Зайрмагийг хүмүүс эртнээс ашиггүй хүнс хэмээн бодсоор ирсэн. Гэхдээ гүйлсэн булчирхайн мэс заслын дараа цус тогтоох зорилгоор хэрэглэхийг зүй ёсны мэт хүлээн зөвшөөрдөг. Эртний домогт эмч Гиппократ хөлдөөсөн зуурмаг нь биеийн байдлыг сайжруулна хэмээн зөвлөдөг байж.
Зайрмагийг олон талын ашигтай гэдгийг судлаачид батлан тогтоосон байдаг. Английн Шинжлэх Ухааны Судалгааны Холбооноос зайрмагийг олон талаас нь судалжээ. Зайрмаг идсэнээр стрессээс хамгаалагдаж, сэтгэл санаа тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг – серотонин хэмээх бодисын ялгаруулалтыг нэмэгдүүлдэг гэж дүгнэжээ.
Мөн зайрмаг тогтмол долоогчид, зайрмаг идэх дургүй хүмүүсийг бодоход илүү аз жаргалтай байдлыг мэдэрдэг гэнэ. Зайрмагийг ялангуяа зуны халуунд хамраас цус гоожиход түргэн хугацаанд цус тогтоох зорилгоор ашиглаж болно. Үүний тулд сайн хөлдсөн зайрмагийг хэд хэдэн удаа залгихад л хангалттай. Германы эрдэмтэд ердийн зайрмаг нь мэдрэлийн туйлдалт, хэт ядаргааг гайхамшигтайгаар бууруулдаг хэмээн дүгнэсэн байна. Учир нь сүүн дотор Л-триптофан хэмээн нэрлэгдэх, мэдрэлийн системийг маш сайн тайвшруулж, сэтгэл сэргээгч бодис агуулагддаг байна.
Эрдэмтэд энэ бодис нойргүйдлийг бууруулахад тустай хэмээн бас үздэг. Гэхдээ Л-триптофан нь нэмэх температурт энэ чанараа удаан хадгалж чадахгүй задардаг ба хасах температурт дээрх бүтцээ удаан хадгалж нөлөө үзүүлж чаддаг гэнэ. Насанд хүрэгчид зайрмаг идэхэд сэтгэл тааламжит байдлыг нэмэгдүүлэн тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг хэмээн эрдэмтэд санал нэгтэй дүгнэжээ.