Шинэ он давахтай зэрэгцэн монголчуудын хувьд Цагаан сар буюу хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярын уур амьсгал орж, тавгийн боов, чихэр жимс, цагаан ногоон идээний реклам сурталчилгаагаар "бөмбөгдүүлж” эхэлдэг нь гэм биш зан билээ. Түүний дотор Цагаан сарын баярын идээ шүүсний гол хүндтэй байр суурийг эзэлж, тухайн жилийн аж амьдралын өнгө төрх, амны хишгийн бэлгэдлийг илэрхийлдэг хонины ууц, үхрийн өвчүүний үнэ ханш зарим үед дотор муухайруулавч ёсыг бодож, нэрийг хичээн сарын орлогынхоо тодорхой (бараг тал) хувийг зарцуулдаг маань янзаараа. Энэ жишгийг дагаж өнгөрсөн амралтын өдөр мах болон өргөн хэрэглээний хүнсний барааны дундаж ханшийг барьдаг гэх "Хүчит шонхор” захыг зорилоо. Амралтын өдөр хэрэндээ эртлэн боссон ч замын түгжрэлд боогдсоор 10.30 цагийн орчимд тус хүнсний захад очиход машин тэрэг тавих зай завсар ч хомсдож, арилжаа наймаа аль хэдийнэ жигдэрсэн байлаа. Сар шинийн баяр арай алсхан байгаа хэдий ч долоо хоногоор ойртох тусам хамаг юмны үнэ хором цагаар нэмэгдчихдэг "уламжлал”-ыг санаж, эртлэн хөдөлсөн минь бас ч талаар болсонгүй. Ууц нурууны үнэ тэгтлээ тэнгэрт хөөрчихөөгүй байгаа бололтой. "Архангай, Өвөрхангай, Дундговь, Сэлэнгээс ирсэн” гэх хонины ууц, гулууз, үхрийн өвчүүг ёстой л ёоз ёозоор нь өрсөн худалдаачид нэхий дээл, дах дэгтий, үстэй малгай дороос уур савсуулах шахам "халуун үнэ” хэлж, "ярина, хөөрнө” л гэцгээж байна. Нэлээд явлаа. Дундажлаад бодвол 25 кг-ээс дээш жинтэй, төлөгнөөс арай дээгүүр хонины гулууз мах хамгийн доод тал нь 140-170 мянган төгрөгийн ханштай байна. Үүнээс цааш 30-40 кг жин татах оцойж овойсон сүүлтэй хонины мах 280 мянга хүртэл төгрөгөөр үнэлэгдсэн байлаа. Урьд өмнөхийг бодвол бэлтгэн нийлүүлэгчид Цагаан сарын ууцны маханд нэлээд ач холбогдол өгч, анхаардаг болсон шиг санагдсан. Учир нь, жижиглэнгийн махтай харьцуулбал хадгалалт хамгаалалтад нь санаа тавьж, өвчүү цоройг нь цэвэрхэн эвдэж, арьс нэхийгээр нь хулдаж тээвэрлэдэг болсон байна. Бас гулууз махны дотор гургалдай энэ тэрийг нь багтааж, хонины толгойг цээжинд нь наагаад хөлдөөчихсөн байх юм. Энэ нь идээ шүүснийхээ дээр тавих толгойг тусад нь хайж явахгүй боломжийн шийдэл шиг харагдаж байлаа. Хонины гулууз мах нийт жин болон үзэгдэх байдлаасаа шалтгаалан (сүүлний хэмжээ, тарган туранхай) харилцан адилгүй үнэтэй байгаа ч дундажлаад үзвэл кг нь 6500-7500 төгрөг болж байлаа. Үүнийг одоохондоо боломжийн гэж үзэж болохоор байгаа юм. "Хүчит шонхор” захын махны жижиглэнгийн тасаг дээр хонины нэг кг ястай мах 6500-6900, цул нь 7000-7800 , төгрөгийн ханштай худалдаалагдаж байсан юм. Харин Цагаан сарын баярын буузанд голчлон ашигладаг үхрийн махны үнэ багагүй өссөн байна.
Тодруулбал, үхрийн нэг кг ястай мах дунджаар 8500- 9000 төгрөг байгаа бол цул нь 10-12 мянган төгрөгт хүрчээ. Энэ нь олны таамаглаж байгаагаар хятадууд үхрийн махыг ихээр авч, хагас боловсруулан хил давуулж эхэлсэнтэй холбоотой гэх боловч "Хүчит шонхор”-ын худалдаачид нийлүүлэлт багассан нь үнэн ч сар шинийн баярын үеэр иймэрхүү үнэ ханштай болдог тухай хэлж байлаа. Орон нутгаас шинээр нь авчирсан үхрийн өөчүү ховор байгаагаас харахад энэ тайлбар бодит байдалд ойрхон санагдсан. Дундговийн Эрдэнэдалайгаас авчирсан гэх үхрийн өвчүүг кг-ыг нь 6800-гаар тооцож худалдана гэж байгаа залуутай уулзаж ярилцлаа. "Өнгөрсөн зун, намар сайхан байсан болохоор малын тарга тэвээрэгч гайгүй, одоохондоо өвөлжилт хэвийн байна” гэж ярих малчин залуу Н.Эрдэнэсайхан сар шинийн бэлтгэлээ хийхээр хэдэн бог, бод нядалсан гэнэ. Тэдний нутаг оронд хятадууд мал мах өндөр үнээр худалдаж авч байгаа явдал байхгүй гэдгийг тэр хэлж байсан юм. Тэрбээр, өөрийн төхөөрсөн үхрийн өвчүүг тавгийн шүүс болгоход бэлтгэн ном журмаар нь янзалсан гэдгээ хэлж, "дунджаар 25-40 кг татна” гэж сурталчилж байлаа. Өнгөрсөн бямба гарагт гадаа хүйтэн байсан ч иргэд баярын бэлтгэлээ базаахаар хөгшин залуугүй л хөшилдөж байв. Энэ удаа "Хүчит шонхор” зах дээр нэг сонирхолтой худалдаа үзлээ. Махны төрөлжсөн худалдааны павильон дотор орж, хонины дан сүүл сураглатал "Хэдийг авах юм бэ” гэж байна. Өчнөөн хонины гулууз махны цаана мөн л олноор нь овоолсон харагдана. Гэтэл нэг кг-ыг нь 6000-аар бодоод хэдэн ч сүүл худалдахад бэлэн байгаагаа хоёр залуу хэллээ. "Сүүлийг нь тасадчихсан мах авах хүн байдаг юмуу” гэж сонирхвол сүүл байтугай өөхтэй хэсгийг чь салгаад авчих гэдэг хүн ч байдаг тухай сонсоод ёстой л "нүд орой дээрээ гарах” гэгч боллоо. Сүүлийн үед монголчуудын зарим нь эрүүл мэнддээ анхаарч, өөх тосноос татгалздаг болсон нь энэ юм байх. Мөн малын дайвар бүтээгдэхүүний тусгайлсан тасагт хүний хөл хөдөлгөөн их байдаг болсон байна билээ. Үхрийн цагаан гүзээ, адууны цагаан гол, умс хитай, хонины гэдэс цувдайны эрэлт ихэсч байгааг худалдаачид хэлж байсан. Үүнийг дагаад үнэ нь ч харьцангуй өсч, ямааны махтай бараг өрсөлддөг болсон байна. Хөдөөнөөс оруулж ирсэн, хонины шинэ цувдай гэдэс 5000 төгрөг байхад адууны умс хитай, үхрийн зүрх 4500 төгрөгөөр борлогдож байлаа. Тэдгээрийн нийлүүлэлт бас ч сайнгүй болохоор үдээс хойшдоо олдохгүй янзтай болдог тухай худалдагч нар "ам халж” байсан юм. Харин хонины хөлдүү цувдай гэдэсний хувьд жаахан асуудалтай байна. Хонины шинэ гэдэсний шөл уучих санаатай хөдөөний нэг нөхрөөс ганц цувдай авсан чинь ихэнх нь дотор өөр байж баахан гонсойлгов. Амралтын өдрийн сонин сайхан нэг иймэрхүү.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин