|

С.Цэрэндэмбэрэл: Гадаадад сурч байгаа хүүхдүүд цахим сурах бичигтэй боллоо

nomun 2018/09/12 434 0
"Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-ийн Нийгмийн бодлогын хорооны дарга С.Цэрэндэмбэрэлтэй ярилцлаа.

 

-"Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ Гадаад харилцааны яамтай хамтраад "Хилийн чанад дахь монголчуудын холбоо”, ТББ-уудын III чуулганыг зохион байгуулж байна. Энэ үеэр гадаадад сурч байгаа хүүхдүүдийн талаар ярилцана гэж байсан?

-Юуны өмнө хилийн чанадад сурч байгаа хүүхэд багачуудын монгол хэл, соёлын асуудал чухал. Тиймээс БСШУСЯ-ны холбогдох газар, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажилласан. Энэ үр дүнд анх удаа хилийн чанадад амьдарч байгаа хүүхдүүдэд зориулсан сургалтын чиг хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд цахим сурах бичгийг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч гаргалаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Хамгийн гол нь 2019, 2020 онд бодитой үйл ажиллагаануудыг зохион байгуулъя гэсэн чиглэл дээрээ тогтоод үүнийхээ дагуу төрийн холбогдох байгууллагуудтай бодит, хэрэгжих үндэстэй үйл ажиллагаануудыг төлөвлөнө гэсэн зорилгын үүднээс "Хилийн чанад дахь монголчуудын холбоо”, ТББ-уудын III чуулганыг энэ сарын 12-14-ний хооронд зохион байгуулж байна.

–Өнгөрсөн жил гадаадад сурч байгаа оюутнуудын нэгдсэн чуулга уулзалтаар оюутнуудын нэгдсэн мэдээллийн санг бий болгоё гэж байсан. Үүнийг бий болгож чадсан уу?

-Ерөнхий сайдын ивээл дор өнгөрсөн жил оюутан залуучуудын анхдугаар уулзалтыг зохион байгуулсан. Энэ уулзалтын үр дүнд тодорхой ажлуудыг хийгээд явж байгаа юм билээ. Тухайлбал, Үндэсний хөгжлийн газарт очиход цахим шилжилт гээд Монгол Улсын иргэд, зорилтот бүлгийн хүмүүсийг тодорхой хэмжээний бүртгэлд хамруулж, мэдээллийн сан үүсгэх ажлыг хийж байна. Үүний дагуу ”Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” Үндэсний хөгжлийн газартай хамтран ажиллахаар боллоо. Цахим мэдээлэл болон иргэдийн мэдээллийн сангийн асуудал тодорхой байгууллагуудад чиглэлийнхээ дагуу хийж байна. Мэдээллийн санг үүсгэх асуудлаар холбогдох төрийн байгууллагууд нь хийж байгаа ажлынхаа талаар танилцуулахаар байгаа.

–Гадаадад суралцаж байгаа болон төгсөөд ирсэн оюутнуудад тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Гадаадад суралцаж байгаа монгол оюутнуудын асуудал. Суралцаж байгаа болон суралцаад ирсэн монгол залуучуудынхаа ажлын байрнаас эхлээд дараагийн асуудлыг Монгол Улсын Засгийн газраас ямар бодлого барьж байгаа. Цаашид бид юуг анхаарах хэрэгтэй юм гэдгийг гадаадад сурч байгаа оюутнуудын төлөөллүүдтэй дэлгэрэнгүй ярилцана. Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, БСШУСЯ, Худалдаа хөгжлийн танхимтай хамтраад ирэх хоёр жилд хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулсан байгаа. Хөтөлбөрийнхөө дагуу энэ хугацаанд ямар ажлуудыг хийж амжив, ямар ахиц байна. Юунд анхаарах вэ гэдгийг чуулганаар дүгнэж, хэлэлцэж дараагийн хоёр жилд энэ хөтөлбөр дахин нэмж гарах байгаа. Гадаадад сурч, ажиллаж байгаа иргэдийн гол асуудал нь нийгмийн хамгаалал байдаг.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

С.Цэрэндэмбэрэл: Гадаадад сурч байгаа хүүхдүүд цахим сурах бичигтэй боллоо

 


Санал болгох

Сэтгэгдэл

top