MNBA Үндэсний лигийн дэд хэсгийн гурван тоглолт өчигдөр/12.24/ боллоо. Эдгээр тоглолтуудын тоймыг хүргэж байна.
Говь-Алтай аймаг ээлжит хожлоо авлаа
Үндэсний лигийн дэд хэсгийн тоглолт Завхан болон Говь-Алтай аймгийн багуудын хооронд боллоо. Тоглолтын эхнээс онооны харьцаа ойролцоо үргэлжилсээр байсан ч Завхан онооны илүү болж чадахгүй байсан юм. Улмаар шийдвэрлэх үеийн төгсгөлд оноо 11 болж холдов. Энэ нь тоглолтын турш Говь-Aлтай аймгийн хамгийн их оноогоор тэргүүлсэн тохиолдол болсон. Гэхдээ Завхан аймаг бүтэн талбайн хамгаалалт хийж оноог ойртуулсан ч эцсийн мөчид 80-83 харьцаатай хожигдол хүлээв. Тус тоглолтод Говь-Алтай багаас Ш.Азжаргал багаа 18 оноогоор багаа тэргүүлсэн байна.
Багануур баг гурав дараалан хожлоо
Энэ улиралд Үндэсний лигт анх удаагаа орж буй Багануур баг улиралыг хожигдолгүй эхлүүлээд байсан юм. Тэд энэ удаад улирлын анхны тоглолтоо хийж буй Хөвсгөл аймгийн эсрэг тоглолтоо хийлээ. Тоглолтын эхлэлийг Хөвсгөл аймгийн Б.Эрдэмтөгс гайхалтай хийж таван удаа алсын шидэлтийг амжилттай болгож 22-28 харьцаатай баг нь илүү эхний үеийг дуусгасан юм. Гэхдээ хоёр үед Багануур баг гайхалтай байж эсрэг багтаа ердөө 11 оноог алдаж өөрсдөө 24 оноог авсан. Улмаар долоон онооны илүү болж эхний хагасыг дуусгасан. Хоёрдугаар хагаст энэхүү тэргүүллээ хадгалж явсаар 90-81-ээр хожлоо. Ийнхүү Багануур баг дэд хэсгийг хожигдолгүй тэргүүлсээр байна. Энэхүү тоглолтод А. Бямбадорж 23 оноо авч багаа тэргүүллээ. Харин эсрэг багаас Б.Эрдэмтөгс 20 оноог авсан юм.
Сэлэнгэ баг гурав дахь хожлоо авав
MNBA Үндэсний лигийн дэд хэсгийн тоглолт Сэлэнгэ болон Баян-Өлгий аймгийн багуудын хооронд боллоо. Тоглолтын эхний хагаст Сэлэнгэ аймаг бага зэрэг илүү байж 33-42 харьцаатай тэргүүлсэн. Гэхдээ Баян-Өлгий аймгийн хамгаалалт сайн болж оноог гуравдугаар үед хоёрхон болгож ойртуулсан юм. Улмаар шийдвэрлэх үед тэнцүүхэн өрсөлдөөнийг хоёр баг үзүүлж явсаар эцсийн мөчид 72-79 харьцаатай Сэлэнгэ аймаг ялагчаар тодорлоо.
Б.ОД