|

СТА Г.Баатархүү: Үзэгчид маань биднээр л Монголыг төсөөлдөг

bayaraa 2015/01/06 5066 624

СТА Г.Баатархүү: Үзэгчид маань биднээр л Монголыг төсөөлдөг 	 		 Монгол цирк дэлхий дахинаа өөрийн онцлог гайхамшгийг цаг ямагт мэдрүүлдгээрээ аугаа билээ.Тэр  дундаа салхи

татуулан исгэрэх морин дээр бүжин наадах залуусыг Монголын үзэгчид төдийгүй гадаадын жуулчид  гайхан биширч, Морьтны Монголоор бахархан  цэнгэдэг. Ийнхүү Монгол улсаа, Монгол Морин Циркийн урлагийг гадныханд, дэлхий дахин таниулахад үнэтэй хувь нэмрээ  оруулж яваа эрхэм бол .Бүгд Найрамдах Солонгос Улсын Чэжү арал дахь Монгол жүжигчдийн "Шонхор” морин циркийн захирал бол Г.Баатархүү юм. Тэрээр Солонгос улсын Чэжү арал дахь Морьтны циркид 10 гаруй жил тасралтгүй ажиллаж Монгол улсынхаа соёл урлагаар дамжуулан эх орноо дэлхий дахинд сурталчилж яваа нэгэн. Г.Баатархүү өнгөрсөн жил буюу 2013 оноос тус "Шонхор " циркийг албан ёсоор байгуулж, Монгол улсдаа бүртгүүлсэн байна.

Тэрээр БНСУ-д гэрээгээр ажиллаж буй 30 гаруй Монгол ажилтны эрх ашгийг дээдлэн, Монгол Улсын хууль тогтоомж болон иргэний үүргээ давхар биелүүлж татвар, даатгалаа цаг хугацаандаа төлөн БНСУ-д үйл ажиллагаагаа явуулж байна.Шонхор цирк нь 950 хүний суудалтай циркийн дугуй манежинд өдөртөө 3-5 тоглолт хийдэг аж.Тус цирк өдөрт 3500-5000гаруй солонгос иргэдэд Монголынхоо гайхамшигт түүх соёлыг таниулж, Чингисийн морьтон Монгол хаана хүчирхэг хэвээр гэдгийг гайхуулсаар явна.Тэрээр БНСУ-ын Чежү арал дахь Морьтны циркид 10 гаруй жил ажиллахдаа гадаад, дотоодын 15 сая гаруй жуулчдад тоглолтоо хүргэсэн байна. Энэ нь гадаадын жуулчдад Монгол улсынхаа түүх соёл, зан заншлыг сурталчлах, жуулчдыг эх орондоо татах, морьтны циркийн гайхамшигт үзүүлбэрүүдээ зөвхөн Монголоороо овоглох, Монгол циркийг дэлхий дахинаа таниулахад үнэтэй хувь нэмэр  болж буй  юм. Шонхор  циркийн  захирал СТА Г.Баатархүүтэй цөөн ярилцсанаа  уншигч  танаа  хүргэж  байна.

- Сайн байна уу?Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та Солонгосын Чежү аралд  Шонхор циркийг ажиллуулаад нэлээн удаж байна. Морин цирк байгуулах нь таны эртний мөрөөдөл байв уу?
Сайн байнa уу? Танд болон танай сайтын нийт уншигчиддаа энэ өдрийн  мэнд хүргэе. Морьтны цирк  нээгдээд  арван гурав дах жилдээ тоглолтоо хийж байна дунджаар гадаад дотоодын 15-н сая жуулчдад тоглолтоо үзүүлсэн. 2000 онд ХБК төгсөөд нэг жил УАДБЭЧуулгад бүжигчинээр ажиллаж байгаад Чежүд СТА Г.Балдандаваа багшийн удирдлаган доор морины циркийн урлагт суралцсан.Чежүд тасралтгүй 13 жил болж байна.Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөх аргагүй морин дэл дээр дарцаглаж дэлхийн талыг эзэлсэн шүү дээ.Дэлхийн талыг эзлэхэд морьгүй байсан бол бас яах байсан бол гэж боддог.Монгол морьны гавъяа их ... Морин цирк байгуулах тухай эртнээс боддог байсан. Хүн хүсэл тэмүүлэлтэй хийж байгаа зүйлдээ үнэнч байж эцсийг нь  үзэх хэрэгтэй санагддаг. Тиймээс ч мөрөөдлийхөө төлөө зүтгэж л байна даа.Анх би энд жүжигчнээр ирсэн.Арван хэдэн жил шантралгүй зүтгэсэн.4 жилийн өмнө ахлагч болсон.Тэгээд  бид ААН байгуулснаар улс эх орноо гадаадын жуулчдад  өвөг дээдсийнхээ түүх, соёлыг таниулан сурталчлах, жуулчдыг эх орондоо татах, морьтны циркийн гайхамшигт үзүүлбэрүүдээ эх орноороо овоглох, Монголын морьтон циркийн үзүүлбэрийг дэлхийд таниулах зорилготой юм.
Шонхор цирк нь БНСУ-д гэрээгээр ажиллаж буй хамтлаг бөгөөд тухайн хамтлагт ажиллаж буй 30 гаруй ажилтны эрх ашиг, Монгол Улсын хууль тогтоомж болон иргэний үүргээ биелүүлж татвар, даатгал болон бусад харилцаанд хамрагдах хүсэлтэй байгаа. Иймээс энэ онд Шонхор циркийг албан ёсоор  хууль зүйн  дагуу байгуулж Монгол Улсдаа бүртгүүлсэн. Олж байгаа орлогоосоо улсдаа татвараа төлж өөрийн чадах хэмжээгээрээ улсынхаа хөгжилд нэмэр болмоор байна.

-Шонхор цирк өнөөдөр ямар  уран бүтээл дээр ажиллаж байна?
Бид Солонгост төдийгүй эх орондоо үйл ажиллагаагаа өргөтгөн хийхээр  төлөвлөсөн ажлууд их бий.
Манай Шонхор цирк одоогоор агаарын үзүүлбэр, уран нугаралт, сургуультай морь, морин дээрх үзүүллбэр (джигит) урлагийн чиглэлээр ажиллаж байна, Цаашдаа аялал жуулчлал болон  морины залуу жүжигчдээ сургах албан ёсны эрхтэй  болохоор  төлөвлөж ажиллаж байна.

-Солонгост монгол адуу аваачиж тоглуулдаг уу, эсвэл эрлийз адуунууд уу?

Түүхэнд Чежү арлыг Их эзэнт гүрний үеийн  тулалдааны түүхэн газар бааз Эзэнт гүрний дорнод хил байсан гэж тэмдэглэсэн байдаг.Манай тоглолт хийдэг морьд бол аль 13-р зууны үед үлдсэн монгол морьдын удам. Одоо харахад хэн ч солонгос морь гэхгүй яг монгол морьд байдаг, бас орос морь, эндэхийн эрлийз морь, бас жижигхээн PONY морь ч байгаа Чэжүгийн хүмүүс өөрсдийгөө монгол цустай гэж их бахархаж ярьдаг, тэд ч бас морийг (МОР) гэж ярьдаг. Хүмүүсийнх царай ч Солонгос хүн гэхээсээ Монгол хүнтэй төстэй.

-”Монгол морьтон” циркийн ялгарах, омогших гол онцлог нь юу байдаг вэ?
Монгол хүн угаасаа морин дэл дээр гараад л хийморь нь сэргэдэг.Бидний  омогших гол зүйл бол бид Чингисийн удам, бид монгол баатар гэж омогшдог. Тоглолт үзэхээр ирж байгаа гадаадынханд мэдрүүлэх тэдний сүрдэж байгааг харж мэдрэх сайхан байдаг.
Хаа ч явсан Монголынхоо нэрийг, хүчирхэг өвөг дээдсийнхээ түүхийг  сануулж, тэдний удам тасраагүй, Монгол хэзээ ч хүчирхэг  гэдгээ  тоглолтоороо үзүүлдэг. Хэдэн мянган жилийн түүхтэй төрт улсынхаа Монгол гэдэг нэрийг өндөрт өргөж явдагтаа омог бардам байдаг.Чэжүд монголчуудын бахархал болсон морин циркийн жүжигчин залуус байдаг. Монголын хоёр морин цирк байдгийн нэг нь  Шонхор цирк. Хоёр морин цирк  өөр өөрийн онцлогтой. Нөгөө цирк маань гадаа стадионд тоглолтоо шулуун замд  хийдэг 60 орчим залуучууд байна, Өдөртөө 3-5 тоглолт хийдэг. Шонхор цирк маань циркийн дугуй манежинд өдөртөө 3-5 удаа тоглолт  хийдгээрээ онцлог юм. 10-60 насны гуч гаруй жүжигчидтэй. 950 хүний суудалтай гээд бодохоор өдөрт  3500-5000 үзэгчдэд тоглолтоо хүргэдэг. Монголынхоо соёл урлагаар  дамжуулан улсаа сурталчилж байна даа.

-Манай монголчуудын морин циркийн үзүүлбэрүүдийг олон орны хүмүүс хэрхэн хүлээн авч байх юм?
Үзэгчид маань биднээр л Монголыг төсөөлдөг. Тун их хүндэтгэлтэй  хүлээн авдаг. Солонгос урлаг соёлын  одууд  хүртэл ирж үзээд  бидэнтэй зургаа авахуулж хамтран ажиллах саналууд ч тавьдаг. Солонгос хүмүүс их сэтгэл хөдлөлтөй орилж үздэг, сургуулийн сурагчид амралтаараа бөөндөө ирэхээрээ тоглолтын ая сонсогддоггүй  манай жүжигчдийг тоглолт дууссаны дараа ч явуулахгүй хамт зургаа даруулж гарын үсгийг нь  авдаг.Хятад, Тайван,  Япон болон бусад хүмүүс тоглолт дууссаны дараа ч сандалдаа суугаад удаан алга ташдаг.
Манай тоглолтыг 5 дахиа  ирж үзэж байна гэдэг хүн ч байдаг жил болгон байнга үздэг хүмүүс ч бий. Солонгост байгаа Монголчууд маань ирж үзээд нулимс унагах нь ч байдаг.

-Дэлхийд гайхагдсан Монгол цирк хэзээ нутагтаа ирэх вэ?
Ойрын үед манай цирк өргөтөл хийж бас шинэ жүжигчид  авах шинэ морьд сургах гээд ажил ихтэй байгаа. Ер нь монголдоо тоглолтоо хийх бодол мөрөөдөл бий. Төлөвлөсөн зүйл ч бий .Гэхдээ одоохондоо нууц үлдэг./инээв/. Би дэлхийн хаа ч явсан тухайн улсын сайн сайхан гэгээлэг зүйл монголд минь байгаасай,  тэрийг хийж бүтээх юмсан гэж байнга бодож явдаг.
Монгол хүн  хаа ч явсан монголоо санаж бэтгэрч байдаг шүү дээ.

-Циркийг олон улсын урлаг гэж яриад байна л даа.Таны бодлоор Монголын циркийн хөгжил ямар түвшинд яваа бол? Ололттой болон дутмаг  тал нь юу байна?
Олон улсын урлаг гэдэг үнэн шүү.Азидаа бол манай монгол анхны цирктэй улс шүү дээ. Аль ч орны хүмүүс хаанахын ч цирк тоглосон юу ч гарсан  ойлгоно.Манай монголын цирк одоо бол уналтанд орсон шүү дээ. Урд нь ямар байлаа  хүүхдүүд  сургуулийн амралтаараа цирк үздэг, сайхан байр оронтой  амьтадтай улсын цирктэй байлаа.
Одоо юу байна ?ямар амьтан байна ? өөрийн гэсэн морь ч байхгүй үүнийг хөгжиж байна  дээшлэж байна гэж үзэх үү. Сайн тал бас байна олон бие даасан хамтлаг төрөл төрлөөр гарч хоорондоо өрсөлдөж сайн уран бүтээл гарч байгаад сайхан байдаг. Уул нь бид мэргэжлийн жүжигчид өөрийн байр савандаа  тоглолтоо хийж орон гэртээ ижий, аав, элгэн садантайгаа байж улс орныхоо нэрийг гаргасан тоглолтууд хийж байдаг бол гэж бодогддог шүү./санаа алдав/

-Чежү  аралд хичнээн  Монголчууд байдаг вэ?
Чэжү арал дээр монголын морин циркийн жүжигчид болон их дээд сургуулийн оюутан залуус ажилчид гээд 300 гаран монголчууд байдаг.Цаашдаа ч оюутан залуус Чэжүд олноороо ирж суралцдаг болж байна. Чежүд байгаа  Монгол залуу хүн бүрт хүрч ажиллахыг хичээж байна. Чежүд Монголчууд маань их сайн  нэртэй. Биднээр   энэ нутгийнхан болоод олон мянган жуулчид бахархдаг.

-Цаашдынхаа зорилгоос  бидэнтэй хуваалцаач? Залуучуудынхаа төлөө хийхээр төлөвлөсөн ажлууд их  л байгаа байх?
Цаашдаа Чэжү дэх залуучуудыхаа анхны спорт наадмыг зохиох бодолтой байгаа. Хамгийн гол нь гадаадад ажиллаж амьдарч  байгаа  залуусынхаа эрх ашгийг хамгаалах тэднийхээ эх оронтойгоо холбох албан ёсны байгууллагатай болж орон сууц боловсрол нийгмийн олон талт үйл ажиллагаанд хамруулах боломжтой болж байгаад маш их баяртай байна. Залуучууд маань ажиллаж хангалттай цалин авч байгаа ч  байрны  зээл авах, эчнээгээр онлайнаар суралцах асуудлыг хийхээр төлөвлөөд байгаа.

Баярлалаа. Амжилт хүсье



Санал болгох

Сэтгэгдэл

top