Тэдний хамтын хүч ямар ч саад бэрхшээл, азгүйтэл, өшөө хорслыг бүдгэрүүлэх шидтэй юм шиг санагдавч Анагийн сэтгэлийн гүн дэх айдас биелэх тавилантай аж.

10. САРАН ХӨНДИЙ (СОНСДОГ НОМ)

Хол ойрын аялал, аян замын уртад машиндаа сонгодог зохиолыг сонсонгоо байгалийн сайхныг мэдэрч явах нь амралтын олон сайхан мөчүүдийн нэг юм. Тиймээс бид танд Саран хөндий зохиолыг санал болгож байна. Зохиолын гол баатар Билл, Саксон хоёр ч бас нийгмийн хамгийн муу муухай бугшсан нүргээнт хотоос жинхэнэ аз жаргалаа олохгүйг ухааран их хотыг орхиж, байгалийн онгон зэлүүд нутгийг зорихоор шийддэг.

Эх сурвалж: Unread.today

Санал болгох

Сэтгэгдэл

top