|

Аврал эрсэн зэрлэг амьтдыг шуналт анчдаас хамгаалъя

saikhnaa 2018/07/24 1754 0

Дэлхийд хор хөнөөлөөрөө хар тамхины дараа ордог амьтны эд эрхтний хууль бус худалдаа манай улсад хэдийнэ томоохон зах зээлийг бий болгоод байна.

Манай орны ховор, нэн ховор амьтдын тоо толгой сүүлийн арав гаруйхан жилд огцом буурч байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Зөвхөн ховор амьтан гэлтгүй элбэг гэж яригддаг агнуурын ан амьтад болох тарвага, цагаан зээр, саарал чоно зэрэг зэрлэг амьтдын тоо толгой ч эрс цөөрсөөр байна. Ганцхан жишээ хэлэхэд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын судалснаар зөвхөн Монголд байдаг монгол бөхөнгийн тоо толгой энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 3,000 орчимд тоологдож өнгөрсөн оныхоос даруй 40 хувиар цөөрсөн байгаа юм.

Тэжээлийн хомсдол, хүйтрэл зэрэг байгалийн хүчин зүйл нөлөөлж байгаа ч нөгөө талаас хууль бус ан агнуур, ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хууль бус худалдааны улмаас тоо толгой нь цөөрсөөр байгаа нь үнэн. Эдгэшгүй өвчнийг анагаах чадалтай гэж ам дамжсан хоосон ярианууд, ашиг хонжоо хайсан хулгайн анчид, дамлан наймаалагчдын шуналын золиос нь  бөхөнгийн эвэр, бугын цусан эвэр, чонын тархи, гахайн цус, баавгайн өөх гээд тоо тоймшгүй олон эд, эрхтнээр үргэлжилнэ. Ерөөс байгалийн зэрлэг амьтдыг сүйрлийн ирмэгт аваачиж буй гол дайсан нь таван зоосонд нүдээ өгсөн шуналт хүн мөнөөс мөн билээ. Эцэс сүүлдээ хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөггүй эд эрхтэнтэй амьтан бараг үлдсэнгүй.  Бодит алхам хийхгүй бол 2020 он гэхэд унаган байгалийн доройтол 67 хувьд хүрэх тооцооллыг дэлхийн эрдэмтэд хийсэн байдаг. Үүний томоохон шалтгаануудын нэг болох хууль бус агнуур, худалдаа нь өргөн уудам нутагтай манай улсын хувьд хэдийнэ цэцэглэсэн бизнес болоод байна.

НАРАНТУУЛ ДЭЭРХ ХУУЛЬ БУС ХЭРНЭЭ ИЛ ТОД НАЙМАА

Байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйн талд ан агнуурыг амьтан бүрээр хугацаа зааж, агнах тоо толгойг нь баталдаг. Тодорхойлолт, эрхийн бичиг, гэрээ зэрэг зориулалтаас нь шалтгаалсан ангилал бүхий зөвшөөрөлгүйгээр ан агнуур хийх, амьтны эд эрхтэн худалдаалах нь манай улсад хуулиар хориотой.

МУИС-ийн Биологийн тэнхмийн багш нарын хийсэн судалгаанд Монгол оронд долоон зүйлийн шавьж, 19 зүйлийн загас, 26 зүйлийн шувуу, 25 зүйлийн хөхтөн амьтан хууль бус ан агнуурт өртөж байна гэжээ.

Үүн дотроос ойн булга, хадны суусар, халздай дорго, саарал чоно, үнэг, цоохор ирвэс, шилүүс, хүрэн баавгай, аргаль, угалз, бөхөн, хар сүүлт, цагаан зээр, янгир ямаа, бор гөрөөс, халиун буга, хандгай, цаа буга, хулан, зэрлэг гахай, баданги хүдэр, тарвага, туулай, хэрэм гэсэн 25 амьтан хамгийн ихээр өртөж байгааг тодорхойлжээ. Нэн ховор болон ховордсон амьтад энэ жагсаалтад олон байгааг харж болно. Үсийг нь хэрэглэх гэж тарвага, хэрэм, үнэг, хярс, чандага, туулайг олноор нь хөнөөж байгаа бол спорт агнуурын чиглэлээр аргаль, янгир, хур, сойр, тул, зэвэгийг түлхүү агнадаг. Түүнчлэн эмчилгээний зориулалтаар чонын тархи, зээрийн хээл, янгир болон аргалийн цус, гахайн цус, баавгайн өөх, доньд зэргийг, эмийн түүхий эд бэлтгэх нэрээр хүдрийн заар, бөхөнгийн эвэр, бугын цусан эвэр зэргийг зах зээлд үнэ хүргэж байна. Мөн сүүлийн үед шашны зан үйлд зэрлэг амьтдын эд эрхтнийг ихээр ашиглаж байгаа юм. Зэрлэг амьтдын эд эрхтнийг бэлэг дурсгалын чиглэлээр худалдан борлуулж байгаа газрууд Улаанбаатарт олон бий. Харин эмчилгээний зориулалттай эд эрхтэнүүд ихэвчлэн далд, нууцлагдмал байдлаар олон нийтийн цахим сүлжээгээр дамжин худалдан авагчдаа хүрч байна.

Энэ төрлийн наймаа хууль бус хэрнээ ил тод явагддаг Нарантуул зах дээр бид очсон юм. Хуучны эдлэл хэрэглэл, шашны эд зүйлс худалдаалдаг хойд хэсэгт элдэв амьтны савар, хумс, соёо, толгой, өд, арьс өлгөсөн задгай лангуу олон байна. Элбэг тааралдах нь чоно, баавгайн соёо. Хийморлиг, хүчтэй байхын бэлгэдэл болгож чоно, баавгайн соёог алт, мөнгөөр бүрж гоёод хүзүүндээ зүүх нь эрчүүдийн нэг трэнд болж. Ялангуяа урд хөршийнхөн ихэд сонирхож, худалдан авдаг гэнэ. Чонын соёо гоёлгүй бол хэмжээнээсээ хамааран 25-50 мянга, мөнгөөр тоноглон гоёсон нь 70-100 мянган төгрөгийн үнэтэй байв. Худалдаж авахаар сонирхож байгаа хүмүүс чоно, нохой хоёрын соёо ялгахын аргагүй адилхан тул хууртагдахаас сэргийлэн ихэд нарийн үзэж байв. Ховор амьтны жагсаалтад багтдаг хүрэн баавгайн соёо энд лангуун дээр ил хэвтэнэ. Үнэ нь 70-100 мянган төгрөг. Баавгайн савар зарж байгаад баригдсан нэг нь шоронд орох шахсан тул олдохгүй байх гэцгээж байв. Энэ хэсэгт бөөгийн шашныханд зориулсан лангуу тун олон байна. Гол наймаа нь нөмрөг тасын өд, сарвуу, толгой. Нэг ширхэг өд 3-10 мянга, сарвуу 35 мянга, толгой 40 мянган төгрөгийн үнэтэй. Бөөгийн онгодоо авсан бололтой эрэгтэй, эмэгтэй хүмүүс өдний үнийг буулгахаар хаялцаж, ярилцаж байгаа нь олон тааралдав. Зарим нь тас шувууг бүтнээр нь чихмэл болгосныг сураглаж байлаа. Зарааны үс, тарваганы шагай, аргалийн эвэр, үнэгний арьс гээд өнөөх хууль бус гэж нэрлээд байгаа ан агнуурын баримтуудыг ичиж айх юмгүй өлгөсөн, өрсөн харагдана. Бугын цусан эвэр, бөхөнгийн эвэр, баавгайн өөх, савар гээд ховор зүйлсийг нь хаанаас олж болохыг сураглавал орон нутгаас нийлүүлдэг хулгайн анчдынхаа утасны дугаарыг өгч байв. Олон нийтийн фэйсбүүк сүлжээнд ч энэ төрлийн зар элбэг бөгөөд зардаг хүмүүс нь би хулгайгаар ан хийсэн шүү гээд утасны дугаараа ил тод тавьсан харагдана.

ЧОНЫН СОЁОГООР ГАНГАРВАЛ 1.2 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛНА

Нэн ховор болон ховордсон амьтдыг зөвшөөрөлгүй агнасан, худалдан дамласан бол Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн дагуу торгуулах, ял эдлэх хатуу хуультай. Харин бусад төрлийн амьтныг зөвшөөрөлгүй агнавал Амьтны тухай хуулийг зөрчсөнд тооцож Зөрчлийн тухай хуулиар шийтгэдэг. Энэ шийтгэлүүд нь зөвхөн хулгайгаар ан хийсэн, эд эрхтнийг нь дамлан худалдаалсан этгээдүүдэд хамаатай биш юм. Тэднээс худалдан авалт хийсэн хүн бүрт өөрөөр хэлбэл, таны гар дээр хууль бусаар агнагдсан амьтны эд эрхтэн байгаа л бол яг адилхан хариуцлага хүлээдэг. Бүр тодруулбал,

Саарал чонын экологийн үнэлгээ 510-600 мянган төгрөг. 

 

Амьтны тухай хуулийн долдугаар зүйлийн 7.5-д ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар болон төлбөр төлсөн иргэд Засгийн газраас баталсан журмын дагуу төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу барьж агнахаар заасан байдаг. Тус зөвшөөрлийг аваагүй худалдсан, тээвэрлэсэн тохиолдолд дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасны дагуу агнасан, барьсантай адилтган үзэж Засгийн газраас тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөн төлүүлж Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар шийтгэх хуулийн зохицуулалттай. Энгийнээр хэлвэл саарал чонын экологийн үнэлгээ 510-600 мянган төгрөг. Тэгвэл чонын соёо худалдаж байгаа наймаачид болон худалдан авсан, хүзүүндээ зүүсэн хүн бүр 1.2 сая төгрөгөөр торгуулах ёстой юм. Мөн тарваганы экологийн үнэлгээ 170-200 мянган төгрөг. Тэгвэл тарваганы мах идсэнээ олон нийтийн сүлжээнд гайхуулаад байгаа эрчүүд, хүүхдийн тархи толгойнд сайн гээд шагайг нь сураглаад байгаа ээжүүд 340-400 мянган төгрөгөөр торгуулах хуультай.

Харамсалтай нь хуулийн зохицуулалт байгаа хэрнээ илрүүлэлт, урьдчилан сэргийлэлт төдийлөн хангалттай биш байгааг хаана, хаанаа хүлээн зөвшөөрч байна. Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатарт байгаа гадаадын жуулчид олноор үйлчлүүлдэг худалдааны төв, бэлэг дурсгалын дэлгүүр, захууд зэрэг 20 гаруй газарт анхааруулга, зөвлөмжийг өгсөн байна. Түүнчлэн ховор амьтан, ургамлын зүйл тэдгээрийн гаралтай эд хэрэглэл, бэлэг дурсгалын зүйлсийг худалдах, тээвэрлэх, худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж байлаа. Аврал эрсэн зэрлэг амьтдыг шуналт анчдаас хамгаалахын тулд иргэн таны оролцоо асар чухал билээ. Уг нь худалдан авалт байхгүй бол энэ төрлийн бизнес ингэтлээ эрчээ авахгүй, байгаль дэлхийн тэнцвэрээ хадгалж байх учиртай зэрлэг амьтад бүрэн бүтэн оршиж чадна.

Энэ сэдвээр "Зууны мэдээ” сонин үргэлжлүүлэн хөндөх болно.

Б.СОЛОНГО

ЭХ СУРВАЛЖ:

Санал болгох

Сэтгэгдэл

top