"Буэнос-Айрес-2018” залуучуудын зуны III олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Тамирын Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ. Тэрбээр Аргентиний нийслэлд Монголын тамирчдын дөрөв дэх (Э.Энхмаа буудлагын холимог багийн төрөлд алт, Г.Тэмүүжин, Л.Сосорбарам жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн) медалийг авчираад зогсохгүй чөлөөт бөхийнхөнөөс залуучуудын олимпоос дараалан медаль хүртсэн амжилтыг үргэлжлүүлэв.
Чөлөөт бөхийн тамирчдаас Б.Батцэцэг "Сингапур-2010”-аас алт, Б.Дөлгөөн "Наньжин-2014”-өөс мөнгөн медаль хүртэж байсан бол Т.Оюун-Эрдэнэ Буэнос-Айрест хүрэл медалийн эзэн болов. Мөн энэ нь чөлөөт бөх төдийгүй Монголын тамирчдаас залуучуудын олимпийн наадмаас хүртсэн анхны хүрэл медаль болж байна.
Тэрбээр Буэнос-Айресийн дэвжээнд нийт таван барилдаан хийж медаль хүртсэн бөгөөд хэсгийн барилдаанд Мексикийн Сандра Елена Менчаса, Кубын Камила Рамиресийг тус бүр цэвэр, Румыний Амина Роксана Капезаныг 4:2-оор ялсан ч энэ жилийн өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Зоу Шинруд оноогоор цэвэр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Африкийн наадам болон тивийн аварга Нигерийн Сунмисола Балогуныг оноогоор цэвэр (15:4) ялснаар шагналын тавцанд зогссон юм.