|

Залуусыг эвддэг “цех”

namuunaa 2015/06/17 400 0

 

НАМЗХ бол 4 үеийн түүхтэй залуучуудын байгууллага. Эгнээндээ 65000 гаруй залуусыг нэгтгэсэн эл байгууллага Монголын залуусын дуу хоолойг нэгтгэж байна... гэсэн сурталчилгаа интернэт сайтад тавигдсан байх. Хуучин соц үеийн батлан хамгаалахын таван дивиз, анги нэгтгэлтэй тэнцэх тооны залуусыг эгнээндээ багтаасан НАМЗХ /Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо/ нь статусаараа бол ТББ. Махны холбоо, Шашнаа аврах холбоо, Ном баригчдын эвлэл гэх зэрэг зүсэн зүйлийн нэртэй нийгэмд, гишүүддээ үйлчилдэг улсын бүртгэлийн гэрчилгээтэй 3000 гаруй ТББ-ын л нэг. Гэхдээ НАМЗХ бол их онцгой байгууллага гэж болно. Манай ТББ-ын80 орчим хувь нь нийгэмд үйлчилдэг гэдэг бол энэ ТББ намдаа үйлчилдэг.

 

Төрд гарах залуусын хүслийг биелүүлдэг урсдаг шаттай. Энэ шатан дээр хөл тавьж бариулаас нь атгачих санаа өвөрлөсөн залуус пиг. Энэ янзаар нь залуусаа явуулаад байвал өндөр цалинтай ажлын байртай үйлдвэрийн гадаа ийм их дараалал үүсэхийг бид хэзээ ч харахгүй байх.

 

Тус холбооны тариан түрүүний голд гал улаан сарнай атгасан бядлаг гартай байсан эмблем нь солигдоод удаагүй. Улаан сарнайнаасаа зугатаасан учир тодорхой. Нам нь ихэрлэж ах нар нь сарнайгаа булаалдаж дотоодын дайн хийж эхэлсэн тул нэр билэгдлээ сольсон.

 

4 үеийн түүхтэй гэдэг залуучуудын энэ байгууллагын улс орны хөгжилд залуусын оролцоо манлайллыг нэмэгдүүлэх ариун зорилго нь цаасан дээр үлдэж улс төрийн амбицдаа идэгдэж эхэлсэн харагдана. Сайн хэлж мэдэхээр бол энэ ТББ-ын дээд удирдлагад нь гарсан бараг бүх залуу улс төрд маш хурдан байр сууриа олж доод тал нь газрын дарга, дээшээ яривал сайд, дэд сайд, Их хурлын гишүүн, бүр намынхаа дарга ч болж байсан. Аймаг нутаг оронд бол ядаж л хүүхдийн төлөө төвийн дарга, нэг бол тамгын газрын нэг чухал түшмэл болж чадсан харагддаг. Цэвэр улс төрийн нам дагасан байгууллага хэдий ч хөрөнгөлөг баян гишүүн, дэмжигч олонтой.

 

Гишүүдийнх нь энэ чанараар нь харах юм бол манай улсад намын залуу халаа болж улс төр хийн түшмэл дарга хийх хүсэлтэй 60-аад мянган залуу байна гэж хэлж болно. Нөгөө талд нь АН-ын залуучуудын байгууллага бас бий. Тэнд энэ намын хэдээс дутахгүй олон залуу мөн л улс төрд томрох замаа засан "сайн ах”-ын эрэлд хатаж яваа хэрэг.

 

Нам дагасан ТББ-ууд эцсийн дүндээ бол сүмийн номлол гэдэг шиг маш сайхан орчин, уриа дуудлагаар залуусыг олноор татаж өөрийн намд гишүүнчилж сонгуульд ялалт авчрах саналын багц боох үндсэн үүрэгтэй байдаг. Энэ зорилгоор үйл ажиллагааг нь дээрээс нам нь голлон санхүүжүүлдэг. Юуны чинь дэмжигч гишүүд, олон нийтийн хандив. Суух тансаг оффис, унах унаа, хуралдах заал бүгдийг шууд дээрээс нь хангаад өгнө. Хэдэн залуусыг сайхан хувцаслаад эрхлээд суугаад бай гэж энэ бүхнийг өгдөггүй. Олон залуусыг намдаа элсүүлээд ир гэж шаарддаг. Намууд ямар үйлдвэр биш. Юуны цэвэр орлого байх. Манай нөхцөлд төрийн эрх барьж төсвийн мөнгө хуваарилахгүй л бол санхүү нь хэцүүднэ. Гэхдээ ямар ч хүнд үед намууд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудыг "хариулж” байдаг ТББ-ууддаа мөнгө хаяж л байдаг бичигдээгүй хуультай.

 

Нийгмийн харилцаа төгөлдөржихийн хэрээр ТББ-ууд олноор бий болох нь эрүүл үзэгдэл гэдэг. Нийгмийн хөгжлийн явцаар хэрэгтэй нь бэхжин оршиж, хэрэггүй нь тарж алга болдог. Харин улс төрийн нам дагасан ТББ бол өөр. Нам дагасан ТББ-ууд залуусыг хамгийн хурдан эвддэг "цех” болжээ. Улс орноо хөгжүүлэхэд оюун ухаанаа уралдуулна, мэдлэг боловсрол эзэмшиж нийгэмдээ байр сууриа олоход нь туслана гэсэн урианд нь татагдаж сэтгэл зөв, урам төгс ирсэн залуусыг бохир тоглоомонд гаршуулж байх шиг.

 

...Тэгш эрх, шударга ёс, эв нэгдэл, хүмүүнлэг чанар, эх оронч үзэл, үндэсний бахархал, даяаршсан сэтгэлгээ гэсэн үнэт зүйлсийг эрхэмлэн... Монголын залуучуудын хүсэл сонирхлыг илэрхийлэн хамгаалж, улс орны болон нийгмийн хөгжил дэвшилд залуу хүн бүрийн оролцох оролцоог нэмэгдүүлэх эрхэм зорилгыг тунхагласан НАМЗХ-ны удирдлагууд нь бие биенээ хэвлэлээр бамбайлан хутгалж байгаа одоогийн жишээ энд хангалттай.

 

Номтойбаяр нь дарга болно уу, Номгүйбаяр нь оройлно уу. Жирийн бидэнд ямар ч хамаагүй л дээ. Энэ тухайн ТББ-ын дотоод асуудал. Дүрмээрээ явчих ёстой ажил. Гэтэл бид бүгд хэвлэл мэдээллээс энэ байгууллагын залуучуудын хувийн амьдралын болон хувьсгалын хэргийн үйл хөдлөлийг анхаарч "хэн нь үл бүтэх этгээд вэ” гэдгийг ойлгох аянд татагдчих гээд сууж байх юм. Улс төрд өндөр байр суурь эзлэхийн тулд ёс зүйгээ яаж уландаа гишгэдгийг хөрөнгө бэлтэй хэдэн залуус үзүүлж өгч байна. Цаана нь ах нар нь бас хоёр хуваагдчихсан хор найруулах арвин туршлагаа хуваалцаж нөгөө хүнээ "нам накаут”-д оруулах улс төрийн ганц цохилтыг хэвлэл мэдээллээр яаж хийхийг зааж дасгалжуулж байгаа бололтой. Маш бохир технологитой албан тушаалын төлөөх дайныг эхлүүлсэн байна. Улс төр бохир ч гэсэн хэм хэмжээ бий.

 

Мал дагавал ам тосддог гэдэг байсан цаг улирч НАМ дагавал ном уншихгүй, ажил мэдэхгүй ч сайхан амьдарчихдаг цаг ирчихсэн мэт. Сурч хөдөлмөрлөж, эрдэм мэдлэг өвөртөлж, эх орондоо зүтгэчих санаа зориг төгс охид хөвгүүдээ бүгдийг үгүйсгэх гэсэнгүй. Ийм залуус маань ихэнх нь хүний газар номоо хичээж, нэрээ гаргаж яваад тэндээ үлдчихдэг нь харамсалтай. Нам дагаагүй тэд Монголдоо ирээд ажлын байр албан тушаалгүй л сууна. Чадвартай залуусыг тэтгээд дэмжээд өөд нь татаад авдаг хүний нөөцийн холч хараатай үндэсний компани хуруу дарам цөөхөн юм даа.Төрийн бодлого ч алга.

 

Төрд хаанчилсан мэт суух хоёр намын албан тушаалд хүргэх гол шат "пиг” дараалалтайбайна. Албан тушаалд хүрэх шатаар өгсөх таксыг авахын тулд залуус ёс суртахуунаа золих хэрэгтэй болж байна. Таксаа авчихаад түрүүлж гарцаар гарах гэж хоорондоо зодолдоод байгаа харагдана. Хэний ч өмнө нүүр бардам зогсох мэдлэг боловсролтой, авьяас чадвартай, хүн чанартай ёс зүйтэй аавын хөвгүүн, ээжийн охидод тэр шатан дээр нь хөл тавих зай алга даа. Улс төрийн намууд төрийн эрх барилцах нэг инстүүц мөн болохынхоо хувьд нам дагасан ТББ нь залуусын улс төрд гарах нэг коридор байх нь дамжиггүй. Гэхдээ энэ коридор их бохир агаартай болсон байна.

 

Голомт сахих хүү байна уу гэдэг шиг энэ улс орныг аваад явах эрдэм мэдлэгтэй цэвэр ёс зүйтэй, зарчмаа барьж улсдаа зүтгэчих залууст төрийн албанд хөл тавих орон зай ер нь байна уу. Үүнийг хараалсан төрийн бодлого хаана явна вэ. 

 

Пүрэвжавын Баяхүү /тоймч/

Санал болгох

Сэтгэгдэл

top