Өнгөрсөн хоногт Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж цасан шуурга шуурсан байна. Цаг агаарын хүндрэлтэй холбоотойгоор зарим иргэд, малчид малдаа явж байгаад төөрсөн дуудлага иржээ.
Тухайлбал, Завхан аймаг, Цагаанхайрхан сумын, Баянбулаг багийн "Ганцын даваа” гэдэг газар Цагаанхайрхан сумаас Улиастай чиглэлд өчигдөр 14 цагийн орчимд 300 толгой бог мал тууж явсан тус сумын харьяат 53 настай эрэгтэй сураггүй болсон тухай дуудлага оройн 21 цагийн үед иржээ. Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 43 дугаар анги, ар гэрийнхэн гээд нийт 7 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өглөө үүрээр 3 цагийн үед тухайн иргэнийг тус сумын Баянбулаг багийн "Ганцын даваа” гэдэг газар малтайгаа эсэн мэнд байхад нь олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Мөн Дорнод аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас тус аймгийн Булган, Гурванзагал, Цагаан-Овоо, Сэргэлэн суманд малчид малдаа яваад сураггүй алга болсон, автомашинтай төөрч цасанд суусан тухай нийт 8 удаагийн дуудлага оройн 23 цагийн орчимд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газар болон нутгийн захиргааны байгууллагын нийт 42 алба хаагч, 7 автомашинтайгаар 7 бүлэгт хуваагдан 11 иргэнийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан байна. Өнөө өглөө 7 цагийн үед 5 иргэнийг тус тус эсэн мэнд олоод байна. Эрлийг үргэлжлүүлж байгаа хэмээн мэдээллээ.
Түүнчлэн Хэнтий аймаг, Батноров сумын, Бэрх тосгоны "Бумбатын хоолой” гэдэг газар 3 зорчигчтой явсан суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага оройн 19 цагийн үед иржээ. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид очиж ажиллан автомашиныг татан гаргаж аюулгүй болгон, 3 иргэнд тусламж үзүүлжээ.
Өнөөдөр Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Иймээс малчид иргэд энэ мэтээр шуурганд төөрч, осгохоос сэрэмжлэхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.