|

Ө.Мөнхбат: Том төслүүд хөдлөхгүй бол оны эцэст дампуурах вий

munkhod 2015/06/24 752 0

Ө.Мөнхбат: Том төслүүд хөдлөхгүй бол оны эцэст дампуурах вий

 

Д.ОЮУНЧИМЭГ

"Бизнес, хөгжил” булангийн зочноор "МЯК” компанийн дэд захирал Ө.Мөнхбатыг урьж ярилцлаа.

-Таныг барилгын салбарт ажиллаж, бизнес эрхэлдэггэдгийг мэднэ. Гэхдээ уул уурхайн тухай ярихаархүмүүс гайхах байх. Яагаад ийм сэдэв рүү оров?

-Энэ жилийн хувьд бүх л салбарынхан санхүүжилтгүйн улмаас зогсонги байна. Манай улс валютын хомсдолд орсноос шалтгаалж ам.долларын ханш огцом өсч, үүнийг дагаад бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ.

Ам.доллар ховордсон нь гаднаас орж ирэх урсгал буюу экспортын орлого болон гадны хөрөнгө оруулалтууд саарсантай холбоотой. Манай улсын хувьд ДНБ-ийн дийлэнх хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг онцлогтой. Иймээс уул уурхайн том төслүүдийг хөдөлгөх нь нэн чухал. Том хүрд хөдөлж байж жижиг хүрдүүд эргэж, амь ордог гэж ойлгоход болно. Оюу Толгойн төслийн 2 дахь шат буюу далд уурхайн төслийн гэрээг сая амжилттай баталсан нь маш сайн хэрэг болсон. Гэвч эдийн засгийн уналтыг энэ төсөл дангаараа сааруулж дийлэхгүй. Тэгэхээр одоо бэлэн байгаа дараагийн том төсөл болох Тавантолгойг мөн адил хөдөлгөх хэрэгтэй. Нэн түрүүнд төслийн бичиг баримтыг маш сайн уншиж ойлгосны дараа юуг хэрхэн хийх вэ гэдгийг ярих ёстой. Нөгөө талаас, манай улсын эдийн засаг дан ганц Рио Тинто компаниас хараат байх нь хүсүүштэй зүйл биш болов уу.

-Таныхаар Тавантолгой  төсөлд анхаарч ажиллах, хэрэгжүүлэх ямар зүйл байна?

-Хэрэв Тавантолгойн гэрээ байгуулагдвал урьдчилгаа гэж 650 сая ам.доллар орж ирнэ гэсэн. Үүнээс "Чалко”-д 143 сая орчим ам.долларын өр бий, түүнийгээ төлөөд 500 сая нь үлдэнэ. Тэгэхээр энэ мөнгөөр Хятад юмуу Солонгосын Засгийн Газрын бондыг аваад өсгөх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, хөрөнгийн зах зээл дээр тоглож мөнгөө өсгөх боломжийг алдаж болохгүй. 2017 оны гуравдугаар сард 580 сая ам.долларын бондын өрийг төлөх ёстой. Хэрэв бидэнд аз таарвал 500 сая ам.доллар 550 болно шүү дээ. Жилийн 10 хувийн хүүтэй бонд эсвэл хувьцаа авч өрөө дарах ёстой. Яагаад гэвэл одоогийн эдийн засгийн байдал өрөө дарж чадахгүй. Эхний давааны цаана дахиад 2018 оны гуравдугаар сар, 2022 онд том төлбөрүүд бий. Хэрэв бид зөв ажиллаж чадвал өр дарахын тулд айж, эмээх зүйлгүй. Бусад улс орны жишгийг харахад дахин зээл авч өмнөх өрөө төлдөг.

-Манай улсын хувьд дахин зээл авна гэдэг бүтэшгүй даваа болов уу. Зээлжих зэрэглэл муудсан гэдэгсудалгааг олон улсын агентлаг гаргасан?

-Мoody’s агентлагийн судалгаагаар "Р” зэрэглэл рүү орчихсон. Энэ нь зээлжих эрхээс гурван шат доогуур гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэлсэн амандаа хүрч байж нэг шат дээшилнэ. Тэгэхээр биднийг тоож мөнгө зээлэх хүмүүс гурван шатаа ахиул гэж байгаа. Үнэн хэрэгтээ гадны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах бүрт зэрэглэл нэг шатаар доош унасан юм шүү дээ. Тиймээс улс төрчид популизм хийх хэрээр Монгол улс ялагдаад байна. Одоо ингэж популизмдаж, улсын хөрөнгө оруулалт, улсын менежмент орно гэдэг чинь буруу зам. Улсын өмч үнэндээ хэнийх ч биш, хэдэн дарга нарын тоглоомны зүйл болчихоод байгаа гэдгийг маш олон үйл явдлаар хүмүүс мэддэг болсон. Популизмын өртөг бидний төсөөлснөөс өндөр.

-Тавантолгойн гэрээний талаар хүн бүр өөр, өөрийн байр сууриа илэрхийлж байгаа. Мэдээж тодорхоймэдээлэлтэй байж ярих байлгүй дээ?

-Зарим хүмүүс Тавантолгойн гэрээний төслийг уншиж танилцаагүй нь шууд анзаарагддаг. Тэр хүмүүс хичээлээ уншаагүй байж, шалгалтад орж байгаа оюутан шиг харагдаад байгаа. Тухайлбал, хувийн хэвшлийн компани ашигтай байна уу, үгүй юу хэнд ч хамаагүй. Хамгийн гол нь Монгол Улс юу авах вэ гэдэг нь чухал. Тэгэхээр, Засгийн газар роялтийг хэрхэн авах вэ гэдгээ шаталчихсан харагдсан. Мөн "Эрдэнэс Тавантолгой” компанид ч хамаатай. Роялти гэдэг нь борлуулалтын орлогоос шууд суутгаж авдаг татвар. Өөрөөр хэлбэл, компанийн дансанд 100 сая ам.доллар оржээ. Тэгэхээр энэ орлогоос бусад аливаа татвар суутгалаас өмнө роялти авна. Дараа нь зардал, татвар, суутгалаа үлдсэн мөнгөнөөсөө бодоод өгөөрэй гэж байгаад авчихна. Засгийн газар тав, "Эрдэнэс Тавантолгой” хоёр хувийг авчихаж байгаа юм. Үүн дээр нэмээд дээр дурьдсан 650 сая ам.долларыг өгөх үүрэг  гэж байна. Мөн роялти төлнө гэж байгаа шүү дээ. Ер нь манай улсын засаглал бурангүй байгаагийн илрэл Тавантолгойн гэрээн дээр харагдлаа гэж болно. Учир нь энэ төслийг Засгийн газар хариуц гэдэг чиглэлийг УИХ нь өгчихөөд унагаж байгаа нь хатуухан хэлэхэд биднийг дэлхий дахинд арчаагүй харагдуулж байна.

-Хөрөнгө оруулалт чухал. Тиймээс одоо яриад байгаа том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй гээд байгаа шүүдээ?

-Гадаадын хөрөнгө оруулагчид тэр тусмаа уул уурхайн хөрөнгө оруулагчид бусад салбарын хөрөнгө оруулагчдаас илүү онцлогтой. Уул уурхайн салбар илүү эрсдэлтэй түүнийгээ дагаад бас өгөөж өндөртэй. Хөрөнгө оруулагчын тухай ойлголт нь сүүлийн үед хамтран эрсдэл хүлээж хамтран ашиг хүртэх хамтрагч гэдэг ойлголтоос хазайн тонож дээрэмддэг хэсэг хүмүүс гэсэн ойлголт нийгэмд түгээгээд байгаа популистуудаас шалтгаалж байна.

Дэлхийд уул уурхайн салбараас улс нь ашиг авдаг хамгийн найдвартай бөгөөд шалгарсан арга нь роялти. Үүний тулд дэлхий дээр нүүрсний үнэ унах, өсөх эсэх нь огт хамаагүй. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бол олсон орлогын 7-15 хувийг авна. Хэрэв бизнес хийж байгаа хүмүүс ийм нөхцөлтэй гэрээ хийнэ гэвэл зөвшөөрөх магадлал бараг үгүй. Харин Монгол Улс хэлж байгаа болохоор зөвшөөрч байгаа хэрэг. Үнэн хэрэгтээ, роялти гэдэг бол НӨАТ гэсэн үг. Маш ойролцоо, борлуулалтын үнээс, роялти бол ганцхан уул уурхай дээр ч биш, оюуны өмчид ч хамаардаг.

-Бүтэхгүй, болохгүй зүйлийг нэрлээд, шүүмжлээд байж болно. Гэхдээ аливаа зүйлд гарц байдаг. Бид эдийнзасгаа хэрхэн сайжруулах ёстой вэ?

-Хамгийн сэтгэл түгшээгээд байгаа асуудал нь эдийн засгаа сайжруулах биш хэрхэн  яаж амьд гарах вэ гэдэгт байгаа юм. Байдал хүнд болсныг л хэлээд байна. Сүүлийн үеийн эдийн засгийн үзүүлэлтийг харахаар  маш муу байгаа. Хэрэв бидний яриад байгаа баримтыг төрийн удирдлагууд мэдчихээд ярихгүй байгаа бол эх орноо хорлон сүйтгэж буй хэрэг. Мэдээгүй байх юм бол энэ зүгээр л тэнэглэл. Тэр хэдхэн хуудас цаас гаргаад тэр мэдээллээ боловсруулж бодохоосоо өмнө ийм юм ярьж байгаа бол залхуугийн илрэл. Гэтэл Япон улс зээлжих чадамжаараа дэлхийд тэргүүн эгнээнд явж байна. Гэхдээ Японы нэг хүнд ногдох өр нь 200 мянган ам.доллар. Манайхаас ялгарах онцлог бий. Өөрөөр хэлбэл, Япон улсын бүх хүн ам хадгаламжаараа төлөх чадвартай.   Тэгэхээр өртэй ч гэсэн мөнгөтэй байна. Харамсалтай нь, манайд хувь хүн битгий хэл компани нь хадгаламж, хуримтлалгүй,эрсдэлийн сангүй байна. Мөн твиттерд идвхтэй байдаг хэсэг залуучууд нийлэн  нийгмээ буруутгаж бусдыг шүүмжилж суухаар нэг ч гэсэн лаа асаацгаая хэмээн нэгдэж "Нийгмийн сүлжээ” төрийн бус байгууллагыг байгууллаа. Түүн дотроо "Монгол мөрөөдөл” клубыг үүсгэн байгуулж салбар болгоны залуучуудыг нэгтгэж байна. Бид тулгамдаж байгаа асуудлуудыг нээлттэй хэлэлцэн шийдэл, гарц ямар байх тухай ярилцдаг.

-Төслүүд хөдлөөд, дараагийн төлөх өрийн асуудлаа шийдчихвэл эдийн засгийн хүндрэл саарах уу?

-Оюутолгой гэрээнд гарын үсэг зурсан ч мөнгө нь ойрын хугацаанд орж ирэхгүй. Ер нь том төслүүд хөдлөхгүй бол оны эцэс гэхэд дампуурах байх. Муу амлаж байгаа юм биш. Бодит байдал ийм байна. Байдал эвгүйтвэл бидний өрийг хэн нэгэн худалдаж авна. Ингэвэл тэр намгаас бид хэзээ ч гарч чадахгүй. Сайнаар төсөөлөөд "Оюутолгой”, "Тавантолгой” төсөл хөдөллөө гэхэд бас өөдрөгөөр харагдахгүй л байна. Учир нь, хөрөнгө оруулалт орж ирснээр бид дөнгөж амьсгаа авна. Ямартай ч бизнес хөдлөөд эхэлнэ. Гэсэн хэдий ч 2022 онд төлөх өр дарамт үзүүлсэн хэвээрээ л байна. Бизнес хөдлөөд эхэлвэл дарамт харьцангуй багасна л даа.  Мөн засаглалдаа өөрчлөлт хийхгүй бол элдэв дарамт хэзээ ч дуусахгүй. Хэмнэ, хэмнэ бас дахин хэмнэ. Бизнесийг хувийн хэвшилд нь хариуцуул. Учир нь хувийн хэвшлийнхэн хэмнэхийг дээд зэргээр мэддэг. Яагаад гэвэл хэмнэсэн болгон нь өөрт нь ашиг болдог юм шүү дээ. Төрийн өмчтэй компанид бол хэмнэх шаардлагагүй, зарцуул зарцуул гэдэг биз дээ.

-Та байдал маш хүнд байна гэж хэлэх гээд байна уу?

-Гол санаа зовоогоод байгаа юм нь дефольт. Грек дефольтоо зарласны дараа өрийг нь Герман худалдаж авсан. Харин манай өрийг тоож худалдаж авах, хөрөнгө оруулах улс Хятдаас өөр байхгүй л болов уу. Учир нь барууны хөрөнгө оруулагчдыг хөөгөөд гаргачихсан шүү дээ. Ганц байгаа Шинхуаг нь хөөж гаргана гэцгээж байна. Худалдагдахдаа хүрвэл манай өрийг Чингис бонд, Самурай бонд, Чалкогийн өр гээд эднийг Хятад л авна.

-Бид одоо юу хийх ёстой вэ?

-Хувийн хэвшил нь хөрөнгө оруулаад үйл ажиллагаа явуулъя гэхээр хийлгэхгүй гацаачих юм. Хэрэв дампуураад улсын өрийг Хятад худалдаад авчихвал, Оюутолгой, Тавантолгойн баялгийг өрөндөө суутгаж аваад захиран зарцуулаад эхэлнэ. Эрдэнэт үйлдвэрээс өмнө хүмүүс яаж амьдарч байсан. 70-аад оноос өмнө ямар өлөн зэлмүүн амьдарч байсан билээ.Одоо гурван сая болчихсон Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгойгүй гээд бод доо. Энэ хүмүүс тэвчих үү. Гарсан баялаг нь буцаж ам.доллар болж ирэхгүй өрөндөө суутгагдаад байвал валютын ханш өснө. Манай эдийн засгийн бараг 80 орчим хувь нь импортоос хамааралтай. Тэгэхээр лангуунууд хоосроод эхэлнэ. Бараа, бүтээгдэхүүний үнэ хэт өндөр болно. Аргентин, Грек, Африкийн орнуудын дефольт бол зүүн европын орнуудын социализмаас капитализм руу шилжиж байх үеийн дефольтууд хамгийн багаар бодоход гурав дахин унасан. Орос 1990 онд зах зээл рүү шилжихэд инфляц нь манайхаас 40 дахин их байсан.

Тухайн үед Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэнгийн тогтоол манай инфляцийг хазаарлаж чадсан юм билээ. Гэтэл одоо хамгийн багаар бодоход ам.доллар 6000, шатахуун 4500 төгрөг болчихвол яах вэ. Таны авч байгаа цалин өнөөдрийнхөө ханшаар байгаа. Харин нэг талхыг 3000 төгрөгөөр авдаг болвол хүмүүс яах бол.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top