|

Хөдөө гадаа аялах гэж байгаа хүн бүхэнд хэрэгтэй зөвлөгөө

saikhnaa 2018/06/30 892 0

Хөдөө гадаа аялах гэж байгаа хүн бүхэнд хэрэгтэй зөвлөгөө

 

Зам харилцаа сайжирч, иргэдийн амьдралын боломж нэмэгдэхийн хэрээр дотоодын аялал жуулчлал нэмэгдэж, хөдөөгөөр аялал зугаалгаар явах нь ч ихэссэн байна. Мөн түүнээс гадна саяхнаас hiking, trekking зэрэг явган аяллын шинэ төрлүүд эрчимтэй дэлгэрч, иргэд ихээр хамрагдах болж. Нэг талаар хүмүүс байгальд аялах нь сайн талтай боловч хог хаягдал, орчны бохирдол цаашлаад байгалийн тэнцвэр алдагдуулах зэрэг сөрөг нөлөөтэй юм.

 

Хүмүүс ч байгальд аялах ойлголт, туршлага, бэлтгэл муугаас болж төөрөх цаашлаад эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаа эрсдэлд оруулж байдаг. Иймд бид хээр хөдөө аялагч хэн бүхэнд хэрэг болох зөвлөгөөг эмхэтгэн хүргэж байна.

Хүн аливаа хэцүү нөхцөл байдалтай тулгарахад бэлэн байх ёстой. Яагаад гэвэл гай гамшиг хэлж биш хийсэж ирдэг шүү дээ. Яг тийм зүйл тохиолдвол та өөрийгөө, гэр бүлийхнээ, найз нөхдөө болзошгүй эрсдэлээс хамгаалах чадвартай байх нь зүйтэй.

Байгальд аялахдаа бид дараах дөрвөн ойлголтыг мэдэж байвал зохимжтой.

  1. Аяллын үндсэн ойлголт – энд аялалаа хэрхэн төлөвлөх, аялалын бэлтгэлээ яаж хангах, хүнс, хувцас, машин, хэрэгсэлээ бэлтгэх гэх мэт бүх зүйл орно.
  2. Байгальд аялах ойлголт - энд байгальд аялахад мэдэж байвал зохих ойлголтууд хамаарна, хэрхэн ул мөргүй аялах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, анхны тусламж үзүүлэх чадвар, хоол тэжээл, бие физиологийн чадавхи зэргийг мэдсэн байвал зохино.
  3. Байгалийг таних - Байгаль, цаг агаар, байгалийн үзэгдэл, хүрээлэн буй орчноо мэддэг байх. Аюулаас сэрэмжлэх, орчиндоо сөрөг нөлөөгүй бөгөөд өөртөө ая тухтай аялах ойлголттой байх.
  4. Чиглүүлэгч - Хаанаас хаа хүрэх, яаж буцахаа мэдэх, чиглүүлэгч хэрэгслүүдийг (газрын зураг, луужин ...) ашиглаж сурах, төөрвөл юу хийхээ мэддэг байх.

Энэ нийтлэлээр бид байгальд чиглүүлэх тухай ойлголт буюу байгальд зүг чигээ яаж баримжаалах, тал хээр, ой, ууланд төөрвөл хэрэгжүүлэх боломжтой зарим аргын талаар дурдахыг хүслээ.

Та таньж мэдэхгүй газар оронд зорьсон газартаа яаж хүрэх вэ, хаагуур явах вэ, буцах замаа яаж олох вэ? Мэдээж луужин, газрын зураг, GPS төхөөрөмжийн тусламжтайгаар саадгүй яваад ирж болох ч эдгээр хэрэгслийн аль нь ч байхгүй үед яах вэ. Байхгүй бол эргэн тойрны зүйлсээр чиг баримжаа авах боломжтой тул аялалын маршрут, зам зуур орчиноо сайтар ажиглаж явах хэрэгтэй.

Гэхдээ зөвхөн энэ нийтлэлийг уншаад танд хангалтгүй юм, үүнийг өөрийн биеэр аялж, бодитоор туршиж үзэж байж сая жинхэнэ зөвлөгөө болно. Зарим санааг уншаад ойлгоогүй бол байгальд, бодит байдал дээр туршиж, баталгаажуулвал сая баттай ойлгоц авна байх.

Хүн дасал болоогүй, таньж мэдэхгүй шинэ орчин, тогтмол явдаггүй газраар явахдаа төөрөх эрсдэлтэй, мэдээж харанхуй буюу шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл төөрөх магадлалыг улам нэмэгдүүлнэ. Иймд хамгийн эхэнд аялах, зорчих газар орон, цаг агаарыг урьдчилан судалж, бэлтгэлтэй аялах хэрэгтэй, эрдсэлтэй нөхцөл байдалд бол аялалаа хойшлуулах хүртэл арга хэмжээ ч авч болно шүү дээ.

Бидний хувьд дараах байдлаар төөрөх явдал ихэвчлэн тохиолддог байх. Тус бүрийн хувьд шалтгаан, "төөрөгчдийг” авч үзэхийг хичээлээ.

  1. Хөдөө: Монгол орон даяар тээврийн хэрэгсэлтэй зорчигчид, малчид ихэвчлэн үзэгдэх орчны хязгаарлагдмал байдлаас (шороон болон цасан шуурга, харанхуй) болж зам, газрын баримжаагаа алдаж төөрдөг байх юм. Нэмээд тээврийн хэрэгсэл эвдрэх, суух, зам мэдэхгүй байх, толгой эргэж зүг чиг алдах зэрэг өч төчнөөн шалтгаанууд байна.
  2. Ой модонд: Ууланд самар, жимс түүхээр мөн явган аялал хийхээр явагсад их төөрдөг. Ялангуяа хайкерууд ойд үндсэн жим, цуваанаасаа гарах, тасрах зэргээр төөрөх явдал элбэг байдаг юм байна.
  3. Ууланд: Уулын спортынхон, сонирхогчид, уулын аялагчид төөрч байна, ийм хэргээр сүүлийн жилүүдэд хэд хэдэн харамсалтай осол гараад байгаа тул ...

ТӨӨРСӨН ҮЕД ЯАХ ВЭ

Ойд төөрвөл та дараах арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй.

STOP аргачлалыг хэрэгжүүлэх – тайвширч нөхцөл байдлаа ойлгосны үндсэн дээр хаана байгаагаа, хаа хүрэхээ тодорхойлох гэж хичээх хэрэгтэй, толгой эргэсэн, баримжаа алдагдсан бол доор дурдсан аргуудаар байршил, зүг баримжаа авах хэрэгтэй.

Хөдлөшгүй цэг, отог цэг сонгож бэлтгэх – багаасаа тасарч төөрсөн бол байрандаа байж байсан нь хамгийн зөв сонголт, тэд ирж авна. Цаашид үзэгдэц сайтай, харагдац, тэмдэгтэй хоргодох боломжтой газар сонгож тэмдэглэх, отоглох. Гал түлэх хуурай гишүү цуглуулах, мөчир гишүүгээр эмбүүл мэт хоргодох байр бэлтгэх, түүдэг, найдаа түлж болно.

 
Усны эх үүсвэр олох буюу хийх. Эх сурвалж: https://twitter.com/umshigc

Зөвхөн уруудах – Их хөвч, тайгад та модноос гарах нь хамгийн гол тул та өгсөж бус уруудаж явсан нь зөв, таарвал уулын жижиг горхи дагаж уруудвал явсаар ойн захад гарах, уулын хөндийн гол хүрэх боломжтой болох юм. Ойн зах хөндийд гараад ирэхэд цаашаа хүн, айл, суурин олох, эсвэл таныг хэн нэгэн олох магадлал улам нэмэгдэнэ. Ойд байгалийн дуу ихтэй, үзэгдэх орчин муу тул чимээ 50 метрээс цааш сонсогдох магадлал багасдаг тул аль болох тод хувцаслаж, чанга дуу гаргаж явах хэрэгтэй. Явах зуур модонд тэмдэг тавьж болно.

Дохио өгөх – Бэртэж гэмтсэн, отогоос хөдлөх шаардлагагүй бол утаа зэргээр дохио өгч болно. Ассан гал дээр нойтон мөчир навч тавивал өтгөн цагаан утаа баргилж холоос хүн харах боломжтой болно. Шүгэлийн дуу чанга, хол сонсогддог тул мөн биедээ авч явахад илүүдэхгүй. Төрөл бүрийн гэрэл үүсгэгч зайлшгүй хэрэгтэй.

Бүү бууж өг – бүү сандар, бүү хашхир, бүү гүй, бүү санаа зов, тайван нухацтайгаар бууж өгөлгүй тэмцээд байх хэрэгтэй.
Төөрсөн хүмүүс явсаар эргээд байрандаа ирдэг гэдэг нь оргүй яриа биш ээ. Ихэвчлэн нэг янзын давтагдсан тогтоцтой ил харааны лавлахгүй газар аялагчдад тохиолддог аж. Энэ нь хөлийн урт богино, биеийн онцлог зэргээс огт шалтгаалдаггүй бөгөөд ой мод юмуу элсэн цөлд яваа хүмүүсийн тархины тэнцвэр хадгалах, хөдөлгөөн зохицуулах хэсэгт зүг чигийн баримжаа болох ил харааны лавлахуудын дүрс очдоггүй, үргэлжилсэн модод, элс гэх мэт дүрс илгээгдэж байдгаас болдог аж. Иймд чиглэлээ алдахгүй явахын тулд луужин, gps г.м чиглүүлэгч ашиглах уул хад, од, нар сар гэх мэт баримжаа авах тэмдэгтэй зүйлсийг байнга ажиглаж явах нь зүйтэй.

Ууланд төөрвөл та дараах арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Мэдээж дээр зөвлөсөн арга хэмжээг авах хэрэгтэй боловч заримыг эсрэгээр нь хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд төөрсөн бол буцаж оргил дээрээ гарч ирсэн зам, уулын байцыг харах хэрэгтэй. Цас, мөс, ангал, байцыг дээрээс харж, хэрхэн ямар замаар аюулгүй буух талаар сайтар тунгаах хэрэгтэй. Том уулс бараа ихтэй, ойр харагдавч явалт ихтэй уудам зайтай байдаг. Хүч, боломжоо тооцож явах хэрэгтэй.

Ууланд авирагчдын хувьд цасан нуранги, мөсөн ангал гээд аюул богоомж бүр их шаардах бөгөөд туршлагатай мэргэжлийн уулчин, хөтөч зааварлагчидаас зөвлөгөө авах нь зохимжтой тул ингээд алгасъя.

Хээр тал, хөдөө төөрвөл та дараах арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй

  1. Хэрвээ тал хээр, говь цөлд төөрвөл өдөр нь аль болох биеийн чийг, энергээ алдалгүй хөдөлгөөнгүй байж байгаад шөнийн сэрүүнд алхах хэрэгтэй. Өдөр нь мэдээж машины эсвэл бусад байдлаар сүүдэр бараадаж аарсан нь зөв, энэ нь шингэний зарцуулалтыг багасгана. Алхах үедээ ааруул, чулуу зэргийг хүлхэж явбал цангах нь бага байдаг.
  2. Өвөл хээр хөдөө, ойд алхаад халууцаж цуцахаар цас иддэг. Энэ нь үнэн хэрэгтээ маш буруу юм, цас таныг улам цуцааж ядраах болно. Өөрөөр хэлбэл та цас идээд, бие тань түүнийг хайлуулахын тулд цас идээд авах калориос илүү их калори шатааж байдаг, мөн дотроосоо хүйтдэж даарснаас осгох ч эрсдэлтэй юм.
  3. Өвөл хүйтэнд бол одоо хөдлөөд байлгүй горьгүй, алхаад бай дулаацана, газар ч хорооно.
  4. Маш сонор соргог байж дуу чимээг сайн сонсох хэрэгтэй.
  5. Өвөл цастай үед бол осгохгүй байх хамгийн чухал зүйл бол хуурай байх явдал юм. Даавуун, ноосон хувцас хөдөлгөөний явцад хөлсөнд чийгтдэг бөгөөд биеийн илчээр хатдаггүй тул аажимдаа хөлдөж жиндүүлснээр осгох нөхцөл үүсгэдэг. Гадна ил агаарын температураас дасан дотор илүү дулаахан, бас нөмөртэй байх тул хунгар цас, моддын ёроолын хөвсгөр цасан дотор шуурганаас хоргодож болно.

Замд гарахын өмнө автомашины шатахууныг хангалттай хэмжээгээр бэлтгэ. Шатахуун бол энэ үндсэн зөвлөгөөнд хамааралгүй ч яалтачгүй анхаарах ёстой зүйл юм. Шатахуун дууссанаас харангадаж, осгож эрсэдсэн тохиолдолд манайд бишгүй олон бий. Өвөл явж байгаад машин суулаа гэхэд ядаад асаагаад доторнь дулаан сууж байж болно шүү дээ. Миний хувьд лав төв замаар л биш бол хэрэ хөдөө явахдаа шатахууны цэг тааралдвал ядаад банкаа дүүргээд хэвшчихсэн.

Хээр хөдөө төөрсөн тохиолдолд мал амьтныг дараах байдлаар ашиглаж болох юм. Харанхуй шөнө төөрөөд хэрэв морьтой явж байгаа бол мориныхоо амыг суллаж, аясаар нь явуулбал гэрээ буюу ойрхон айлд сажлаад очино, эзгүй хээр үхэр сүрэг тааралдвал мөн гилэлгүй аясаар нь туувал гэртээ хүргэдэг. Бог мал ойр бэлчээрийн мал тул их холгүй айл тааралдах болно.

Цасан болон шороон шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед

Шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал үед байрнаасаа холдохгүй байхыг зөвлөдөг, мөн ойр аюулгүй хоргодох газар олох хэрэгтэй.  Газар орноо сайтар ажиглаж явууштай. Хүрэх очих газар маань ямар газар билээ, уулсын хөндий, өгсүүр, уруу, хажуу ээвэр, хад чулуу, мод ургамал, судаа, дов, дэл, цас мөс тааралдвал хаана байж болох, хаашаа явбал болох газрын байц баримжаа авч явах хэрэгтэй юм.

ЗҮГ ЧИГ ОЛОХ АРГУУД

Нараар зүг чиг олох

Нар бол дэлхийн хувьд цор ганц хөдлөшгүй цаг тооны эх юм. Иймд нар зүг чиг, цаг минутыг тогтоох найдвартай чиг баримжаа болно. Нар мэдээж зүүн зүгээс мандаж, баруун зүгт шингэдэг. Дэлхийн тэнхлэг хазгай байдгаас болоод өвөл ба зуны улиралд нарны хөөрөх өндөр мандах шингэх цэг харилцан адилгүй байдаг.

Монгол орны хувьд зуны улиралд нар зүүн зүгээс арай дээгүүр мандах ба өвлийн улиралд харин доогуур манддаг, нарны хөөрөх өндөр ч өвөл зун адилгүй байна. Гэвч үд дунд биетийн сүүдэр эгц болоод хамгийн богино тусахад үд дунд болж, тухайн сүүдэрний цэг чанх хойд зүгийг заах юм.

 

Сараар зүг чиг олох

Сарыг ч мөн адил ашиглаж болох бөгөөд шөнийн цагт нарны тусгалын гэрэлтэлтээр зүг баримжаа авах боломжтой, ингэхдээ оройн цагт гэрэлтэж байгаа тал нь нар шингэх баруун зүг, шөнө дундаас хойш гэрэлтэж буй тал нь нар мандах зүүн зүгийг заадаг. Сарны гэрэл сүүдрийн заагийн хоёр цэгийг холбож шулуун татаад өмнө зүгийг баримжаалж болно.

 

Одоор баримжаалан зүг чиг олох тухай

Алтангадас од

Нар дэлхийг тойрч буй мэт, шөнө одод туйлаа тойрон эргэлдэж буй мэт харагддаг боловч үнэн хэрэгтээ энэ нь дэлхийн бөмбөрцөг тэнхлэгээ тойрон эргэдэгтэй холбоотой билээ. Энэ эргэлтийн тэнхлэгийн хойд тул нь үзэгдэх тэнгэрт Алтангадас одны байрлалтай давхцдаг тул Алтангадас од хөдөлгөөнгүйгээр дэлхийн тэнхлэгийн дагуу хойд зүгийг зааж байдаг юм. Иймд уг одны тусламжтайгаар ямар ч луужингаас илүү, алдаа мадаггүйгээр хойд зүгийг хялбархан олж болно.

Гэвч туршлагагүй хүн одот тэнгэрээс шууд Алтангадас одыг заагаад олоход хүндрэлтэй байдаг тул тодорхой хэлбэр үүсгэн байдаг оддын ордыг ашиглан Алтангадас одыг олж болдог. Үүнээс хамгийн тэмдэгтэй Долоон бурхан од, Хүн таван оддоор хэрхэн Алтангадас одыг тодорхойлж болохыг үзэцгээе.

Үзэгдэх тэнгэрт 7 бурхан одын бусдаас тод харагддаг. 7 бурхан оддын шанага талын захын 2 одыг холбосон шулуун татлаа гэж дүрслээд уг 2 одны хоорондох зайг баримжаалан 5 дахин ихэсгэж авахад уг шулуун дагуу байх хамгийн тод од нь Алтан гадас од юм.

Үүнтэй адилаар үзэгдэх тэнгэрээс хүн таван одыг ялгаж таньж чадвал түүний захын хоёр оддыг холбосон шулуунд ойролцоогоор перпендикуляр шулуун татаж тус зайг хоёр дахин ихэсгэж аваад Алтангадас одыг тодорхойлж болдог байхнээ.

Долоон бурхан од, хүн таван одоор Алтангадас одыг олох арга. Эх сурвалж: twitter.com/umshigc

Бусад одны орд, тод оддыг ашиглах нь

Нэг ёсондоо үзэгдэх тэнгэр дэх оддын проекц дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөнөөс үүдээд эргэлдэж буй мэт харагдавч үнэндээ нэг байрандаа байж л байгаа юм. Иймээс тэдний аль ч одыг ашиглан зүг чиг, цагийг хүртэл төвөггүй тодорхойлж болно. Мэдээж хамгийн тэмдэгтэй нь Алтан гадас од болоод Долоон бурхан од билээ. Үзэгдэх тэнгэрийн оддын зургийг сайтар ажиглаж чадвал ямар од ямар үед хаана байх, хэрхэн хөдлөх хамаарлыг хялбархан ойлгож чадна.

Жишээн нь: Маралын одны орд дахь Гурван марал одны доор орших М42 буюу Маралын мананцарыг ажиглавал өмнө зүгийг байнга зааж байдаг нь ажиглагдана.

 
 
Дэлхийн хойт хагас үзэгдэх тэнгэрийн зураг. Эх сурвалж: twitter.com/umshigc

Бугуйн цагаар зүг чиг олох

Бугуйн цагаар мөн чүг чигийг хялбархан тодорхойлж болох бөгөөд үүний тулд цагийн зүүг наран читээчиглүүлж цагийн зүү ба 12 цагийн хөөрөндөх өнцгийг тэнцүү хувааж шугам татлаа гэж үзвэл тэр нь хойд өмнөд зүгийг зааж байдаг. Мэдээж цаг тухайн орон нутгийн цагаар цагаа тохируулсан байх шаардлагатай.

Үдээс өмнө бол өмнө зүг нь Нарны баруун талд, үдээс хойш зүүн талд нь байна. Жишээ нь, 8 цагт өмнө зүг нь 10-н тоог дайран өнгөрч байгаа шугамын үргэлжлэл дээр оршино. Үд дунд нар өмнө зүгт байрладаг. Энэ аргыг хойд болон дундын өргөргүүдэд хэрэглэх боломжтой бөгөөд өвлийн улиралд нар доор байрладаг учраас зүг чигийг олох нарийвчлал нь зуныхаас илүү байдаг.

Байгалийн бусад өгөгдөл ашиглах

Ургамал

Хөвд хаг мод, хадны хойд талд ургах буюу тэр чигтээ хучигдсан бол хойд талдаа илүү зузаанбайдаг. Монгол орны хувьд ихэвчлэн салхи баруун хойд, хойд зүгээс салхилах тул моддын мөчир навчис урд зүгээд илүү налсан бөгөөд бөхийсөн байдаг. Нарны нөлөөгөөр моддын урд тал буюу наран талын навч шилмүүс илүү өтгөн, том байдаг. Модны холтосны хувьд эсрэгээр сүүдэр талдаа илүү зузаан, том ширхэгтэй байдаг байхнээ.

Ой буюу хэсэг төгөлийн салхин талын захын модод илүү давжаа байдаг бөгөөд түүний нөмөр дэх модод илүү өндөр байдаг бөгөөд үүнийг шаантагны эффект гэнэ. Ойн дунд хэсэгт ургасан модод салхины нөлөө бага байх тул модны ширхэг гэмтэхгүй, илүү өндөр чийрэг байх аж. Ихэнх цэцэгс нар дагаж ургадаг ба өглөөд зүүн, өдөр урд, орой баруун зүгт дэлбээгээ хандуулах нь бий, харин наргүй бүрхэг үед дэлбээгээ хумьчихдаг. Тал газар өвсний налархай салхийг дагаж урагш, зүүн урагш хандсан байх нь элбэг.

Амьтад

Амьдтын зан үйлээр зүг чиг баримжаалахад хэцүү, гэхдээ зарим амьтад тодорхой шинж дохио үзүүлдэг байх нь. Усны шувууд хавар намартаа нүүддэллэх зүгээр ерөнхий баримжаа авч болох юм. Мөн амьтдын үүр ичээ ихэ төлөв салхины нөмөр зүг хандсан байх нь бий. Шоргоолж голчлон модны нөмөр ээвэр талд үүрээ барих тул өмнө зүгийг түүгээр тодорхойлж болно. Аалз тороо салхинд хийчсгэхгүйн тулд салхины чиг дагуулж нэхдэг, монгол орны хувьд энэ нь мэдээж хойд, баруун хойд зүгтэй таарна.

Юмс, үзэгдэл

Монгол орны хувьд салхи ихэвчлэн баруун хойд, хойд талаас салхилдаг ба ялангуяа өвлийн улиралд сибирийн агаарын цулс, циклоноос шалтгаалан хойд зүгээс салхилдаг тул салхины нөлөөгөөр үүссэн элс, цасан хунгарууд бут мод, нөмөр газрын урд талд урагш сунасан байдалтайгаар тогтоно. Хонд, өвөлжөө бууц, айлын гэр байшин ч энэ салхины урсгалыг дагаж өмнө зүгт хандсан байдаг. 

Бусад гарын доорхи материал ашиглах

Зүү, притка гэх мэт хөнгөн металл эдлэлийг луужингийн оронд ашиглах боломжтой. Эхлээд зүүг бага зэрэг үрж соронзжуулах хэрэгтэй, үүний дараа зурагт үзүүлсэнээр усанд хөвүүлэх буюу агаарт дүүжилснээр дэлхийн соронзон орны нөлөөгөөр сүвэгчтэй тал нь хойд зүгийг, үзүүр нь өмнө зүгийг заах юм. Гэхдээ алдаагүй зөв хэмжихийн тулд соронзон орон үүсгэдэг цахилгааны болон холбооны шугам, төмөр замаас хол газар үзэх, мөн үзэхдээ хутга гэх мэт металл эдлэлийг хол байлгах хэрэгтэй. Эс тэгвээс эдгээрийн үйлчлэлээр зүүн луужинд алдаа гарах болно.

 

Газрын баримжаа

Газрын баримжааг тухайн газар нутгийг таних байгалийн болон хүний гараар бүтсэн ил харааны лавлахууд гэж ойлгож болно. Ерөнхий тоймоор голчлон алсаас бараатай уул нуруу, толгодоор баримжаа авч явна. Мөн гол мөрөн, нуураар ч баримжаа авдаг. Уулсаа арлаад, нуурын захаа бариад, голоод дагаад өгсөөд гэхчилэн ярилцахыг олонтаа сонссон байх.

Зорьсон газартаа дөхөхөөр газрын баримжааны илүү нарийвчлал хэрэгтэй болохоор тухайн газар орны газрын гадаргын шинж байдал, онцгой объект, тэмдэглэгээг баримжаа болгоно. Үүнд зориулалтын замын тэмдэглэгээнүүдээс гадна хөрсний шинж байдал, ургамалан бүрхэвч г.м байгалийн бүхий л өгөгдлийг ашиглах боломжтой. Уулын ам, хөтөл, өгсүүр уруу, хажуу ээвэр, мод, хад чулуу, дэл толгод, голын сайр, тойром, говийн судаа, дов дэрс, мараа гээд хүрэх газрынхаа газрын байц, баримжааг мэдэж байвал төөрөлгүй олоход амархан болдог.

Мөн алсаас бараатай айлын байр сууц, өвөлжөө, тэмдэгтэй барилга, худаг усаар ч баримжаалж болно. Харин өвлийн улиралд цас ил харааны лавлахуудыг далдалж баримжаа авахад хэцүү болгодог тул илүү анхаарал шаарддаг билээ.

Харааны баримжаа

Өдрийн цагт шууд хараад газар орны зай хэмжээг барагцаалдаж болох юм, тогтуун цэлмэг өдөр энгийн тал газар гадаргын ерөнхий түвшнээс ажиглалтын өндөрлөг нэг метр дээш болоход vзэгдэх хаяалбарын хязгаар дараах байдлаар өөрчлөгддөг.
Ажиглагчийн өндөрлөгөөс хамаарсан үзэгдэх хаяалбарын зайн өөрчлөлт

 

Гэхдээ энэ зайнд хүн шууд харж чадахгүй, цаг агаарын байдлаас шалтгаалж хүн энгийн нүдээр цэвэр тунгалаг өдөр 50км хүртэл, униартай, дуниартсан өдөр 20км хүртэл, бороотой үед 2-15км, манантай үед 2км хүртэл харах боломжтой юм. Үүнээс том биш хэмжээний байшин гэрийг 10-15км, машин тэргийг 5-10км, ганц нэгээр яваа мал амьтан хүнийг 3-5км зайнаас ялгаж харж болох ба үүнээс дотогш зайд хүн амьтны хөдөлгөөн, хувцасны өнгө, ерөнхий дүрс улам тодорч харагдана.

Модны өндөр, гол, хавцалын өргөн зэрэг хэмжээг баримжаалахдаа дараах аргуудыг хэрэглэж болно.

  • Проекцийн арга: Шууд хэмжиж болохооргүй зүйлийн өндрийг газарт проекц унагах буюу сүүдрийн уртыг хэмжих замаар тотоох боломжтой. Сүүдрийн уртаар олоход тооцоолол хийх хэрэгтэй ба нарны өндөр зэргийг тооцож оруулдаг тул хэрэглэхэд төвөгтэй, иймд шууд проекц буулгасан нь амар юм. Чингэхдээ гараар буюу саваа модоор хажуу тийш 90 градус буулгаж тухайн буулгасан проекцийн уртыг хэмжихэд хангалттай,
  • Пропорцын арга: Урт, өндөр нь тодорхой биеттэй (жишээ нь хүн) харьцуулж пропорцлох замаар урт, өндөрийг тодорхойлох.
  • Наполеоны арга: Гол, хавцал зэрэг шууд туулж болохооргүй саадын өргөний хэмжихдээ энэ аргыг хэрэглэнэ. Проекцийн аргатай ижил боловч хэвтээ хавтгай дээр проекцийг зөөнө гэсэн үг. Гол, хавцалын эрэг дээр зогсоод гараа сунгаж цаад эрэгт хурууны үзүүр байхаар тогтоогоод хажуу тийш 90 градус эргэж голын эрэг дагуу хурууны үзүүр байгаа цэгийг тогтоож, түүнд хүрэх зайг тодорхойлоход болно.

Дуу чимээгээр

Дуу чимээгээр байрлал, зайг багцаалж болох бөгөөд энгийн сонсголтой хүнд дуу чимээ ойролцоогоор дараах зайд сонсогдоно. Гэвч энэ чимээ сонсогдох зай тухайн байгаль, цаг агаарын нөхцлөөс ихээхэн шалтгаална. Тухайлбал ой дотор энэ сонсогдох зай 30 хүртэл хувиар, хүчтэй салхи, цасан болон шороон шуургатай үед 80 хүртэл хувиар буурч болох юм. Энэ дагуу чимээ үүсгэгчийн салхин доод талд бол сонсогдох зай хол зайнаас, салхины дээд талд бол илүү ойр болох юм. Мөн түүнчлэн бороо орсны дараа, шөнө буюу үүрээр агаарын дамжуулах чанар сайжирах тул дуу авианы үүсвэр илүү ойр мэт сонсогдох нь бий.

  • Хүний яриа – 100м
  • Тогоо шанага, багаж г.м харших хангинах – 200м
  • Адуу мал, амьтны хөдөлгөөний шуум – 300м
  • Ойд мод цавчих, хөрөөдөх, хуш түнших – 400м
  • Мод унах хугарах, мөчир хугарах зэрэг огцом чимээ - 800м
  • Чанга хашгирах, нохой хуцах – 1000м
  • Машины дуу, буун дуу – 2-5км

Байрлал тодорхойлох

Та багажгүй ч байгалийн өгөгдлүүдийг ашиглаад байгаа өргөрөг, уртрагаа тодорхойлох боломжтой. Дараах аргыг эзэмшиж чадвал та ерөнхийдөө нэг км-ийн нарийвчлалтай байрлалаа тогтоож чадна гэсэн үг.

Монгол орны хувьд голдочийн дагуу уртрагийн нумын нэг градус ~111км (дэлхийн хаана ч адил), зэргэдийн дагуу өргөрөгийн нумын нэг градус 74км байна. (48-р өргөрөгийн хувьд), ингэхээр өргөрөг уртрагаа минутын нарийвчлалтай тогтоож чадвал байгаа газраа 1км радиус дотор тодорхойлох боломжтой болж байгаа юм.
Дараах солбилцол тогтоох арга нь нэлээд болхи ч сайн хэмжвэл минутын нарийвчлалтай тогтоож болно.

Уртрагийг олоход өдрийн нар ба бугуйн цаг ашиглаж олох нь хамгийн хялбар, шөнийн оддыг ашиглаж болох ч илүү төвөгтэй, тооцоо хийх хэрэгтэй байдаг.
Дэлхийн бөмбөрцгийг зэргэдийн дагуу цагийн 24 бүсэд хуваадаг бөгөөд энэ нь уртрагийн 15 градус тутамд цагийн нэг бүс ногддог гэсэн үг. Энэ цагийн бүсийн эхлэл 0 цагийн бүс Английн Гринвич хотод байрладаг бөгөөд уг цэгийг дайрсан 0 градусын уртраг дагуу дэлхийн шинэ өдөр эхэлж байдаг.

Гринвичид үдийн 12:00 цагт нар яг голлох бөгөөд үүнээс барууш нарны тусгал нэг цаг тутамд 15 градус зайд эгц тусах ба өөрөөр хэлбэл цагийн бүсийн эхлэл бүр дээр тухайн бүсийн цагаар үдийн 12:00 цагт нар эгц тусаж байх юм. Ингэхлээр нарны эгц тусгал 1 цагт уртрагийн 15 градус, 4 минутад уртрагийн 1 градус, 1 минутад уртрагийн 15 минут, 4 секундед уртрагийн 1 минут зайг туулдаг гэж болох нь.

Одоо гол тооцоололдоо оръё. Монгол орон зүүн уртрагийн 87°44ʹ –аас зүүн тийш зүүн уртрагийн 119°56ʹ хүртэл нийт 32 градус 12 минут буюу 2392км сунаж тогтсон цагийн UTC+6, UTC+7, UTC+8 бүсүүдийг дайран оршдог. Орон даяар UTC+8 – Улаанбаатарын цагийг баримтлах тул Монгол орны хаана ч явсан орон нутгийн цаг тохируулах шаардлагагүй.

Одоо та уртраг тодорхойлох байрлалдаа үдийн нар яг эгц тусах цаг минутыг нарийн тэмдэглэж авах шаардлагатай. Үүний тулд нарийн саваа, хадаас зэргийг ашиглаж тодорхой давтамжтай ойр ойрхон сүүдрийн үзүүрийн цэгүүдийг тэмдэглэж нягтлах хэрэгтэй. Одоо нар яг голлоход тэмдэглэсэн цагийг ашиглаж дараах байдлаар уртрагийг тодорхойлно.

Нарны эгц тусгалыг тогтоох арга

Дэлхийн тэнхлэгээ эргэх өнцөг хурд

Улаанбаатар хотын төв цэг 106°55ʹ04″ уртрагт оршдог тул тухайн цэг дээр нар яг эгц тусах цагийг шалгавал өдрийн 12 цаг 55 минутад яг эгц тусаж байх юм. Тооцооллыг доорх байдлаар шалгана.

  • Тухайн цэг дээр нар эгч тусах цэгийг шалгана. (туршилтаар ойролцоогоор 12:55:34)
  • Улаанбаатар UTC+8 цагийн бүсээр явдаг тул Гринвичийн цаг (12:00 + 8:00) – 12:55 = 7:05
  • 7 цаг 5 минут = 7,083333... цаг
  • 7,083333 * 15° = 106°25ʹ
  • Дэлхий яг ч 24 цагт тэнхлэгээ эргэдэггүй, ойролцоогоор 23 цаг 56 минут байдаг бөгөөд Гринвичид яг 12:00 цагт бус 12:02:15 –д яг эгц тусдаг юм байна. Иймээс уг 2 минут 15 секундээр гарсан утгыг залруулах шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл 33ʹ45″ аар уртрагийн утгыг засах хэрэгтэй.
  • 106°25ʹ + 33ʹ45″ = 106°58ʹ45″ за яахав туршилт жаахан алдаатай байсан бололтой эхэнд дурьдсан 106°55ʹ04″ солбилцол гарсангүй, би Улаанбаатарын төв цэгийг 4км орчмоор зөрүүлчихлээ, миний цаг буруу зааж байсан байх аа.

Харин өргөрөгийн хувьд нарыг ашигласнаас шөнө, алтан гадас одыг ашиглах нь алдаа багатай, тооцоолоход хялбар байна. Үүний тулд Алтан гадас одны хөөрөлтийн өндрийг тодорхойлоход хангалттай. Нараар өргөрөг олоход хугацаанаас хамаараад матар мэлхийн зам хооронд аль өргөрөг дээр эгц тусч байгааг тооцох хэрэгтэй болдог тул дэмий арга гэж үзлээ.

Алтангадас од хойд туйлын 90° дээр хөдөлбөргүй зогсож байдаг тул Алтангадас одны хөөрөлтийн өндрийг тогтоогоод 90°-аас хасахад бидний байгаа өргөрөг гарч ирнэ. Транспортир шугам ашиглан өнцгийг хялбархан хэмжиж болох ч транспортир шугам хэнд бэлэн байх билээ, гараа л ашиглана.

Монгол орон хойд өргөрөгийн 52°09ʹ –аас урагш хойд өргөрөгийн 41°35ʹ хүртэл нийт 10 градус 34 минут буюу 1182км хойноос өмнөш зайд тогтсон байдаг. Тэнгэр дэх градусыг хэмжихдээ дараах зурагт үзүүлсэн байдлаар гараа урагш сунгаж барихад градусын баримжаа авч болно. Чигчий хуруу 1 градус, гурван хуруу 5 градус, атга 10 градус орчим байх бөгөөд үүнийг долоон бурхан одон дээр хэмжээсийг үзэж шалгаж болно. За ингээд хотын төв цэгээс Алтангадас одны хөөрөлтийн өнцгөөр тодорхойлбол таван барим ба хоёр чигчий хуруу болохнээ. Энэ нь ойролцоогоор Хөөрөлтийн өндөр = 5*10° + 2*1° = 52°. Өргөрөг = 90° - 52° = 48°

Шөнө хот суурин газар олох

Хөдөө хээр айл, суурингийн гэрэл холоос харагдана, түүгээр чиг баримжаа авах боломжтой ч уулархаг, даваа гүвээтэй, ой модонд төдийлөн харагдахгүй. Энэ тохиолдолд дараах байдлаар суурин газрыг баримжаалах боломжтой юм.

Суурин газрын олон гэрэл үүсгэгч агаар мандалдаа тодорхой хэмжээгээр гэрлийн бохирдол үүсгэж байдаг бөгөөд үүний үр нөлөөгөөр тухайн газрын дээрх агаар үл мэдэг гэрэлтэж харагдана. Хот орчинд шөнийн тэнгэр дэх оддыг харахад бэрх байдаг шалтгаан нь үүнтэй болбоотой юм. Оддын гэрэл суурин газрын агаар дахь гэрлийн шуумд сарниж харагдахгүй байгаа юм. Ийм суурин газрын дээрх агаар хоосон газрын агаартай харьцуулахад 10 орчим хувиар гэрэлтэлттэй байдаг.

Тухайн суурин газрын хүн ам, гэрэлтүүлгээс шалтгаалаад дээрх агаар мандлын гэрлийн шуум харилцан адилгүй зайнаас харагдана. Манай орны хувьд сумын төв, суурин газрууд 10 орчим км зайнаас, аймгийн төв 25 орчим км зайнаас харагдах боломжтой. Улаанбаатар хот маань бараг 100км алсаас агаар нь гэрэлтэж харагддаг шүү дээ.

Цахилгааны, холбооны шугам

Манай орны хувьд нийт 330 орчим сум суурин газар бүгд эрчим хүчний 5 системд холбогдсон байдаг бөгөөд тухайн шугамуудын тулгуур хоорондын зай, дугаарлалтын тогтолцоо зэргийг мэдсэнээр төөрсөн тохиолдолд хот, суурин газрыг илүү хялбар олох боломжийг олгодог. Шонгууд фидер талаасаа эхлэн дугаарлагддаг бөгөөд та ямар нэг шонд хүрвэл түүнийг дугаар ба тулгуур хоорондын зайг ашиглан хүрэх газраа тооцож болно.

Цахилгааны шугам урт болох тусам эрчмийн алдагдал ихсэж байдаг тул янз бүрийн хүчдлийн түвшинтэй шугамнуудын уртад тодорхой хязгаар бий. Ерөнхийдөө манай орны сур сууринг холбосон 10, 15кВ-ын шугамнуудын урт хамгийн ихдээ 100км хүрэх ба ихэвчлэн түүнээс богино байх юм. Шугам хэр уртыг урьдаас мэдэх боломжгүй тул тулгуурын дугаарыг бууруулж дагах нь зүйтэй.

Газрын зураг унших

Ер нь машин болгонд Монгол орны автозамын сүлжээ зураг эрхбиш байдаг байлгүйдээ. Бас газрын зурагтай ажиллаж чадна гэдэгт тань бат итгэлтэй байна. Газрын зурагт газрын гадарга, хаяалбарыг сайтар шинжиж чадвал угтах замын саад бэрхшээл, даваа гүвээ, зам харгуйг төвөггүй уншиж зөв, аюулгүй замаар урагшлах нөхцөл болж өгнө.

Тэнгэр унших

Аялалд гарахын өмнө ер нь зорчих газрын цаг агаарын урьдчилсан мэдээтэй харж байх нь зүйтэй. Манай орны цаг агаарын урьдчилсан мэдээний таарц 70-80% байна, үүнийг шууд цас орох магадлал 70% гэж ойлгож болохгүй л дээ. МУЦУОШТ-д Монголд байгаа хамгийн хүчирхэг суперкомпьютер маш олон өгөгдлүүдийг ашиглан загварчилж цаг агаарын урьдчилсан мэдээллийг бэлтгэж байгаа. Дээрх 70-80% таарц бол цаг агаарын нарийвчилсан мэдээлэл, хур тунадасны хэмжээ, салхины хурд зэргийн зөрүүнээс гардаг гэж ойлгож болно. Иймээс цаг агаарын мэдээнд итгэх хэрэгтэй, цас орно л гэсэн бол орно.

Эсвэл та нарийн мэдээлэлгүй, мэдээлэл авах боломжгүй хээр хөдөө явахад байгалийн гэнэтийн үзэгдлийг тааварлаж, ажиглаж мэдэх зарим уламжлалт аргаас дурьдаж байна. Амьтад цаг агаар, байгалийн үзэгдлийг мэдрэх зөнтэй байдгаас гадна агаарын даралтын өөрчлөлт, чийгшлийг сайн мэдэрдэг нь цаг агаарын өөрчлөлт, бороо салхийг урьдчилан мэдрэх боломж олгодог байх нь.

Үүлний хэлбэр, байдлаар хур тунадас орох, эсэхийг мэдэх боломжтой. Сэмжин, бөөн үүлсээс тунадас унахгүй. Үргэлжилсэн давхраат борооны үүлсээс үргэлжилсэн тунадас унадаг бол, босоо дээш задарч сунасан сууриараа харласан үүлсээс аянга цахилгаантай, хүчтэй аадар бороо ордог. Мөн үүл сөргөж нүүвэл бороо орно, орох тэнгэрийн орой цоорхой гэх зэргээр хэлэлцдэг. Цасан ширхэг, бороон дусал том байх тусмаа орох нь хурдан, эсрэгээрээ нарийн ширхэгтэй хур олон хоног зүсрэх нь бий.

Нар, сар хүрээлэх, одод анивчих зэрэг нь тэнгэр муухайрах, хүйтрэхийн дохио болдог. Оготно, зурам, жирх, сохор номин г.м мэрэгч амьтад нүхнээсээ дайжаад байвал усархаг бороо орно. Зээр гөрөөс, аргаль янгирын сүрэг газрын бэл, нөмөр бараадан бөөгнөрөн идээшилж байвал хүйтэрч шуурга тавих шинж. Зээрийн сүрэг тухайлбал цаг агаар муудахаас 1-2 хоногийн өмнө энгэр дулаан газар бараадан нүүдэллэнэ.

Хэрэм зөвхөн тогтуун тайван өдөр идэш тэжээлээ бэлтгэнэ, үүрнээсээ хол мод дамжин гүйлдэж байвал тогтуун сайхан өдөр болно, эсрэгээрээ хэрэм харагдахгүй бол цаг агаар муудахын шинж, хүйтэрч, салхи шуурга болвол хэрэм нүхэндээ орж битүүлээд хэдэн өдрөөр хэвтчихдэг амьтан. Харин цас орж байхад үүрнээсээ гарж цасан дээр гүйлдвэл удахгүй цаг агаар сайжрах нь байнаа.

Мэлхий мөн цаг агаарын сайн барометр болдог. Хуурай нартай үед бол уснаас холдохгүй, бороо орохыг мэдэрвэл уснаас холдож, бас вааглаад байдаг байхнээ.
Шавьжнууд бол цаг агаарын бас сайн мэдээлэгч болно. Шоргоолж, шумуул, цох гм бүгд аятай сайхан өдөр идэвхтэй байдаг бол тэнгэр муудахыг мэдэрмэгц үүр оромжиндоо орж, модны холтсонд нуугдаж бороо салхийг өнгөрүүлдэг.

Хэрээ, болжмор, турлиах, алагтуу г.м шувууд сүрэглэн нийсээд, эргэлдээд байвал мөн нугас, галуу, цахлай зэрэг шувууд ус голын эрэг бараадаад байвал тэнгэр аягүйдэхийн шинж, харин тэнгэр зохирсон сайхан өдөр хөхөө донгодож, элээ янцгааж эргэлдээд, шувууд шулганалдаад тайван байна.
Нарс, гацуурын мөчир доош унжийвал цас, бороо орох, салхи шуурахын шинж. Цэцэгс дэлгэрч, зөгий эргэлдэж байвал цэлмэг, нартай өдрүүд үргэлжилнэ.


Энэхүү бяцхан зөвлөгөөг залхуугүйгээр уншиж танилцсан аялагч танд талархлаа. Гэхдээ эхэнд дурьдсанаар энэ бол зөвхөн та бүхэнд санаа авч болох зарим аргын зах зухаас хүргэсэн ба тус зөвлөгөөг ганц унших нь хангалтгүй тул та өөрөө аялалд гарч өөрийн биеэр шалгаж туршиж үзэж байж сая баттай ойлголт авна гэдэгт итгэж байна.

Энэ зөвлөгөө таныг болон ойр дотны хүмүүсийг чинь болзошгүй эрсдлээс сэргийлэхэд, давж гарахад өчүүхэн ч атугай нэмэр болсон бол бид баяртай байх болно.



https://ikon.mn/n/1bu4

Эмхэтгэсэн: @umshigc

Эх сурвалж:

  • Tristan Gooley. 2014. The Lost Art of Reading Nature’s Signs.
  • Р. И. Айзмана. Новосибирский государственный педагогический университет. 2004. Основы безопасности жизнедеятельности и первой медицинской помощи.
  • Ш.Төмөрбаатар. Шинжлэх ухааны хэвлэлийн Эрдэм пүүс. 1991. Монгол түмний тэнгэр унших эрдэм.

Санал болгох

Сэтгэгдэл

top