|

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн худалдааны газар болжээ

nomun 2018/09/11 739 0
 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн худалдааны газар болжээ

 

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдрийн хуралдаанаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалт болон Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам батлах, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 80 жилийн ойг тэмдэглэх зөвшөөрөл олгох зэрэг асуудлыг хэлэлцсэнээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шалгалт хийсэн талаар нэлээн тогтож хэлэлцэв.
Иргэдээс ирүүлсэн санал гомдол, өргөдөл, цахим орчинд тавьсан мэдээллүүд, Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өмнө нь өгсөн үүрэг даалгаврын дагуу НМХГ-аас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтад улсын 13 ахлах байцаагч оролцож үйлчилгээний стандарт, дэд бүтцийн тохижолт, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлыг шалгажээ. Шалгалтын явцад 26 ТҮЦ, 85 иргэний худалдаа, үйлчилгээний цэг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг тогтоож зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авчээ. Хуушуур, шорлогоос гарах хиншүү, БНХАУ-аас оруулч ирсэн стандарт шаардлага хангаагүй чанаргүй элдэв тоглоомын худалдаа зэрэг нь цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлж буй иргэд хүүхдүүдийн тав тухтай амрах байдлыг зөрчиж байна гэв. Мөн худалдаж буй зайрмаг, хөөсөн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүн нь гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээгүй эрүүл ахуйн баталгаагүй зэрэг зөрчил илэрчээ. 
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын захирал С.Эрдэнэтуул, "Манай хүрээлэн 2009 оноос үйл ажиллагаагаа эхэлж, би 2016 онд Алтанцэцэг даргаас ажлаа хүлээн авсан. Манайх одоогоор 4 том төсөл хэрэгжүүлж байна. 419 сая төгрөгөөр байт харвааны шинэ төвийг хувийн хэвшил, ТББ-ынхан өөрсдийн санаачлага, хандив тусламжийн хөрөнгөөр барьж байгуулсан. "Жигүүр Гранд” ХХК шинэ гүүрэн гарцууд барьж байгаа. Нийслэлийн төсвөөс 355 сая төгрөгөөр 973 га-д экстрем спортын талбай байгуулах гэж байна. Мөн "Монгол гэр” төсөл хэрэгжиж эхэлсэн. Хүрээлэнгийн хувьд "Маршалл таун” хорооллоос буюу баруун талаасаа гарцтай болох ажлыг хийх гэж байгаа. Хотоос өгч буй төсөвт хөрөнгө бол арчилгаа тордолтод хүрдэггүй. Зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй, гэрээтэй гэрээгүй ажиллаж байгаа үйлчилгээ, худалдааны газруудыг харуул манаа тавиад бид ялангуяа шөнө оройн цагаар тэр бүр хянаж зохицуулж амжихгүй байна” гэв. Энэ талаар НИТХ-ын Тэргүүлэгчид "Бид зөвхөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэлтгүй үйлчлгээний стандарт барьдаггүй бусад газруудад хяналт шаардлага тавин ажиллах хэрэгтэй байна” гэсэн санал хэлж байв. НИТХ-ын дарга С.Амарсайханы хувьд "Нийслэл хотын оршин суугчдаас аваад зочин гийчин жуулчид саатан зугаалж байх ёстой Үндэсний цэцэрлэгт хүрээлэн маань үйлчилгээний гэхээсээ илүү худалдааны газар болон хувирчээ. Тиймээс ийм газруудад газрын харилцаа, газар өмчлөлөөс эхлээд гэрээний хэрэгжилт, биелэлт, үйл ажиллагаанд хяналт тавьж нэгдсэн журам, нэг стандартын шаардлагаар ажиллах хэрэгтэй байна. НМХГ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр учир дутагдалтай, хангалтгүй ажилласан байна” хэмээн шүүмжлэлтэй хандаж байв.

Санал болгох

Сэтгэгдэл

top