Төрийн албанд ажиллаж байгаад үлэмж их хэмжээний мөнгөтэй болсон нэгэн этгээдийг Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, Орхон аймгийн Өмчийн харилцааны газрын удирдах албан тушаалд ажиллаж байсан түүний хөрөнгө орлогын мэдүүлэг тус албан тушаалыг хаших явцад огцом нэмэгджээ.
Тэрбээр эл албан тушаалаасаа огцорсныхоо дараа онц их хэмжээний хөрөнгөөр орон сууцны зориулалттай барилга барьж, өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан байна.
АТГ-аас түүний үл хөдлөх хөрөнгө худалдан авсан хөрөнгөө ямар замаар олж авсныг нь шалгаж эхэлжээ. Тэрбээр энэ их хөрөнгө мөнгийг хаанаас олж авснаа үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй байгаа аж.
Тиймээс АТГ-аас эл их хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны болох нь тогтоогдохгүй байгаа үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, тухайн этгээдийг яллагдагчаар татаж шалгах саналыг прокурорт хүргүүлжээ.
Түүнд Эрүүгийн хуулийн 22.10-т зааснаар "Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх зүйл ангиар эрүү үүсгэж, ялагдагчаар татахаар төлөвлөсөн байна. Түүний гэм буруутай тогтоогдвол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай аж.
22.10 дугаар зүйл. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
1. Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.