ОБЕГ, НҮБ-тай хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах сургалт, дадлага өчигдөр эхэллээ. ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр "Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж хүлээн авахтай холбоотой эрх зүйн зохицуулалт байдаггүй. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж, хумүүнлэгийн тусламж хүлээн авах, үдэн гаргахтай холбоотой бүлэг заалт оруулж байгаа. Олон улсын туршлагыг судалж, хуульд тусгана” гэв.
Монгол Улс олон улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэх аврах багтай болох нь. НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газрын INSARAG (International search and rescue advisory group) буюу Эрэн хайх, авран туслах олон улсын зөвлөлдөх бүлэг нь газар хөдөлсөн үед тухайн орны нөөц боломж хүрэлцэхгүй тохиолдолд ирж тусалдаг, дэлхийн 80 гаруй улсыг нэгтгэсэн байгууллага аж. INSARAG -ын зааврын дагуу олон улсын аврах багийг хүнд, дунд, бага гэсэн гурван түвшинд хуваадаг аж. Манай улс дунд түвшний баг бэлтгэхээр зорьжээ. 50-60 хүнтэй багийг ийм түвшнийх гэж үздэг гэнэ. Харин хунд түвшнийх нь онгоц, томоохон тоног төхөөрөмжтэй, 100-гаас дээш хүнтэй аж. Ийм баг ОХУ, БНСУ, Японд зэрэг томоохон оронд байдаг гэнэ. Манай улс энэ сарын сүүлчээр БНХАУ-ын Газар хөдлөлтийн сургалтын төвд эхний 20 аврагчаа явуулж, сургахаар болжээ. Олон улсад үүрэг гүйцэтгэж, бусад орны багтай хамтран ажиллах учир гадаад хэлний мэдлэгтэй байх нь аврагчдын эхний шалгуур. Мөн бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байх хэрэгтэй. Үүнээс гадна багаж хэрэгслийн хангамж сайн байх ёстой юм байна. Манайхан эдгээрийг шат дараатай хэрэгжүүлсний үндсэн дээр ирэх жил гэхэд дунд түвшний баг бүрдүүлчихээд, НҮБ-аас мэргэжилтнүүд урьж, үнэлгээ хийлгэх боломж бүрдэх гэнэ. Олон улсад үүрэг гүйцэтгэх багт албан ёсны тус байгууллага гэрчилгээ олгодог аж. Тэр баг нь дэлхийн аль ч улсад газар хөдлөхөд очиж, аврах ажиллагаа явуулах эрхтэй гэнэ.