|

“Уурхайчидтай бүжиглэе” тэмцээний шилдгүүд тодорлоо

Altaa 2018/11/20 516 0

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн хүрээнд "Уурхайчин” соёлын ордон, Монголын бүжгийн спортын холбоо хамтран сар гаруй хугацаанд компанийн цех, нэгжүүдийн дунд зохион явуулсан "Уурхайчидтай бүжиглэе” тэмцээний шилдгүүд өчигдөр буюу 11-р сарын 18-ны өдөр тодорлоо. Засвар механикийн заводын ажилчин С.Батзориг, Тээвэр ложистикийн албаны ажилчин О.Сувд-Эрдэнэ, Баяжуулах үйлдвэрийн ажилчин Б.Эрдэнэбаяр, Цахилгаан цехийн ажилчин Б.Отгонбаяр, Авто тээврийн байгууллагын ажилчин Б.Содгэрэл, Эрчим хүчний цехийн ажилчин Б.Ариунболд нар тэмцээний төгсгөлийн шатанд шалгарч, мэргэжлийн клубын бүжигчидтэй хамт Стандарт, Латин гэсэн хоёр төрлөөр үзүүлбэрээ амжилттай үзүүлсэн. Тэмцээнийг Монголын бүжгийн спортын холбооны ерөнхийлөгч А.Мөнгөнхуяг, МУБИС-ийн Урлагийн тэнхмийн эрхлэгч, "Стар” хамтлагийн дасгалжуулагч багш Д.Батсайхан, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн тэргүүлэх менежер, Орхон аймгийн үсчин, гоо сайханчдын холбооны тэргүүн П.Алтантүлхүүр нар шүүлээ. Уурхайчид мэргэжлийн бүжигчидтэй техник, ур чадвараар эн зэрэгцэн, хамтран бүжиглэж байгаа нь энэхүү тэмцээний онцлог байсан бөгөөд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй соёл, урлагийн ажлын үр дүн өндөр түвшинд, тайзнаа амилж байгааг шүүгчид сайшаасан. "Уурхайчидтай бүжиглэе” тэмцээний шилдгийн шилдэг бүжигчнээр Цахилгаан цехийн ажилчин Б.Отгонбаяр шалгарч, Баяжуулах үйлдвэрийн Б.Эрдэнэбаяр, Эрчим хүчний цехийн Б.Ариунболд нар удааллаа.

У.Цэрэнбат

Санал болгох

Сэтгэгдэл

top