Жил жилийн намрын чуулганаар төлөвлөсөн сэдвээсээ хазайхгүйгээр хэлэлцэх зайлшгүй шаардлагатай асуудлуудыг нэн тэргүүнд тавьж төлөвлөсөн төлөвлөгөөд батлагдах ёстой хууль эрхзүйн орчноо сайжруулах шаардлагатай байна. Тодруулбал, Зөрчлийн хууль, Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт болон Татварын багц хууль орсон. Түүнчлэн Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг эрэмбэлэгдэж байна.
Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл, "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Монгол Улсын Их хурлын тогтоолын төсөл ч багтаж байгаа. Нийслэлийн оршин суугчдын эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт бүх нийтийн анхаарлын төвд байгаа. Хуулийн өөрчлөлтийн хэлэлцэхээр хоёр ч удаагын чуулганд оролцуулсан боловч одоог хүртэл хойшлогдсоор. Хуульд оруулах өөрчлөлтийг 2017 оны хавар ард түмнээр хэлэлцүүлж, 5.6 сая орчим саналыг нэгтгэж хуулийн төсөлд тусгасан хэмээн ажлын албаны мэргэжилтнүүд мэдээлж байгаа юм. Үндсэндээ бэлэн болчихсон зүйлийг хэлэлцэж батлах л үлдээд байгаа юм.
Мөн түүнчлэн 11 дүгээр сарын дунд үе хүртэл дараа жилийнхээ төсвийг хэлэлцэн баталсан байх шаардлагатай байдаг. Ингээд л улс төрчдийн "намрын синдром” эхэлж, гэнэт л ухаан орсон мэт хууль баталж бүгдийг улс төржүүлж, хэл ам болгоно.
Үүнээс гадна 42-р тойрогт болох сонгуультай холбоотой Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авах асуудлыг түрүүнд хэлэлцэх нөхцөл байдал үүсээд буй.
УИХ-ын тухайн сонгуульд нэр дэвшигч нь сонгууль болох хугацаанаас зургаан сарын өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байх ёстой гэх хуулийн заалт бий. Гэвч СЕХ-ны товлосон 10-р сарын 6 гэх хугацаа нь төрийн албан хаагчдын нэр дэвших эрхийг хязгаарлаж байна хэмээн ҮХЦ-ын дүгнэлт гарсан билээ. Уг хуулийн зохицуулалтаас шалтгаалаад тухайн тойргын сонсогчид нэг жилийн хугацаанд төрд өөрсдийн гэх төлөөлөлгүй болж, хуулийн зохицуулалт оновчтой биш байгааг харуулж байна.
Иймд Зөрчлийн тухай хууль болон зарим хууль зүйн заалтуудыг шинэчлэн найруулж, төсөвт тусгасан асуудлуудыг хэлэлцэн оновчтой шийдэлд хүргэх, зайлшгүй шаардлагатай эдгээр асуудлуудыг хамгийн эхэнд авч хэлэлцэх шаардлагатай байгаа юм.
Т.Номун