Монгол Улсын дархан аварга А.Сүхбат өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцлоо. Түүнээс "Та энэ жилийн наадамд зодоглох уу" гэж сэтгүүлч асуухад Төрийн наадамдаа гурван жил тоосоо өргөе гэж бодож байгаа хэмээн хариулсан.
Тэрбээр "Би ноднин жил Монгол төрийнхөө Ерөнхийлөгчөөс, монголынхоо ард түмнээс Монгол Улсын дархан аварга гэдэг өндөр цолыг хүртсэн. Төр, ард түмнийхээ энэ их хүндлэл, өндөр цолыг хүндэтгэж би барилдана. Ноднин бэлтгэл сургуулилт тун муутай. Дархан аварга болчихоод яах ёстой вэ гэж ижийгээсээ, багшаасаа асуусан.
Тэд минь төрийн өндөр цолыг авчихаад чи эрүүл, эрхтэн бүтэн, барилдаж чадаж байгаа биз дээ. Тэгвэл цолоо дуудуул. Тэгж байж наад цолын чинь хүч, буян хишиг ирдэг юм. Цолоо дуудуулж төрийн наадмын 512 бөхийн нэг болж гарч байж ард түмэн, төрийнхөө баяр наадмыг хүндэтгэдэг юм гэж хэлсний үндсэн дээр би гурван жил барилдаад, наадамдаа тоосоо өргөе гэж бодож байгаа" хэмээн ярьлаа.