Амьдрал ахуйг зохицуулахад мөнгө хичнээн их чухал байдаг нь тодорхой байсаар атал хүүхдүүдэд маань сургуульд мөнгөний талаар заадаггүй.
Эцэг эхийн хувьд та хүүхдүүддээ санхүүгийн чухал сургаалиудыг өгч болно, өгөх ч хэрэгтэй.
Санхүүгийн төрөл бүрийн хүндрэлд ордгоос нь харахад насанд хүрэгчид ч гэлээ мөнгөний талаар төдийлэн их мэдлэггүй байдаг нь харагддаг. Өмнөх үеийнхэнийхээ алдааг давтахгүй байж, санхүүгийн тогтвортой амьдралтай байлгахын тулд залгамж халаандаа мөнгөний ач холбогдлыг зааж сургах хэрэгтэй.
- гэж Нью Йорк Таймс (New York Times) сонинд шилдэг борлуулалтаараа шалгарсан "Санхүүгийн Арчаатай Бай” (Get a Financial Life) номын зохиолч Бет Коблинэр (Beth Kobliner) зөвлөж байна.
Хүүхдүүд
бүр 3 настайгаасаа эхлэн хуримтлал, зарцуулалт гэх мэт санхүүгийн
ухагдахуунуудыг ойлгох чадвартай байдаг. Мөн Кэмбриджийн Их Сургуулийн
судлаачдын хийсэн судалгаагаар хүүхдийн мөнгөтэй харьцах зан хэвшил 7
настай болоход нь бүрэлдсэн байдаг байна.
Өдөр тутмын амьдрал дахь
мөнгөний талаар хүүхдэд зааж ойлгуулж болох боломж бүрийг (жишээлбэл,
хүнсний дэлгүүрт явж байхдаа 6 настай хүүдээ 2 мянган төгрөг өгөөд жимс
сонгож авахуулах) хэдий эрт ашиглаж эхэлнэ, тэдий чинээгээр хожим бидний
үр хүүхдүүдэд л ашиг тустай. Хүүхдийн санхүүгийн зан төлөвт хамгийн том
нөлөө үзүүлэгчид нь бол эцэг эх нь байдаг. Тиймээс хойч үеийн ухаалаг
хэрэглэгч, хөрөнгө оруулагч, хуримтлуулагч, болон хандивлагч нарыг өсгөн
хүмүүжүүлэх нь биднээс л хамаарах юм.
Хүүхдийн насны ангилал бүрд
тохирсон мөнгөний талаар зааж өгөх хэрэгтэй хамгийн чухал зүйлс болон
тэднийг бодитоор үзүүлэх аргуудыг бид та бүхэнд цуврал байдлаар хүргэх
болно. Энэ удаа:
3-5 нас
Сургааль: Хүссэн зүйлээ авахын тулд хүлээх хэрэгтэй
Энэхүү
ойлголт нь аль ч насны хүмүүст амаргүй зүйл юм. Гэвч шагналыг хойш
тавих чадвар нь хүүхдийг том болоод хэр амжилттай байхыг нь харуулах
тэмдэг болдог байна. Ямарваа нэгэн зүйл авахыг үнэхээр хүсч байвал
түүнийгээ авахын тулд мөнгөө хуримтлуулах, хүлээх хэрэгтэй гэдэгт
хүүхдүүдийг энэ насан дээр нь сургах хэрэгтэй.
Яг л энэ насан дээр нь
сургасан мөнгөний тухай ойлголт дараачийн үеүүдэд нь нөлөөлнө. Эртдэнэ
гэж хэзээ ч байхгүй. Хүнд бэлэг авахаар дэлгүүрт явж байгаа бол "Бид
чамд биш ….-нд бэлэг авахаар явж байгаа учраас чамд юм авахгүй.” гэж
хэлсэнээр дэлгүүр орох болгонд юм авах ёстой биш юм байна гэдэгт
хүүхдүүд маш түргэн суралцдаг.
Бодитоор үзүүлэх арга, жишээнүүд, 3-5 нас:
Паркийн
тоглоомон дээр суулгахаар дугаарлаж байхдаа, хүссэн зүйлдээ хүрэхийн
тулд хүлээж сурах маш чухал гэдгийг хүү/охиндоо тайлбарлаж өгөх
хэрэгтэй.шилэнд мөнгө ялган хийж байгаа хүү
"Хуримтлуулах”,
"Зарцуулах”, "Хуваах” (эдгээр нэршлүүдийг төлөөлөх зургуудыг өөрөөр нь
зуруулан нааж болно, жишээлбэл: зарцуулах гэдэгт өөрийнх нь мэддэг,
дуртай дэлгүүрийн зураг, нэр; хуримтлуулах гэдэгт өөрийнх нь авахаар
зорьж байгаа зүйлийн зургийг г.м.) гэсэн өөр шошготой 3 шил (жишээлбэл:
дууссан жимсний чанамалын шил) бэлд. Хүүхдээ мөнгө авах бүрт нь (гэрийн
ажил хийснийхээ шанд, төрсөн өдөр, шинэ жил, цагаан сарын бэлгэнд г.м.)
авсан мөнгийг нь 3 шилэндээ тэнцүү хувааж хий. Зарцуулах шилэн дэхь
мөнгийг чихэр, наадаг цаас гэх мэт үнэ багатай зүйлс авахад нь
хэрэглүүл. Хуваах шилэн дэхь мөнгийг өөрсдийн таньдаг боломж багатай,
эсвэл гачигдал зовлон тохиолдсон найзад нь өгөхөд ашигла. Хуримтлуулах
шилэн дэхь мөнгө үнэ өндөртэй зүйлд зориулагдана.
Охин/хүүгээрээ
зорилт тавиул, жишээлбэл тоглоом авах. Олон сар хүлээхээр их өндөр
үнэтэй зүйлийг битгий сонгоорой. Энэ нь хүүхдэд сургамжийн утга учрыг
олж харахад хэцүү болгож, шантрахад хүргэнэ. Хамгийн гол сургааль нь
зорилготойгоор мөнгө хуримтлуулж байна гэдгийг хүүхдэд ойлгуулах юм шүү.
Тэрнээс тоглоомны үнэ болох 20 мянган төгрөгийг эцсийн төгрөг хүртэл нь
заавал өөрөөр нь цуглуулуулна гэдэг биш. Амжилттайгаар зорилгыг нь
биелүүлж харуулах нь маш чухал. Хүү/охин чинь үнэ өндөртэй зорилго
тавьбал, өөрийнх нь хуримтлуулж буй дүнтэй ижил дүнг өөрсдийн зүгээс
нэмж өгч хугацааг нь хэт урт болохоос сэргийлж болно. Хүүхэддээ халаасны
мөнгө өгдөг байх эсэх нь гэр бүл бүрийн дотоодын асуудал гэлээ ч, одоо
үед, бага хэмжээний мөнгө өгч байвал хүүхэд эдгээр зорилтуудын төлөө
хуримтлуулж сурах юм.
Хуримтлуулах шилэнд мөнгө хийх бүрт нь одоо
хэдэн төгрөг хуримтлуулаад байгааг нь тоолоход туслаж, зорилгодоо
хүрэхэд хэд дутуу байгаа болон зорилгодоо хэдийд хүрэх талаар нь ярилцаж
байгаарай. Энэ бүх зан үйлдлүүд хүүхдүүдэд маш их сонирхолтой, зугаатай
байх бөгөөд хүлээх, тэвчээртэй байх, хуримтлуулахын ач холбогдлыг
мэдрүүлэх болно гэж Бет Коблинэр зөвлөж байна.
Эх сурвалж: Ариг Банк