Тэтгэвэрт гарах дөхсөн ахимаг насныхан ажлаас нэгэнт халагдчихвал дахиж ажил олж хийх бараг боломжгүй болдог. Тэднийг энэ эрсдэлээс хамгаалах зорилгоор ОХУ-ын төрийн ДУМ шинэ хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Хууль хэрэгжиж эхэлснээр тэтгэврийн насанд хүрээгүй ажилтнаа хууль бусаар халсан удирдах албан тушаалтанд эрүүгийн хариуцлага ногдуулдаг болох юм байна. Тодруулбал, хууль зөрчсөн албан тушаалтныг 200 хүртэлх мянган рублиэр торгох, жил хагасын орлогыг хураах буюу 360 цаг албадан хөдөлмөр эрхлүүлэх шийтгэл хүлээлгэхээр заажээ. Энэ хуульд тэтгэвэрт гарахад тав хүртэлх жил дутуу байгаа ажилтан албан хаагчид энэ хуульд хамаарах аж. Уг бодлогыг ажил олгогч нар эсэргүүцэж байгаа юм байна.
ОХУ тэтгэврийн тогтолцоондоо шинэчлэл хийж байгаа. Энэ өөрчлөлтөөр тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлж буй юм. Энэ нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Тиймээс В.Путин ахмад настай ажилтнуудыг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх замаар тэтгэврийн шинэчлэлээ урагшлуулах зорилготой гэдэг нь уг хуулиас тодорхой харагдаж байгаа талаар хойд хөршийн хэвлэлүүдэд бичих болжээ.
Тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 65, эмэгтэй 60 болгох хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг Төрийн Дум энэ оны долдугаар сард хийсэн юм.