|

С. Молор-Эрдэнэ: Би жүдод дургүй, жүдоч болсондоо одоо хүртэл ичдэг шүү гэж том болсон хойноо харамсана

batdorj 2018/12/17 817 0

Философич С. Молор-Эрдэнэтэй ярилцлаа.

  • Та цуврал лекц тавьж байгаа гэл үү?

Дэлхийн шилдэг 50 философичийн тухай цуврал арван лекц тавьж байгаа. Өнөөдрийн хүн төрөлхтөн тэр хүмүүсийн бичиж үлдээсэн ном, үзэл бодлоор сайхан амьдраад явж байна шүү дээ.

  • Тэдгээр философичдын мөрөөр гэж үү?

Тийм. Хүн төрөлхтний орчин үеийн сайн сайхан амьдрал, хөгжил, техник технологи гээд юу байдаг юм, арван жилийн сургуулиас их сургууль хүртэлх мэдлэг шинжлэх ухаан энэ бүхэн чинь философиос л гаралтай. Философич гэж хүмүүс гарч ирээгүй бол бид бүгдээрээ агуйд байх юм уу, эсвэл бүгдээрээ шашинд орчихсон, мухар сүсэгт авчихсан бичиг үсэг ч байхгүй, боол ч гэдэг юм уу, тийм л байх байсан. Философичид гарч ирж байж эрх чөлөө, ардчилал, хүний эрх, боловсрол, биеэ дааж хэнээс ч хамааралгүй явах, тэгш эрх гэсэн энэ бүгд бий болгосон. Улс төр чинь бас философиос гаралтай. Хаан улс төр ярихгүй. Дарлаж л байхыг бодно. Сүм хийд улс төр ярихгүй шүү дээ. Мунхруулаад л мөнгийг нь аваад байж байх сонирхолтой. Хаан, сүм хийд гэсэн хоёр том юмны чинь дунд сократаас авахуулаад Аристотель, Синека хүртэл хааны тушаалаар хор ууж үхэж байгаа шүү дээ. Галилей, Бруно гээд философичид сүм хийдтэй тэрсэлдсэн. Тэд физикчид биш философичид. Сүм хийд, хаан хоёр чинь ийм аймаар байдаг байхгүй юу.

  • Галилей шүүхийн өмнө буруудаад эцэст нь шоронгоос мултрахын тулд эрх баригчдад бууж өгөхдөө ч "Гэхдээ л дэлхий нарыг тойрдог юм даа.” гэж хэлж байсан гэдэг шүү дээ.

Бүх юмны төв бол дэлхий гээд байсан. Тэгэхээр нь Галилей "Тэр чинь биш ээ. Харин бид нарыг тойрч байгаа” гэж хэлснийхээ төлөө алуулах шахсан. Тэгээд хэлсэнээ буцааж аваад амьд үлдсэн. Монгол орон өнөөдөр яг ийм болчихоод байгаа байна. 500, 600 жилийн өмнө философич хүн юм мэдээд, мэдснээ хэлэхээр "Энэ Молор-Эрдэнэ босоо ороолон. Энэ солиотой галзуу.” гэнэ. Болдог бол тэд нар чинь хүрч ирээд намайг багалзуурдахад бэлэн байна.  Нөгөө талд хаан буюу улс төр, улс төрийн намууд байна. Тэд намайг харж байна. Энэ нөхөр айхавтар цэцэн үг хэлчих вий, улс төр рүү битгий орж ирээсэй, сонинд битгий гаргаарай, зурагтаар битгий яриул. Төр, улс төрийнхөн чинь надаас аль болох л хол байхыг бодож байна.

  • Яг энэ цаг үед дэлхийн хэмжээнд философийн ямар чиг хандлага, урсгал, философич моданд орж байна вэ. Ямар философичийн ном, номлол дэлхийд үнэлэгдэж байгаа вэ?

Философи явсаар байгаад их сургуульд сураад төгсөөд диплом авдаг мэргэжил болчихлоо. Америк, Япон, Германы их сургуульд миний яриад байгаа философичдын түүхийг яриад, яаж бодож сурах вэ, яаж ном бичих вэ, яаж ухамсартай болох вэ, яаж эрдэмтэй болох вэ гээд номнуудаа заагаад дипломоо аваад явж байгаа л даа. Өнөөдрийн түвшинд хүн төрөлхтөнд алдартай, номнууд нь зарагддаг, гайхамшигтай философич Славой Жижек байна. Хуучин Югослав задрахад Словений иргэн болчихсон. Энэ имперализм капитализм бол хүн төрөлхтнийг баллах юм байна. Яагаад гэвэл энэ капитализ имперализм нь дандаа ашгийн төлөө. Ашгийн төлөө гэхээр ханаж цадна гэж байхгүй. Ханаж цаддаггүй, ашгийн төлөөх байгуулалт чинь яаж байна вэ гэхээр газрын баялаг, нөөц, байгаль, усыг эцэс төгсгөлгүй хэрэглэж байж ашигтай ажиллана.

Тэгэхээр яваандаа дэлхийг капиталист импералистүүд баллах юм байна. Одоо буцаад ашиг хайдаггүй нийгэм рүүгээ оръё. Либерализмын онолоосоо татгалзъя. Буцаад хүн төрөлхтөн анх, хамтдаа явж байсан коммунизм гэдэг юм руугаа орцгооё. Бид социализм, коммунизм гэдэг юмыг тухайн үедээ сайн ойлгож чадаагүй, заримыг нь буруу ойлгосноос хэтрүүлсэн байна. Зарим юманд харшилтай байжээ, хүний эрх чөлөөг хааж байсан юм байна. Тиймээс одоо хамгийн гоё социализм, коммунизмыг байгуулах үе ирчихлээ гэж Жижек номондоо бичээд байгаа юм. Одоо хүн төрөлхтөн эвтэй найртай, тэгш эрхтэй, найзархаг, хэт их шуналтай биш, хэт их эдийн засаг шүтээгүй, хэт их улс төр шүтсэн биш, ерөнхийдөө хүнийг амар тайван байлгах амьдралыг л дэмжсэн тийм бололцоо олгосон бодлого философийг барья гэсэн онолтой.

  • Та лекцэнд энэ мэт 50 шилдэг философичийн тхай ярьж байгаа юм байна. Тийм үү?

50 чухал философич. Өнөөдрийн бидний, орчин үеийн амьдралд шууд нөлөөлсөн хүмүүс. Маркс бол шууд нөлөөлсөн. Аристотель шууд нөлөөлсөн. Аристотель бол өнөөдрийн бидний яриад байгаа ардчиллыг үндэслэсэн хүн байхгүй юу. Ерөнхий боловсролын сургууль байна шүү дээ, тэр чинь Аристотелиэс эхлэлтэй гэх мэтчилэнгээр өнөөдрийн бидний амьдралд философичид шууд нөлөөлсөн. Жишээ нь, өнөөдрийн улаанбаатар байна. Философичид л байсан болохоор бид нар өнөөдөр ингэж амьдарч байгаа юм. Хэрвээ философичид байгаагүй бол өдийд Улаанбаатар хот зүгээр л Гандан байх байсан. Төвдүүд ороод ирчихсэн байх байсан. Тэгсэн бол таныг хаана байхыг би мэдэхгүй. Би бол байхгүй байх л даа. Лам нарт алуулчихсан байх байлгүй (инээв).

  • "Надад туслаач, энэ миний Хаан банкны данс тэрэнд энэнд тусалцгаая, хандив босгоё, дэмжье” гэдэг үзэл хандлага их боллоо. Бас "Үйлийн үрээ эдэлнэ дээ, чи” гэдэг заналхийлэл сүрдүүлэг газар авлаа. Энэ бүхнийг нэг талаас нь харвал сайн ч гэлээ бас л утгагүй болоод ирлээ шүү?

Наадах чинь их осолтой. Тусална гэдэг ямар ч утгагүй зүйл. Хэн ч хэнд ч хэзээ ч хангалттай туслаж чадахгүй. Туслуулж байгаа хүн "Эннээс илүү надад туслах боломж байсан ш дээ” гэдэг. Туслах осолтой. Туслуулж байгаа хүн хэзээ ч сэтгэл ханахгүй. Хүнийг зүгээр дэмжиж болно. Сэтгэлийн дэмжлэг. Сүрдүүлэхийнхээ оронд "Чи зоригтой бай, битгий гутар” гэж хэл. Чи, бид бүгдээрээ өвчин тусна. Чи ганцаараа тусч байгаа биш. Би ч бас хэзээ өвчин тусахаа мэдэхгүй. Бид нар хэзээ нэгэн цагт үхнэ. Хэн нэгэн үхчихлээ гээд би ямар мөнх үлдэж байгаа биш. Тийм учраас хүн үхлээ гээд учир зүггүй харамсч гашуудаад байх хэрэггүй. Бүгдээрээ үхнэ. Хүн өвчин туслаа гээд тэрэндээ шаналаад байх хэрэггүй. Хүн өвчин тусч байна гэдэг чинь маш сайн. Миний бие эсэргүүцлээ илэрхийлж байна шүү дээ.

Та хамаагүй даараад байвал дулаахан хувцас өмсөхгүй бол ханиад хүрнэ. Хэрвээ элгэнд муу хоол унд идээд амьдралын дэглэм тань муу байвал элэг чинь муудаж л таараа. Тэгэхээр элэг чинь өвдөж байгаа байхгүй юу. Өвчин гэдэг чинь эзнээ анхааруулж болгоомжлуулж л байгаа юм. Тэрэнд нь баярлах хэрэгтэй. Хэрвээ тэгэж анхааруулдаггүй байсан бол бид нам үхнэ. Хоёрдугаарт, хүнийг хэтэрхий хайрлаж хэтэрхий их өрөвдөх бол маш утгагүй. Хүнийг хэтрүүлэн хайрлах нь цаад хүнээ балладаг. Жишээ нь, ээж хүн хүүхдээ хэтрүүлэн хайрлавал хүүхэд нь солиорно галзуурна.

Буцаагаад ээжийгээ баллана. Хүн биш болно. Тиймээс хайр хязгаартай байх ёстой. Хүнийг өрөвдөх хязгаартай байх ёстой. Хүнийг өрөвдөнө гэдэг цаад хүнээ доромжилж байгаатай адилхан. Хэн нэгэн намайг өрөвдвөл "Уучлаарай намайг битгий өрөвдөөрэй. Би тийм өрөвдмөөр хүн биш шүү.” гэж хэлнэ. Би ямар ч байдалд байсан би хэзээ ч өрөвдмөөр биш. Үгээгүй ядуу байсан ч тэр нь өрөвдмөөр байдал биш. Яг одоогийн минь нөхцөл байдал ядуу байлаа гэхэд дараагийн долоо хоногт сайжрах ч юм билүү. Хэт их өрөвдөж, хайрлах бол хүнийг балладаг байхгүй юу.

  • Манайд автобусанд ахимаг настай, тавь дөнгөж гарсан хүмүүс орж ирээд залуусыг босгож суудлыг нь эзлэх сонирхолтой. Гэтэл Японд метронд ахмад настай хүнд суудал тавьж өгвөл нөгөө хүн нь өөрийг нь өрөвдөж доромжиллоо, хөгшин гэж хүмүүст ойлгууллаа гээд дургүйцэж "Өөрөө суу” гэдэг гэсэн?

Өрөвдүүлж байгаадаа ичиж байна шүү дээ. Миний хөл сайн, би өрөвдмөөр, туслуулмаар харагдмааргүй байна, уулаарай гэж байгаа юм. Хүн тийм байх ёстой. Өөрөө өөртөө бахархалтай байх ёстой. Данс нээгээд бие өвдчихлөө надад мөнгөөр туслаарай гэдэг чинь арчаагүй хүний шинж байхгүй юу. Би өмнө нь хэлж л байсан. Монгол хүн хүний нийгэмд гологдож байна. Хүний нийгэмд хүн яаж амьдарч, биеэ яаж зөв авч явдгийг мэдэхгүй байна, тэгж явж чадахгүй байна. Үнэхээр гологдож байна шүү дээ. Зүгээр өөрөө өөрийгөө биеэ аваад явчихаж чадахгүй байна. Өнөөдөр хүн өөрөө өөрийгөө авч явъя гэвэл ямар их боломж байна вэ. Өлсөх боломжгүй, хувцас хунараар ч дутахгүй.

Хүн өөрөө жаахан хичээх л юм бол нийгэмд ажилгүй суух ч үгүй. Цалингаа л голоод байгаа. Хүмүүсийн нэг асуудал бий. Ажлыг там юм уу муу хувь заяа шиг ойлгодог. "Чи нэг л ажлаа хийгээд л байх юм” гэнэ. Хүн ажлаа хийхгүй өөр юу хйидэг юм. "Ажлаас их юм алга” гэдэг. Тэгээд ажлаас өөр юу их бай ёстой юм. Ажил гэдэг чинь бидний амидралын утга учир. Монголчууд ажил амидралыг тусад нь үзэх гээд байдаг. Үгүй. Ажил амидрал нэг байх ёстой. Тийм учраас мэргэжилээ сонгохдоо дуртай мэргэжлээ сонго. Дургүй мэргэжлээ сонгочихоор ажилдаа дургүй байдаг. Тэгээд л худлаа өөр юм хайгаад гүйгээд байдаг. Дуртай мэргэжлээ сонгочихсон хүн баярлаад л ажиллаад байдаг байхгүй юу.

  • Цалин багатай ч гэсэн эргэн тойрныхондоо загнуулсан хэрнээ л ажил руугаа гүйгээд байдаг?

Тэгэхгүй яадаг юм. Тэр чинь өөрийнх нь амидрал. Миний хувьд философийн ном бичээд, лекц уншаад өдөржингөө ажилладаг. Энэ чинь миний амьдрал юм чинь. Эндээс тусдаа амьдрал надад байхгүй шүү дээ. Тусдаа байвал утгагүй. Энийг чинь монголчууд ойлгохгүй байна.

  • "Молор-Эрдэнэ философи”-ийн академиа талаар сонирхуулбал. Академи гэхээр олзуурхууштай санагдаж байна?

Академи гэдэг үг нь Грекийн философиос гаралтай. Хамгийн анх Грекийн философич Платон өөрийнхөө академийг байгуулж байсан. Аливаад шүүмжтэй хандъя, юмны тухай боддог болъё, хий хоосон мэдэмхийрэх биш, амны урлагаараа бурж чалчих биш, юмыг сайн мэдэж аваад баттай мэдэж авсанаа ярьдаг болъё. Баттай юмыг мэдэж авъя, шүүмжтэй хандъя гэсэн арав хорин хүнийг цуглуулаад академиа нээсэн байдаг. Дараа нь Аристотель гэдэг шавь нь суралцаж хожим нь өөрийнхөө академийг байгуулсан түүхтэй. Хүн төрөлхтөний түүхэнд философичид өөрийнхөө академийг байгуулаад л тэндээ лекцээ уншаад онолоо яриад явдаг л даа. Тэгээд би яахав дээ 2500 жилийн хойно Грекийн Платоноос хойш Монголдоо анхны "Молор-Эрдэнэ философи” гэдэг академийг байгуулж байгаа байхгүй юу. Тэгээд ажлаа эхлүүлээд явж байна. Гэхдээ энд учир зүггүй хүний тархи угаасан гэдэг юм уу, тийм юм байхгүй. Ерөөсөө л би өөрт чинь бодол өгье. Тэр бодлыг та цааш нь үргэлжлүүлээд бод. Тэгээд асуу. Асуугаад бодоод эхлэхээр түрүүчийнхээсээ огт өөр болчихдог юм шүү гэсэн бие даасан бодол руу л явуулж байгаа юм.

  • Оросууд таны зургийг Далай ламын зурагтай зэрэгцүүлж байгаад нэг том нийтлэл бичжээ. Бидний хараагүй л өнцгийг гаргаж ирсэн байна лээ шүү?

Далай ламыг монголд л магтаад байгаа болохоос биш дэлхийн улс орнууд түүнд дургүй болчихсон ш дээ. Улс орнууд хүлээж авахаа болиод байна. Германчууд бол маш дургүйцэж байгаа. Энэ хүн өөрийнхөө нутаг юу ч хийдэггүй. Гадуур цэцэн үг хэлээд л явж байдаг. Өөрөө амьдрал үзээгүй, эхнэртэй байж үзээгүй, хүүхэдтэй байж үзээгүй мөртлөө хүмүүст амьдралын зөвлөгөө өгөөд байдаг. Ямар ч амьдралын туршлагагүй хүн яаж амьдралын зөвлөгөө өгөх юм бэ. Хнүд хайртай болж үзээгүй, хүүхэд өсгөж үзээгүй. Тэгчихээд хүүхэд өсгөж үзээгүй тэгчихээд хүнд зөвлөгөө өгөөд байж болохгүй биз дээ. Ерөнхийдөө Далай ламыг шүүмжилж байгаа. Түвд оронд эдийн засгийн маш их хохирол учруулсан, өнөөдөр ч гэсэн Түвдэд маш их тусламж авч тэндээ хаан шиг л амьдарч байна. Ийм их шуналтай этгээдийг Монголд ирэхэд монголчууд хүлээж авч хөл алдаж байхад ганц философич хүн Далай ламын эсрэг үг хэллээ. Зоригтой үг хэллээ гэж оросууд бичсэн байсан. Монголын сэхээтнүүдийн нэг нь Далай ламын эсрэг үг хэлжээ гэсэн.

Ерөнхийлөгчөөсөө авахуулаад Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд гээд бүгд сүйд болсон. Хадаг барьж гүйлдээд арчаагаа алсан шүү дээ. Зуун жилийн өмнө байгаа юм шиг. XXI зуунд интернэт хөгжчихсөн, мэдлэг боловсрол хөгжчихсөн байхад гадаадад дипломтой сургууль төгсөөд ирсэн сэхээтэн сайд хүн хэзээ ч тэгж арчаагүйдэхгүй. Тэгэхээр тэр диплом нь худлаа л байхгүй юу. Бид ялна, бид ялна гээд байсан чинь "Мухар сүсэгтэй бид ялна, боловсолгүй бид ялна” гэсэн байна шүү дээ. Бөхчүүд, сумочид байна. "Монгол тулгатны зуун эрхэм”-ээр гардаг бөхчүүд, яруу найрагчид, манай нийгэмд янз бүрийн цэцэн үг хэлдэг нөхөд байна. Тэд бол мухар сүсэгтэй бид ялна, бид боловсролоор яах юм гэдэг. Ер нь одоо боловсролыг тоохгүй байна. Хэн боловсролыг тоож байна вэ. Яагаад вэ гэвэл дипломыг нь маш хурдан худалдаад авчих юм чинь. Боловсролгүй явсан ч сайд болчихож байна. Сумогийн аварга болчихож байна. Сумогийн аварга болчихож байна. Боловсролоор яах юм бэ гээд байна ш дээ. Нийгэмд залуучуудад их муухай хүмүүс үлгэр бишээ болж байгаа биз.

  • Саяхан "Өдрийн сонин”-д "Бөх гэх бүдүүлэгдүүхэн нөхдийн тэнэглэл гадаад дотоодгүй нүүр түлэх юм” гэж нийтлэл хэвлэгдсэн. Тэр нийтлэлд яг энэ сэдвийг хөндсөн юм?

Би Төрийн шагналд их дургүй байдаг. Яагаад вэ гэвэл нийгмийн доод түвшний хүмүүст Төрийн шагнал өгчихөж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүмүүсийг чинь залуучууд харчихаад "Өө за за. Монголд ийм л байх юм бол Төрийн шагнал авах юм байна” гэнэ. Хэмжүүр нь дэндүү доогуур. Өндөр түвшний, хүн хүрэхэд маш хэцүү, тийм хүмүүст Төрийн шагнал өгөөч ээ. Тэгж байж тэр чинь нийгэмд үлгэр жишээ болно.

Дундаж мэдлэгтэй хүнд төрийн том шагнал өгчихөөр залуус тийм зэргийн мэдлэгтэй байхад болоо юм байна гэж бодно шүү дээ. Хүрэхэд маш хэцүү, маш их юм хийж бүтээсэн хүнд өгдөг байх хэрэгтэй. Ер нь бол жүдо, сумогоор ч юм уу хаа нэг газар бокс тоглож байгаад алтан медаль авсан нь тэр хүний хувийн амжилт болохоос биш нийгэмд амьдарч ажиллаж байгаа хүнд ямар хамаатай юм. Тэр хүн л амжилт гаргаж гэр орныхон нь л баярлаа биз. Ажлаа хийж яваа надад ямар хамаатай юм. Тэр боксчин залуу, тэр сумочин залуу, тэр жүдоч залуу Монголын нийгмийн залуучуудын нийтлэг дүр юм уу. Залууст үлгэр жишээ болох нийтлэг айхавтар гайхамшигтай хүн үү. Үгүй шүү дээ. Тухайн үед аз таараад медаль авчихсан байна. Медаль авна гэдэг чинь азны асуудал. Ямар бүхэл бүтэн туршлагаараа авч байгаа биш. Тэр жил мундаг тамирчид нь тэр тэмцээнд ирээгүй байж болно шүү дээ. Арван чаддаггүй нөхөр тулаад нэг нь ялаа биз. Хэдэн нөхөр зодолдоход нэг нь ялж л таараа. Спорт гэж юу юм эцсийн эцэст үлгэр жишээ юм уу. Одоо тэгээд спорт гэхээр дандаа хар тамхи хэрэглэж байна.

  • Допинг уу?

Одоо манай наадмыг бүгдээрээ л мэднэ шүү дээ. Бүгдээрээ л хар тамхи хэрэглэдэг шүү дээ. Тэгээд тэд чинь үлгэр жишээ хүмүүс үү. Хүүхдээ бөх болгоно гэж байгаа ээж, аавуудыг харахаар гутмаар.

  • Бээжингийн олимпийн дараа Спортын төв ордны жүдогийн дугуйлан хүүхдээр дүүрч хавар нь жүдогийн өсвөрийн УАШТ-д 1000 гаруй хүүхэд оролцож байж билээ. Эцэг эхчүүд нь жүдогийн өмсгөл эрээд олдлохгүй болохоор метрийн даавуугаар хийж өгч байсныг харсан шүү?

Хайран сайхан охид ирээдүйдээ харамсана шүү дээ. Манай аав ээж намайг бага, юм мэдэхгүй байхад жүдо бөх рүү оруулсан. Миний эмэгтэйлэг чанар, миний гоо зүй, миний гоё сайхан охин насыг минь булчин шөрмөстэй хүнтэй ноцолдсон юм болгоод хаячихсан. Би жүдод дургүй, жүдоч болсондоо одоо хүртэл ичдэг шүү гэж том болсон хойноо харамсана. Тэр хүүхэд үнэхээр бага наснаасаа зурагтаар жүдо үзээд шимтээд дурладаг байсан бол өөр хэрэг. Н. Түвшинбаярыг харчихаад зүгээр энд хичээлээ хийгээд сууж байсан хүүхдийг чирч аваачаад жүдоч болгоно гэдгийг нүгэл гэх үү, юу гэх үү.

  • Улс орнууд эрдэмтэн, судлаач, эдийн засагч, философичид, академич гэсэн оюуны хүмүүсээ цуглуулаад санаалыг нь сонсч төрийн бодлогодоо үгийг нь тусгадаг. Гэтэл манайд яруу найрагч, тамирчин гэх мэтийн хүмүүс төрд зөвлөөд явж байх юм?

Аргагүй л дээ. Манайх чинь доогуур түвшний хүмүүсийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа болгож байна шүү дээ. Төрийн толгойд гарч байсан хүмүүсийг харж байхад манай нийгмийн, гудамжинд явж байдаг, байдаг л нэг залуучуудын түвшний хүмүүс байгаа юм. Хэн ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг хараад өөрийгөө олоод харчихдаг. Заримаас нь доогуур түвшинд байгаа. Ерөнхийдөө нийтлэг түвшний, нийтлэгээс доош, дунджаас доогуур түвшний хүмүүсээ бид нар дээрээ аваачаад тавьчихаад байна. Тэгэхээр тэд мэдлэг боловсрол үнэлж, боловсролыг хэрэглэж, дэмжиж мэдэхгүй. Яагаад вэ гэвэл өөрсдөө мэдлэг боловсролтой хэзээ ч нүүр учирч байгаагүй юм чинь байхгүй л гэж бодож байгаа.

Алим гэдэг жимсийг амьдралдаа хэзээ ч хараагүй идээгүй бол алим жимсийг байдаггүй л гэж бодно (инээв). Мэдлэг боловсролтой хэзээ ч учирч байгаагүй учраас мэдлэг боловсролтой хүн гэж байдаг, тэдний мэдлэг боловсрол үнэтэй шүү, мэдлэг боловсрол олж авах хэцүү шүү, мэдлэг боловсролыг олон улсад үнэлдэг гэдгийг мэдэхгүй юм чинь хөөрхий амьтад. Дунджаас доогуур түвшний хүмүүсийг толгой дээрээ тавиад "За биднийг одоо удирдаад аваад яв” гэдэг чинь ямар гэнэн, хүүхдээрээ хандлага вэ. Хүүхэд шиг хандаж байна. Тэр хүмүүс хэнээс ч онцгой биш. Онцгойроод байх юу ч байхгүй. Байдаг л нэг.

Ерөөсөө биднийг улс гж хэлэхэд хэцүү болчихоод байна. Орос Хятад хоёр л нэг юм биднийг улс гэж нэг юм хүлээн зөвшөөрч байгаа байх. Америкт очоод хүний доог болоод л. Чадахгүй байж. Хэл амгүй байж. Гадны тэр их мундаг орнууд руу явж, гадны тийм өндөр түвшний хүмүүстэй уулзаж муугаа харуулж, ичгэвтэр юм болох шаардлагагүй л гэж бодоод байгаа. Муугаа мэдээд гэртээ л байж бай. Их сүрхий, айхавтар цэцэн хүн болох гэж явж байгаад ичгэвтэр юм болоод амаа таглуулаад гэртээ буцаж байна шүү дээ.

  • Ер нь улс орнууд философичдынхоо үгийг хэр сонсдог вэ?

Франц зэрэг оронд Ерөнхийлөгчийнхөө дэргэд зөвлөгч нь байдаг. Хүний эрх, эрх чөлөө, ардчилал, Үндсэн хууль, улс төр, боловсрол, сурган хүмүүжүүлэх гэсэн нийгмийн чухал сэдвүүдээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд ямар ч ойлголтгүй байдаг. Мэддэг, юмыг нь уншчихсан, үргэлж ажиллаж байдаг, боль гэж хэлсэн ч ном уншаад сууж байдаг, битгий гэж хорьж байсан ч тэрүүгээрээ ажилладаг философичид бий. 2500 жилийн түүхтэ ажил. Тийм болохоор асуух л хэрэгтэй. Нэрэлхээд байгаа юм уу атаархаад байгаа юм уу. Эр хүн эр хүндээ атаархалгүй яахав. Гэхдээ улс орны нэрийн өмнөөс хувийн атаархлаа хойш нь тавих хэрэгтэй. Ард түмнийхээ хөгжлийг бодоод, өөрийнхөө боловсролгүйг ухамсарлах хэрэгтэй шүү дээ. Хэн ч хэнээс өөрийнхөө мэдэхгүйг асууж зөвлөгөө авдаг биз дээ.

  • Таны лекцийг сонсъё, тантай уулзъя гэсэн санал хөдөө орон нутаг гадаадаас хэр ирдэг вэ?

Ирэлгүй яахав. Гадаадаас онлайнаар лекц авч байна. Хөдөөнийхөн чинь жаахан даруухан юм аа. Лекцэнд тусгай л хүмүүс очдог байх. Над мэтийн юм тэнд очоод хэрэггүй дээ гэдэг ч юм уу. Би болохоор "Үгүй ээ, хөгшин, залуу, эр эм, Ерөнхийлөгч ч орж ирж болно. Өчигдөр шоронгоос суллагдсан хүн ч ирж болно” гэдэг. Миний лекц бүх хүнд зориулагдсан. Монгол хүн бүрт зориулагдсан. Арван жилийн сургуулиа төгссөн хүүхэд ч сууж байгаа, ажиллаж хөдөлмөрлөөд, багшлаад явж байгаа хүмүүс ч сууж байгаа. Хүн мэдэхгүй бол мэдэхийн төлөө л явна шүү дээ. Мэдэхийн төлөө явахад хөгшин байна уу, залуу байна уу, сайд байна уу, малчин байна уу хамаагүй. Мэдэхгүй байж байгаад мэддэг болдог.

  • Арван жил, их сургуульд философийн хичээл орно. Орохоороо философичдын намтрыг цээжлүүлнэ. Дараа нь шалгалт авахаараа тухайн философичийн төрсөн он сар өдөр төрсөн газрыг нь асуугаад хариулж чадахгүй бол муу тавьдаг?

Надад намтар мамтар хэдэн онд үхсэн гэдэг нь чухал биш. Өнөөдрийн бидний амьдралд ямар философич ямар ач холбогдолтой вэ гэдэг чинь л чухал байхгйү юу. Тиймээс 50 чухал философич гээд байгаа чинь өнөөдрийн бидний амьдралд ямар ач холбогдолтой вэ, ач холбогдолгүй бол төрсөн оныг нь ярьж цаг зарж амьдралаа үрэх ямар хэрэгтэй юм.

  • Аливаа улс хүчтэй байхын үндэс нь нэгдсэн том ойлголттой байх ёстой. Хятад улсын бат бөх байгаагийн үндэс нь Күнз гэдэг. Үүнтэй адил Монголд тийм үндэс алга л даа. Тийм болохоор л ийм яваад байна уу даа.

Тийм байхгүй юу. Чингисийг шүтээд л Чингисийгээ яриад байгаа чинь хөөрхий нэг тийм хүнтэй болчих юмсан гэсэн хүсэл нь. Тэр нь ном бичээгүй, бидэнд ёс суртахуун, сурган хүмүүжүүлэхийн юм үлдээгээгүй гадуур тэнэсэн л нэг нөхөр байсан юм шиг байна билээ шүү дээ. Тэр Чингисийн зураг гээд байгаа чинь Чингисийн зураг биш. 1930, 1940-өөд онд зурсан зураг байна гэж байгаа юм. Юун тэр Хубилай захиалга өгч зуруулсан байх вэ. Ёстой тэрэн шиг худлаа юм байхгүй. Бид худлаа зураг хардаг, байсан байгаагүй нь мэдэгдэхгүй худлаа хүнийг шүтдэг, нэг тийм үлгэрийн номтой.

  • "Монголын нууц товчоо”

Тийм. Чингисийн хөрөг, "Монголын нууц товчоо” гэсэн хоёрхон юм бариад л. Ийм хоёр юмаар л яваад байна шүү дээ. Хуудсыг нь эргүүлээд үзэхээр хов хоосон. Бид хоосон яваад байна. Энд тэндээс хайдаг. Буддын шашин руу нэг явж үзнэ. Мүүн рүү бас явж үзнэ. Христ, тэнгэрийн эзэн, Мария гэж нэг явж үзнэ. Янз бүрээр яваад байна. Сүүлийн 20 жил энэ хорвоогийн есөн шидийн шашин, мухар сүсгээр явлаа. Сүүл рүүгээ бөөгөөр явлаа. Бөө нар нь дотроо хуваагдсан. Буддизм руу нь орооор улаан, шар дээлтэн гээд бас хоёр хуваагдаад эхэлчихлээ. Яг яваад очихоор эд нар чинь цэвэр ариун биш байгаа байхгүй юу. Дотроо бөөн төгрөг, шунал эрх мэдлийн төлөө улс төрийн намаас ч айхавтар юм хийцгээдэг. Шашныхан чинь дотроо алалцахаараа улстөрчдөөс айхавтар.

  • Зодолдоно.

Зодолдоод нэгнийхээ толгойг хагалчихсан байсан шүү дээ. Хүний тархийг тэгтэл нь хагалж зодолдоно гэдэг аймар юм байгаа байхгүй юу. Тэгэхээр юун энэрэнгүй, нигүүлсэнгүй вэ. Өнөө гэгээрсэн ариуссан хүмүүс чинь хаана байна. Бид чинь өнөөдөр яг л ийм болчихсон байна. Бидний толгой дотор байгаа ухаан, сэтгэл зүй маань холион бантан болчихсон байна. Бидний толгой дотор байгаа ухаан, сэтгэл холион бантан болчихсон. Яахаа мэдэхгүй. Тийм учраас өнөөдөр монгол хүнийг юу гэж ч худлаа хэлээд гарыг нь хөтлөөд явахад бэлэн. Төөрчихсөн хүүхдээд ээж, ах чинь тэнд байна гээд худлаа хэлээд хөтлөөд явахад "За” гээд дагаад явахад бэлэн байдаг. Ямар ч монгол хүн ийм байна. Ерөнхийлөгч нь ч, ерөнхий сайд нь ч, лам нь ч, ээж аавууд ч. Ерөөсөө монгол хүн өнөөдөр яг л ийм байдалтай байна. Хэн ч молигдоод аманд нь чихэр үмхүүлээд гарыг нь хөтлөхөд дагаад явахад бэлэн байна. Өвгөн эмгэн ялгаагүй. Яг тийм байдалтай байна, өнөөдөр.

 

humanism.mn

 


Санал болгох

Сэтгэгдэл

top