Н.Алтанхуяг ажилдаа оржээ. АН-ыг УИХ-ын 2016 оны сонгуулиас өмнө амжиж хорлох ээлжит төлөвлөгөөгөө тэр зохиов бололтой. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамт эрх мэдлийн "Оргил” өөд алхах гэсэн нь АН-ынхны эсэргүүцэлтэй тулгарч, Ерөнхий сайдаасаа огцорсон нь саяхан. Сонин юм шүү. Нэг нь Монгол төрийн бүх л өндөр албан тушаалыг хашиж, бараг л хаан мэт өргөмжлөгдөж явсан. Харин нөгөө нь эрх баригч намын дарга, Ерөнхий сайд... Ийм хоёр эрхэм намд ч, төрд ч 2024 он хүртэл "Хаан” хэвээр байх мөрөөдлөө хамтдаа биелүүлэхээр цаасан дээр үзэглэсэн нь Н.Алтанхуягийг огцруулах хамгийн том шалтгаан болсон. "Сонгуульд нэг эвсэл болж оролцоогүй тохиолдолд УИХ-ын сонгуулийн мажоритари тойрогт хоёр намын нэр дэвшигчид нэг нэгнийхээ саналыг хуваахгүй байх зарчимд нийцүүлэн хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь уялдуулан зохицуулах зарчмыг баримтална. АН ба МАХН нь хамтран ажиллахдаа ерөнхий гэрээнд тохирсон зарчимд нийцүүлэн нийслэл, хөдөө орон нутагт нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсон хүчнийг дэмжиж ажиллана” гэсэн заалтууд нь Э.Бат-Үүл тэргүүтэй нөхдийг ёстой л бархирахад хүргэсэн билээ. Тиймээс нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "АН-ын дарга Н.Алтанхуяг эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд увайгүй үйлдлүүдийг их хийж байна. Энэ хүн авлигатай тэмцэх мөрийн хөтөлбөртэй АН-ын эсрэг гэрээ хийж, "Авлигын загалмайлсан эцэг” гэгддэг хүнийг өөгшүүлж буй нь зүй бус үйлдэл. Н.Алтанхуяг АН-ыг улс төрийн золиос болголоо” хэмээн мэдэгдэж байсан юм. Арга ч үгүй биз. УИХ-ын 2016 оны сонгууль эхлэхэд тун бага хугацаа үлдсэн. Дээр нь Н.Алтанхуяг АН-ын дарга, Ерөнхий сайдын хувьд "Монгол Улсыг галзуу хөгжүүлнэ”, "2016 он гэхэд Улаанбаатар хот утаатай хэвээр байвал надад хариуцлага тооцоорой” гэж мэдэгдсэн ч биеллээ олсон нь бараг үгүй. Эсрэгээрээ "Монгол Улсыг бондын өрөнд тавих уу, аль эсвэл иргэн бүр 6.4 сая төгрөг төлж, их өрөөс нь төлөлцөх үү” гэдэгтээ туллаа. Н.Алтанхуягийн Засгийн газрын үеийн алдааг засах гэж ард түмэн, АН, Монголын төр үйлээ үзэж байна.
Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрт адилхан
араншин бий. Албан тушаал, эрх мэдэлд хүрэхээрээ буухаа мэддэггүй,
хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд хууль зөрчихөөс сийхгүй,
тойрон хүрээлэгчдэдээ албан тушаал бэлэглэдэг, ард түмний мөнгөөр
тансагладаг... Иртэй, бяртай байхдаа авлига, албан тушаалын гэмт
хэргүүдтэй тэмцэх биш, харин тэнцдэг нь тэдний зан. Н.Алтанхуяг тэнэг л
биш бол 2012 оны сонгуулийн өмнөхөн "Авлигын загалмайлсан эцэг” гэгддэг
Н.Энхбаярт "Номхотгох цамц” яаж өмсгөснийг мэддэг л байлтай. Тэр тусмаа
энэ эрхэм Монголын төрд "Хаан” байсан түүх "Бор оймсны явдал”-аар хэрхэн
төгсгөл болсныг Ц.Нямдорж шиг гэртээ зурагтгүй л биш бол үзсэн баймаар.
Гэтэл мань эр нам нь сонгуульд ялж, өөрөө Ерөнхий сайд болмогцоо
Н.Энхбаярын түүхийг яг давтаж эхэлсэн. АН сөрөг хүчин байхад таван
сайдтайгаа хамт МАН-ын "Халаасны өрөө”-нд толгой хоргодож явснаа мартаж,
"Шударга ёс” эвслийнхэнтэй хамтран танхимаа бүрдүүлсэн. Тэгмэгцээ нам
доторхи фракциудынхаа амыг албан тушаалаар таглаж, тойрон хүрээлэгчид,
ойр тойрныхондоо эрх мэдэл, төсвийн мөнгөөр бэлэг барьдаг байсан нь
нэгэнт ил болсон асуудал. Товчхондоо, Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад
ахлах зөвлөх Л.Гансүх тэргүүтэй хүмүүс "Нүүрс” хөтөлбөрөөс 13 тэрбум
төгрөг завшсан нь тогтоогдсон, алдарт Г.Дэнзэнгийн 17 тэрбум төгрөгийн
тухай дуулиан "Эрдэнэс Тавантолгой” компаниас 4.8 тэрбум төгрөг
гаргуулснаар үргэлжилсэн, тэр ч атугай төрсөн охин А.Саранзаяа нь "Цэвэр
агаар сан”-аас мөнгө завшсан гэх хэрэгт нэр холбогдсон зэрэг авлига,
албан тушаалын гэмт хэргийн уртаас урт жагсаалт үргэлжилж байв.
Н.Алтанхуяг ба түүний тойрон хүрээлэгчдийн авлигатай тэнцсэн түүхийн
заримаас нь дурдвал ийм юм. Гэвч энэ түүх, тэр жагсаалт агуулга,
хэлбэрийн хувьд улам баяжсаар байна.
Н.Алтанхуяг АТГ-аас өшөөгөө авахаар
шийдсэн бололтой. Ахлах зөвлөх Л.Гансүх нарыг нь "Нүүрс” хөтөлбөрөөс их
хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжиглэн саатуулж, "Эрдэнэс
Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийг албан тушаалаа
урвуулан ашиглаж "Говь повер” ХХК-д 4.8 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх
үндэслэлээр баривчилж, хүргэн Г.Дэнзэнг нь "Албан тушаалаа ашиглаж,
улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй” хэмээн хорьсны
хариуд тэрбээр УИХ-ын гишүүний хууль санаачлах бүрэн эрхээ ашиглаж,
АТГ-ын эсрэг төлөвлөгөө боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан
шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын
тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа өнгөрсөн
долоо хоногт УИХ-ын даргад өргөн барив. Хамгийн сонирхолтой нь мань эр
энэхүү хуулийн төслөө Засгийн газраар хэлэлцүүлж дэмжлэг авсныхаа дараа
УИХ-д өргөн барих ёстой. Гэтэл Засгийн газраас "Хуулийн төслийг дэмжих
боломжгүй” гэж хариу өгчихөөд байхад процессын алдаа гаргаж, УИХ-ын
даргад өргөн барьсан аж. За энэ ч яах вэ. Н.Алтанхуяг мэдэхгүйдээ биш,
мэдэн будилсан дүр эсгээд өргөн барьсан учраас дэгийн дагуу дээрх
хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь УИХ-ын шийдэх асуудал биз. Харин
Н.Алтанхуягийн ашиг сонирхлын зөрчил бүхий хуулийн төсөлд юун тухай
дурдсаныг харцгаая.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд
нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлд "Төрийн
албан тушаалтан албан эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулах, эрх мэдлээ
хэтрүүлэх, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх
мэдлээ урвуулах, хэтрүүлэх, төсвийн мөнгийг зориулалтын бусаар ашиглах,
хууль бусаар хөрөнгөжих, мөнгө угаах гэснийг тус тус хассугай” гэжээ.
Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийн зөвхөн энэ хэсгээс харахад,
тэрбээр ахлах зөвлөх Л.Гансүх тэргүүтэй бусад хүн, мөн хүргэн
Г.Дэнзэнгээ ял шийтгэлээс хэлтрүүлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ
түрээ барьж УИХ-д хууль бус тулгалт хийж эхлэв үү гэлтэй. Өөр нэг
сонирхол татах заалт нь Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах
албыг сэргээн байгуулах тухай юм. Нэг ёсондоо АТГ-аас энэ албыг салгаж,
мөрдөн шалгаж буй хэргүүдэд ял төлөвлөх, аль эсвэл хэрэгсэхгүй болгох
эрх бүхий байгууллагатай болохыг Н.Алтанхуяг хуулийн төслөөрөө дамжуулан
"захиалж” суугаа нь сэжигтэй биш гэж үү. Ер нь тэрбээр ийм хуулийн
төсөл санаачлах эрх бүхий гишүүн мөн үү гэдэг нь ч бас анхаарал татна.
Учир нь түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс, хүргэн нь авлига, албан
тушаал, төсвийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан гэх хэргүүдэд
сэжиглэгдэн шалгагдаж, бүр хоригдож байгаа. Гэтэл экс Ерөнхий сайд
тэдний үйлдсэн гэмт хэргүүдтэй холбоотой заалтуудыг Эрүүгийн байцаан
шийтгэх хуулиас хасуулж, АТГ-ыг цагаан захтнуудын хэргийг шалгах эрхгүй
болгож, Прокурорын мөрдөн гэх бас нэгэн данхгар албыг дахин байгуулах
хүсэлтэй байгааг "Ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлж байна” гэж үзэхээс
өөр аргагүй. Тахарын албыг "Төсвийн мөнгө их хэмжээгээр зарлагадаж
байна, бас хэт данхгар байна” гэж татан буулгахдаа тулж байж Улсын
ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг дахин сэргээх тухай
хуулийн төслийг Н.Алтанхуяг өргөн барьсан нь ёстой л тал еэвэнгийн
үлгэрийг санагдуулам шог үзэгдэл. Тэгээд ч дээрх албыг АТГ-т нэгтгэсэн
нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад хийсэн ажил шүү дээ.
Сүүлийн үед зарим хэвлэлд
"Прокурорын мөрдөнг АТГ-т нэгтгэх тухай заалт хуулийн төсөлд тусгасныг
тухайн үед УИХ-ын гишүүд анзааралгүй баталчихсан” гэж бичих болжээ. Юу
гэсэн үг вэ?! Бүхэл бүтэн байгууллагыг өөр нэг байгууллагатай нэгтгэхийг
эрхэм гишүүд төслөөс олж уншаагүй байна гэж байх уу. Хуулийн төсөл
санаачлагчид болон ажлын хэсгийнхэн дээрх асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед
танилцуулалгүй орхино гэж үү. Тэр дундаа хууль, шүүхийн салбарт хийх
шинэчлэл улстөрчид, хуульчдын дунд ид яригдаж байхад уу! Үгүй ээ, тийм
байх ёсгүй. УИХ-ын гишүүд ажлаа таслаад төслөө ч уншаагүй байлаа гэхэд
хууль санаачлагчид нь чуулганы танхимд "уншиж” өгч, хуульчид ч хэвлэлээр
дамжуулан саналаа хэлж байсан нь ойлгомжтой. Харин тухайн үед АН-ын
дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Мөрдөн байцаах албыг АТГ-т нэгтгэх
талаар огт мэдээгүй, сонсоогүй, бас тэрхүү хуулийн төслөөс олж уншаагүй
бололтой. Хэвлэлээр үг дайлгаад байгаагаас нь харахад шүү дээ. Хэрэв УИХ
Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийг баталбал ямар үр дагаварт
хүрэх вэ. АТГ албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэргүүдийг, тэр дундаа
авлига, хээл хахуулийн хэргийг шалгах эрх зүйн чадамжгүй болно.
Ингэснээр Монгол Улс авлигатай тэмцэх алхмаасаа нийтээрээ нэг алхам
ухарна гэсэн үг. АН УИХ-ын 2012 онд авлигагүй нийгмийг цогцлоох тухай
амлаж байснаасаа буцах болно. Авлигын индексээрээ олон улсад овоо хэдэн
байраар хойшилж байсан манай улс Н.Энхбаярын үе шиг "Аалзны тор”-ндоо
баригдаж эхэлнэ. Товчхондоо, авлигачдын нуруу тэнийж, ард түмний нуруу
бөхийнө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуульд нэр дэвшихдээ үүний эсрэг
уриа дэвшүүлсэн байдаг байх аа!
АН-ын гишүүд ээ, экс даргадаа НҮБ-ын
Авлигын эсрэг конвенцийг уншаад өгчихөөрэй. Монгол Улс 2005 онд
баталсан энэхүү конвенцид авлига төрийн тогтворгүй байдалд хэрхэн
нөлөөлдөг, төрийн албан тушаалтан, түүний ойр дотныхон, хамаатан
садангууд хууль бусаар баяжвал ямар хариуцлага тооцдог талаар тов
тодорхой заасан нь бий. Танай намын экс дарга энэ конвенцийн гол, гол
заалтуудыг зөрчиж, АН-аас 2012 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт заасан
заалтуудаас ухарч, сонгуулийн амлалтуудыг чинь баллуурдаж, ахлах зөвлөх
Л.Гансүх, хүргэн Г.Дэнзэнгээ хамгаалахын тулд төрийн хуулийн эсрэг
хувийн ашиг сонирхол бүхий хуулийн төсөл өргөн барьжээ. Эртхэн
цаламдахгүй бол Н.Энхбаярын түүхийг давтаж мэдэх нь энэ Н.Алтанхуяг.
Авлигатай тэнцсэн Н.Алтанхуяг АТГ-ын эсрэг хөдөлж, эрх зүйт төрийг
сульдаах ээлжит алхмаа хийж эхэлсэн учраас ийн сануулав. Эцэст нь
"УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг таны бүрэн эрх ахлах зөвлөх Л.Гансүх, хүргэн
Г.Дэнзэн нарыг тань аварч чадах болов уу. Найзуудаа аврах гэсэн биш
намаа хорлоод байгаа юм биш биз” гэж асуумаар байна.
Ж.ГАЛ
Эх сурвалж http://www.info.mn