Чайковскийн нэрэмжит олон улсын XV наадмын гран приг 2015 онд хүртэж, "Cardiff Singer of the World” наадмын "Song Prize” төрөлд 2017 онд түрүүлсэн Монголын баритон Г.Ариунбаатарыг дэлхийн тэргүүлэх театрууд сонирхож буй хэдий ч тэрбээр Буриадын дуурь бүжгийн академик театрт үргэлжлэн ажиллахаа илэрхийлсэн билээ. Гэтэл тэрбээр тус театраас явж байгаагаа мэдэгдлээ. Түүний явах болсон шалтгаан тус театрын захирал Аюна Цыбикдоржиеваг ажлаас халсан үйл явдлаас үүдэлтэй гэнэ. Буриадын Татварын алба тус театрт шалгалт хийж Цыбикдоржиеваг ажлаас халах үндэслэлтэй гэж үзсэн хэмээн Буриадын хэвлэлүүд мэдээлж байна.
Харин театрын уран бүтээлчид үйл явдалд ихэд сэтгэл дундуур байгаа аж. Төрөөс дэмжлэггүй хаягдсан театрыг өдий зэрэгт босгож, Г.Ариунбаатар, М.Пирогов тэргүүтэй авьяастнуудын тусламжтайгаар дэлхийд танигдсан энэ өдрүүдэд Цыбикдоржиевад шудрага бус шийтгэл ногдууллаа хэмээн тэд үзэж байна. Тиймээс Дарима Линховоин, Галина Шойдагбаева, Г.Ариунбаатар, Михаил Пирогов тэргүүтэй 237 ажилтан театрын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн захидлаа аль наймдугаар сард БНУ-ын тэргүүн Алексей Цыденовт илгээж байжээ. Болж буй үйл явдлын талаар Пирогов байр сууриа илэрхийлэхдээ "Манай театр ямархуу нөхцөлд байсныг, одоо ямар болсныг хүмүүс мартсан байна.
Цыбикдоржиева явж байгаа бол энд байх шаардлага надад алга” хэмээн ярьсан бол Г.Ариунбаатар Twitter хуудсаараа дамжуулан теартаасаа явж байгаагаа мэдэгдэж "Буриадын тэргүүн биднийг бараг хөөлөө” гэж жиргэсэн хэмээн Буриадын хэвлэлүүд бичиж байна. Буриадын БНУ-ын тэргүүн Цыденов тус театрын хамт олонтой тусгайлан уулзаж, ямар шалтгааны улмаас Буриадын теарт Монголын дуучид ажиллаж, Японы балетчид бүжиглэж байсан талаар нягт няхуур тайлбарласан гэнэ. Харин яг юу хэлсэн талаар Буриадын хэвлэлүүд нийтэлсэнгүй. Юутай ч нэрийг нь дэлхийд гаргаж, энэ театртаа л байна гэсэн сэтгэлээр хандаж ирсэн Монголын дуучинд Буриадын театрт ажиллах орон зайг олгосонгүй. Дэлхийн анхааралд өртөж, дэлхийн театруудын урилгад даруулсан Г.Ариунбаатар газардахгүй нь дамжиггүй билээ. Тосоод авах эх орон нь ч байна.