"Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хоёрдугаар үе шат эхэлж аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, ГБХЗХГ, ЦГ, БСУГ, ЭМГ Японы хүүхдийг ивээх сан зэрэг байгууллагууд харилцан санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гэрээ байгуулсан байгууллагуудын эрх, үүргийг тусгасан бөгөөд дээрх төслийг тогтвортой, үр дүнтэй хэрэгжихэд мэргэжлийн боловсон хүчний дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг заалтууд оржээ. Төсөл 2022 оны долдугаар сар хүртэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ.
"Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн зорилго нь манай улсын хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаснаар хүүхэд бүр хамгаалуулах эрхээ эдэлнэ гэж үзжээ.
Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангаснаар, зорилтот хамтарсан багийн болон ГБХЗХГ, холбогдох яамдын ажлын чадавхи, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвар нэмэгдсэн байх нь төслийн зорилт аж. Төсөл хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий 128 хамтарсан багийн гишүүн болон хүүхдийн хамгаалагдах эрхийг хангах үүрэг бүхий 40 төрийн албан хаагч, мөн төсөлд хамрагдахаар сонгогдсон зорилтот сум, баг, хорооны 1,065 эцэг эх, асран хамгаалагчид, 160 хүүхдэд хүрэх юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх болон хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг хангах төрийн байгууллагуудын бүтэц, тогтолцооны хоорондын уялдаа холбоо сул, шинээр батлагдсан журам, тогтоомжийн хамтарсан багийн гишүүдийн туршлага, хэрэгжилт, мэдлэг ур чадвар дутмаг, хамтарсан багаас дэмжлэг хэрэгтэй хүүхдэд зориулсан үйлчилгээний төсөв, хуваарилалт хязгаарлагдмал, асран хамгаалагч, олон нийтэд чиглэсэн хүүхэд хамгааллын талаарх нөлөөлөл, мэдээллийн үйл ажиллагаа хэрэгцээтэй хэвээр байгаа нь төсөл хэрэгжих үндэслэл болжээ.
Тиймээс төслийн хүрээнд дээрх асуудлуудыг анхаарч, хамтарсан багийн чиг үүрэг, үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл болон бусад асуудлаас урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэхэд хамтарсан багийн гишүүүдийн чадавхийг бэхжүүлэх болон хүүхэд хамгааллын асуудлаар олон нийт, асран хамгаалагчдад чиглэсэн нөлөөллийн ажлыг нэмэгдүүлж, эцэг эхчүүдэд чиглэсэн хүмүүжлийн эерэг аргыг сургалт үйл ажиллагаандаа түгээн дэлгэрүүлэх шаардлагатай аж.