|

1072 ширхэг хувьцааг бэлэн мөнгөөр олгож эхэлсэн үү?

saikhnaa 2016/04/14 13142 3767

 


Монгол улсын иргэн бүрт Тавантолгойн хувьцааны мөнгийг бэлнээр олгож эхэлсэн гэх шуум дэгдэв. 2012 оны сонгуулиас хойш бид 1072 ширхэг хувьцааг эзэмших эрхтэй болсон нь үнэн. Тухайн үедээ МАХН-аас хамгийн их мөнгийг буюу 1 сая 500 мянган төгрөгийг амлаж байсан. Харин АН нэг сая төгрөг буюу хувьцаа олгохоор тогтсон. Хувьцааг эзэмшүүлсэн нь хамгийн бодитой ажил болсон ч харамсалтай нь хүмүүс хэзээ ашгаа хүртэх нь тодорхойгүй байгаа бөгөөд горьдлого тасралгүй хүлээсээр байгаа юм. Гэтэл гэнэт энэ сэдэв дахин эрчээ авч сэргэлээ. Учир юу вэ гэвэл, саяхнаас дээрх хувь хишгийг түгээж, иргэдийн дансанд орж байгаа талаар амаас ам дамжин яригдаж эхэлснийг магад та ч сонссон биз. Хэчнээн үнэмшилгүй ч гэлээ асуудлыг баталгаажуулахаар зорисон юм. Үнэмшилгүй гэхийн учир нь Засгийн газрын 181-р тогтоолд "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд 1072 хувьцааг саналын эрхгүй, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлэх, үндэсний аж ахуйн нэгжид худалдах ажлыг зохион байгуулах нь зүйтэй” гэсэн байдаг билээ.

Ингээд Урт цагааны урд ХААН банктай байранд бүртгэл хийж байгаа гэх сургаар очлоо. Тэнд яг дээрх мэдээллийн сургаар олон хүн цугларч, дараалал үүсгэжээ. Тэд энэ талаар бүгд танилуудаасаа ам дамжуулан дуулсан байх юм. Тодруулбал "манай нэг танилын танил Тавантолгойн хувьцаанаасаа 500 мянга, 800 мянга, нэг сая төгрөгийг хүртэл дансаараа авсан гэнэ” гэх яриаг хэн нэгэн танилаасаа сонссон гэцгээв. Харин энэ талаар албаны хүмүүс "цэнхэр, ягаан тасалбартай андуурсан байж магад, эх орны хувь хишгийг хэн ч захиран зарцуулах эрх нь бүрдээгүй байгаа шүү дээ” гэсэн хариултыг өгсөн юм. Тэгэхээр энэ бол ямар ч үндэслэлгүй цуу яриа болж таарав. Гагцхүү үүнийг хаанаас хэн тараасан нь сонирхолтой. Иргэдийн эмзэг сэдвийг хөндөж, ямар зорилгоор ийн цуу үг тарах болов. Энэ нь хэнд ашигтай вэ гэх мэтээр асуултууд араасаа цуварч байна. Ямартай ч "Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв” ТББ-аас олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч, улмаар иргэдийн өргөдлийг хүлээн авч, энэ сарын 15-нд Засгийн газарт хүлээлгэн өгөх юм байна. Уг өргөдөлд Тавантолгой ХК-ийн хувьцааг иргэн бүр өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болох талаар дурджээ. Эх орны хишиг иргэн бүрт уриатайгаар баталгаажсан уг үнэт цаасыг иргэдэд эзэмшүүлээд өдгөө таван жил болж байна. Хэрэв 2012 оноос нэг иргэн хувьцаагаа арилжаанд гаргаж сая төгрөгөөр худалдаад, мөнгөө жилийн 14 хувийн хүүтэй банкинд хадгалуулсан бол 1 сая 688 мянга 960 төгрөг болон өсөх байж.

Уг нь хувьцааг эзэмшиж байгаа үед тухайн компани ашигтай ажиллавал ногдол ашиг авдаг. Хэрэв ногдол ашгаа өгөхгүй бол хувьцаагаа зарж борлуулдаг. Түүнчлэн хувьцаануудыг худалдан авч төвлөрүүлэх замаар ТУЗ-д орж, шийдвэр гаргаж ажиллах бүрэн боломж бий болдог. Энэ бол хувьцааны талаарх хамгийн энгийн ойлголт. Одоогоор 1072 ширхэг хувьцааныхаа нэг сая төгрөгийг өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 2010-2012 онд оюутан байсан иргэдэд төрөөс өгсөн. Харин үлдсэн 2,5 сая иргэд эх орныхоо хувь хишгээ хэзээ хүртэх нь тодорхойгүй байна. Гагцхүү Засгийн газраас өгөх хариултыг л хүлээх үлдлээ.

Ю.Халиун


Санал болгох

Сэтгэгдэл

top