|

УИХ ээлжит бусаар хуралдах магадлал өндөр байна

nomun 2018/09/11 506 0

Энэ намрын улс төр  УИХ-ын ээлжит бус чуулганаар эхлэх магадлал өндөр болоод явчихлаа.

Гадна өнгөндөө улс төр унтаа мэт байвч, цаанаа бол Л.Оюун-Эрдэнэ гишүүний өдрийн бодол шөнийн зүүд болсон Ээлжит бус чуулган зугуухан амилж байгаа гэх мэдээлэл байна. УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэх хугацаа хаяанд ирчихсэн, ердөө 20-иодхон хоногийн зай байгаа ч наана нь ээлжит бус чуулган зарлах тухай  сураг ажиг байна.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав өчигдөр Эрдэнэтийн асуудлаар хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр  "Ээлжит бус чуулган зарлах уу. Даргын зөвлөл дээр юу гэж ярьж байгаа вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад:

-Даргын зөвлөлөөс Хууль зүйн байнгын хороог гишүүдээ цуглуулж хуралдуул гэдэг чиглэл өгсөн. Хууль зүйн байнгын хороо хуралдангуут даргын зөвлөл хуралдаад ээлжит бус зарлая гэсэн чигтэй л байгаа” хэмээн хариулаад  намрын чуулган эхэлэхэд цөөхөн хоног үлдэж байгаа ч  "Ээлжит бус зарлаж таарах байх” хэмээн тодотгожээ.

Энэ бол УИХ-ын дэд даргын үг учраас нэлээд нотолгоотой мэдээлэл байж таарна.

Гэхдээ Хууль зүйн байнгын хороо энэ ахархан хугацаанд гишүүдээ цуглуулж хуралдаж чадах эсэх нь бас эргэлзээтэй. Эрхэм гишүүдийн ихэнх нь орон нутаг, тойрогтоо гэсэн тодотголтойгоор голдуу эзгүй байгаа. Ээлжит бусын хуь заяаг шийдэх учиртай Хууль зүйн байнгын хороо хуралдах  асуудал аль зунаас л яригдсан  хуучин сэдэв.  Эргэлзэх энэ мэт шалтгаан бий.

Хэрэв энэ удаад УИХ ээлжит бусаар хуралдвал өнгөрсөн жилийн өдий үеийн дүр зургаа энэ жил дахин давтаж байна гэсэн үг.

Нэг жилийн өмнө УИХ ээлжит бусаар хуралдаж Засгийн газраа огцруулж байсан билээ.  Харин энэ удаагийн ээлжит бус чуулганы гол хүсэмжлэл нь 60 тэрбумын асуудал мөн АТГ-ын одоогийн удирдлагуудыг огцруулж шинээр томилох явдал гэж байгаа.  АТГ-ын шинэ дарга нарын нэрс, таамаглал ч нийгэмд бараг тодорхой болчихоод байгаа билээ.

Уг нь хаврын чуулганы хаалтаас өмнө УИХ ээлжит бусаар хуралдаж Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэнэ гэж зарим гишүүдийн зүгээс мэдээлж байсан ч эцэс сүүлдээ томилгоо болж өнгө хувираад байгаа нь энэ юм.

УИХ ээлжит бусаар хуралдах магадлал өндөр байна

 


Санал болгох

Сэтгэгдэл

top