|

“Эрдэнэт-40” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

zulaa 2018/09/26 891 0

-Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойд зориулсан "Эрдэм шинжилгээний бага хурал” Орхон аймагт боллоо. Уурхайчин соёлын ордонд эхэлсэн Эрдэм шинжилгээний бага хуралд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны удирдах албан тушаалтнууд,ахмад геологичид, уурхайчид, эрдэмтэн багш нар болон мэргэжлийн инженер техникийн ажилчид оролцлоо.

    Тус хуралдааныг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нээж үг хэлэв. Тэрбээр”Энд хуран цугласан хүндэт зочид, уурхайчдадаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бид Геологи уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийг эхлүүлэх түүхэн чухал үед Эрдэнэт үйлдвэрийн санаачилгаар Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Энэ удаагийн бага хуралд манай улсын үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, Шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн төлөөлөгчид оролцож байна.

    Бид өнөөдөр зөвхөн Эрдэнэтийн зэс молибдений талаар ярихгүй. Төмрийн хүдрийн, жоншны,металлургийн асуудлыг авч хэлэлцэх болно. Ер нь газрын доорх байгалийн баялгийг хөрсөн дээр нь гарган үндэсний баялаг болгон хуваарилах нь уурхайчин бидний гол ажил. Энэ талаар өргөн хэлэлцүүлэг явуулах боломж бүрдэж байна. Нөгөө талаас геологийн, олборлолтын, баяжуулалт, боловсруулалтын, эцсийн бүтээгдэхүүн гаргах металлургийн асуудал яригдана. Энэ бүхнийг бид Эрдэнэт үйлдвэрийнхээ бааз сууринд түшиглэн ярилцах болно. Бид Эрдэнэт үйлдвэрийг цаашид хэрхэн хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлээ боловсруулсан. Үндсэн чиглэлээ бодлоготой, хөтөлбөртэй,төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд  байна. Бид харилцан уялдаатай хэрэгжүүлэх таван бодлого гаргасан. Техникийн, технологийн, байгаль орчны, санхүү эдийн засгийн, хүний нөөцийн бодлогыг боловсруулан иж бүрэн хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Ирсэн зочид салбартаа төдийгүй мэргэжлийнхээ салаа мөчрийн хаана ч ажиллах эрдэм боловсролтой, дадлага туршлагатай хүмүүс харагдаж байна. Бид шинжлэх ухаанд тулгуурлан дэлхийн дэвшилтэд тэргүүний техник технологийг нэвтрүүлж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь нэн чухал юм. Ингээд Эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдод амжилт хүсье” гэв.

      Мөн Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн үеэр Монгол улсын Хөдөлмөрийн баатар,доктор Ч.Хурц хэлсэн үгэндээ: "Би одоогоос 55 жилийн өмнө 1964 оны 9-р сарын 14-нд Эрдэнэтийн овоонд анх хөл тавьж байлаа. Тухайн үед надтай хамт ажиллаж амьдарч байсан хүмүүсийн ихэнх нь алга. Монголын алдарт геологич төрийн шагналт Мягмар,ангийн дарга Сүхбаатар нарыгаа дурсъя. Өнөөдөр хүртэл надтай хамтран зүтгэж ирсэн Г.Сандуйжав байна. Энэ хүн бүхнийг мэднэ. Анх бид Эрдэнэт овооны урд үзүүрээс хойд тал хүртэл 3,5 километр маршрутыг дөрвөн эгнээгээр явж геологийн судалгаа явуулж байлаа. Анх 1966 онд Эрдэнэтийн овооны хүдрийн нөөцийн урьдчилсан үнэлгээний тооцоо гарсан юм. 4,2 сая тонны нөөцтэй зэсийн агуулгатай,170 гаруй мянган тонн молибдентой, хоёр тонн алттай гайхамшигттай орд бий болох нь гэсэн үгийг анх чихээр сонссондоо одоо ч би баяртай явдаг. Монголын геологичид нэг зорилготой. Эх орныхоо эрдэс баялагт эзэн байж Эрдэнэтийн овоо шиг ордыг олныг нээсэн. Оюу толгой, Таван толгой,Цагаан суваргын ордыг Монголын геологичид нээн илрүүлсэн юм. Энэ утгаараа аж үйлдвэржилтийн үндсийг геологичид тавьсан. Эрдэс баялаг улсын үндэсний аюулгүй байдлын нэгэн баталгаа байдаг. Төвийн бүсэд  зэсийн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр, баруун болон зүүн талд хар тугалга, өнгөт металлургийн үйлдвэр барих цаг ойрхон байна. Монголын геологичид, уул уурхай, металлург, хими технологи,нано технологийн бүх эрдэмтэд хүчээ нэгтгэн ажиллах цаг болсон” хэмээн онцлов.

       Эрдэм шинжилгээний бага хурал "Уул уурхайн ашиглалт, баяжуулалт”, "Эрдэнэтийн овооны геологи хайгуулын судалгаа”,”Уул уурхайн дэд бүтцийн хөгжил” зэрэг цогц сэдвийн хүрээнд явагдав. Үдээс өмнөх хуралдаанд  "Оюу Толгой” компанийн инженер Б.Даваа-Очир  "ХӨН тээрмийн автомат удирдлагын сайжруулалтын замнал”,”Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга,доктор Д.Нямдорж  "Хүдрийн ил уурхайд тэсэлгээний цооногийн агаарын зайн тулгуур нэвтрүүлсэн судалгааны үр дүн”, ШУТИС-ийн зөвлөх, Техникийн ухааны доктор, профессор  Б.Цэвээнжав "Зэсийн ордуудын өрөмдлөгийн нөхцөлийн судалгаа,төрөлжүүлэлт, түвшний үнэлгээ ", МАК ХХК-ийн Технологийн судалгааны төвийн судлаач Х.Тамир  "Жоншны хүдрийн үндсэн флотацийн горимыг математик туршилт төлөвлөлтийн аргаар оновчлох нь” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв. Эрдэм шинжилгээний бага хурлын төгсгөлд оролцсон гишүүдэд батламж гардуулж,салбар хуралдаанд тавьсан илтгэлүүдийн талаар санал бодлоо солилцлоо. Маргааш эрдэм шинжилгээний бага хурал 1000 инженерийн зөвлөгөөнөөр үргэлжилнэ.

                                                                                                                                                            

Т.БАТЧУЛУУН 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top