"Бухарест-2018” чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий манай баг тамирчдын анхны хүрэл медалийг ОУХМ Ц.Намуунцэцэг эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд авчирлаа.
Тэрбээр Бухарестийн дэвжээнд эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7-гоор, шөвгийн наймд АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр ялсан ч хагас шигшээд залуучуудын ОХУ-ын Надежда Соколовад 6:8-гаар ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Туркан Насироваг оноогоор цэвэр (10:0) ялсан юм.
Дашрамд сонирхуулахад, Ц.Намуунцэцэг 2017 онд ээж болж, жилийн өмнөөс дэвжээндээ эргэн ирсэн бөгөөд ийнхүү "U-23”-ын ДАШТ-д урамтай сайхан барилдаан үзүүлж, Монголын бөхчүүдийн гурав дахь (Өнгөрсөн жил Польшид Г.Отгонжаргал, Э.Гантуяа нар хүрэл медаль хүртсэн) хүрэл медалийг эх орондоо авчирлаа.