Цин Шихуанди Морин дэл дээр хятад угсаатныг нэгтгэсэн боловч, эзэнт гүрний нь дотоод байдал шил, шаазан мэт эмзэг, хэврэг байв.
Тухайн үед хятадын ард түмэн нэг хэлт угсаатан хэдий ч соёлын ялгаа нь бие биеэ хялайж харах шалтгаан болж байжээ. Энэхүү соёлын ялгааг арилгахаар Цин Шихуанди мориноосоо буулаа.
Юун түрүүн орон нутагт салан тусгаарлах хүч төвлөрөхөөс сэргийлж эзэнт гүрнээ 36 бүст хуваажээ. Цаашлаад Улс орон даяар нэгдмэл хэмжүүр, зоос, зам, харилцаа, албан бичгийн нэг стандарт мөрдүүлэв. Улмаар Цин Шихуанди мөхсөн төрийн үзэл суртлыг хадгалсан хуучин ном, судрыг шатаав.
Гэвч ард олон төр улсын мөхөөж, соёлын устгасанд хонзогнож Цин Шихуандийн ноёрхлыг ил, далдаар эсэргүүцсээр байжээ. Хатуу хяналт дор бослого үймээн зохион байгуулах боломжгүй байсан ч түүний амь насанд халдах явдал удаа дараа гарсан гэдэг. Ийм дарьтай торх шиг улсад гадаад биш, дотоод аюул юу юунаас илүү заналхийлж байжээ.
Эртнээс хятадын төрүүд түшмэдийн тогтолцоонд шүтдэгээс хүнд суртал, дарангуйлал хирээс хэтрэх явдал ёс мэт давтагддаг байв. Татварын дарамт, дарлал мөлжлөгт талхлуулсан хятадын ард түмэн эрх чөлөөг мөрөөдөн олноороо төрөлх нутгаа орхин дүрвэх үзэгдэл үеийн үед л байсан. Энэ л дүрвэлт Цин Шихуандийн их гүрнийг мөхөөх бодит аюул байв. Гэвч хашир чоно Цин Шихуанди "дүрвэх аюул”-г зөн совингоороо мэдэрч байлаа.
Удтал баясгасны эцэст Цин Шихуанди дүрвэгсдийн хөлийг үүрд туших мэргэн санаа олов. Хятад орон нь өмнөд болон зүүн зүгтээ далай, баруун талаараа байгалийн саадтай байрлалд оршдог учир ганцхан хойд хилээрээ Гадаад ертөнцөд холбогдох гарцтай байв. Энэ нээлттэй орон зайд гарах, ороход хяналт тавьж чадвал Шихуандийн мөрөөдөл Нэгдсэн Цин гүрэн бэхжих болно.
Ингээд Цинь Шихуанди Цагаан Хэрмийг барих ажлыг зориглон эхэлжээ. Үлэмжхэн хүн хүч, хөрөнгө мөнгө золиослохгүй бол тийм нүсэр байгууламжийг босгох бололцоо байсангүй. Ийм нөхцөлд улс орныг бүхэлд нь дайчлах улс төрийн үзэл суртал зайлшгүй хэрэгтэй байсан юм. Эцэст нь Цагаан Хэрмийг нүүдэлчдийн довтолгооноос хамгаалах зорилготой гэдэг домгийг зохиожээ. Цагаан Хэрэм бол гадна талдаа тийм мэт боловч дотоод мөн чанар нь тэс өөр зориулалттай баригдсан байгууламж юм.
Ер нь Цагаан Хэрэм хятад орны нэгдлийг хадгалах гэсэн олон бодлого, оролдлогуудын нэг нь л байжээ.
Тухайлбал, 14 дүгээр зуунд Монголын хятад дахь Юань гүрэн мөхөж, Мин гүрэн байгуулагдлаа. Их Монгол Улс одон орны судалгаанд асар их хүч хаяж, далайцтай эхэлснийг залгамжлагчид нь Евро-Азид 100 гаруй жил үргэлжлүүлсэн байна. Юань гүрэн гэхэд одон орон судлахаас гадна далайн аялалд томоохон амжилт олжээ.
Юань гүрний далайчид Зүүн Өмнөд Азийн орнууд, Индонез, Цейлон, Энэтхэгт, цаашлаад Арабын хойг, Африкийн дорнод эрэг, Мадагаскарт очиж байсан мэдээ бий.
Энэ л замаар Мин гүрний далайчин Жэн Хэ аялах мөрөөдөлтэй нэгэн байжээ.
Жэн Хэ Мин улсыг далайн их хүчирхэг гүрэн болох ирээдүйтэй болохыг Жу Ди буюу Юн Лэ хаанд сэнхрүүлж, флот байгуулах зөвшөөрөл авчээ.
Жэн Хэ 1405-1433 онуудад Индонез, Тайланд, Цейлон, Калькутта, Ормуз, Аден, Улаан Тэнгис, Могадишод хүртэл аялав. Жэн Хэгийн аялал эзэнт гүрэнд эд баялаг авчирсан ч, удалгүй түүнээс дутуугүй аюул дагуулах үр дагавартай болж хувирав. Жэн Хэгийн аяллын мөрөөр хятадын цагаачдын урсгал гадагш хөвөрч эхэлжээ.
Энэ үйл явдлыг ажигласан Хятадын ноёд, түшмэлүүд далайн аялал эзэнт улсад хүч нэмэх бус, харин ч задлах, хүн ардын санаа сэтгэлийг урвуулах аюул гэж харлаа. Ийнхүү Жэн Хэг 1435 онд нас бармагц флотыг тараасан байна. Энэ мэтчилэн Цин Шихуандийн бодлого үргэлжилж Хятад орон далайн хил хязгаартаа үл үзэгдэх Цагаан Хэрэм босгож байсан түүх бий.
Өнөөгийн БНХАУ цахим сүлжээнд онцгой хяналт тавьдаг бөгөөд энэ хяналт, хязгаарыг "Их Галт Хэрэм” (great-fire-wall) гэж нэрлэдэг билээ. Цин Шихуанди 2200 гаруй жилийн өмнө мөнх бусыг үзсэн ч түүний бодлого, зорилго өнөөдөр амьд байна.
Түүх, ард түмэн хоёр хэрэгтэй цагтаа баатраа төрүүлдэг гэдэг. 1644 онд Манжууд Мин улсыг мөхөөв. Тэр цагаас хойш Хятад орон 20-р зууны эхэн хүртэл гаднын эрхшээлд байжээ. Манжийн төр унасан 1912 оноос 1949 оны хооронд иргэний дайны самуунд туйлдсан ДИУ үлгэн салган тусгаар тогтнож байсныг эс тооцвол хятадын ард түмэн 300 зуу гаруй жил харь улсын захиргаанд байлаа. Гэвч бурхан мартсан мэт нэг өдөр байхад нүүр тал өгч, өөдөө дээшээ татах өөр нэг өдөр ирдэг жамтай ажээ. Эрин зуун нь өөрийнхөө Цин Шихуандиг хятадын ард түмэнд бэлэглэх цаг нэгэнт болжээ. Ийнхүү Хятадын 20 дугаар зууны Цин Шихуанди Коммунист намын удирдагч Мао Зэдун нэрээр мэндэлсэн юм.
Мао Зэдун бол хятадын хувьсгалч, улс төрийн онолч, коммунист удирдагч байлаа. Тэр бээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг 1949 онд байгуулагдсанаас хойш 1976 онд нас барах хүртлээ удирдахдаа, социализм байгуулахын төлөө нийгэм-улс төрийн Их үсрэлтийн бодлого, Соёлын хувьсгал зэрэг хөтөлбөрүүд санаачилсан хүн юм.
Маогийн явуулсан бодлого нийгэмдээ "бүтээлч сүйтгэл” хийх зорилготой байсан боловч хэт түргэдсэн тул 1950-аад оны төгсгөлд хөдөө аж ахуйг хамтралжуулсны хор уршгаар хүн амын дунд өлсгөлөн нүүрлэн 20-40 сая хүн нас баржээ.
1960-аад онд "Соёлын хувьсгал” нэрийн дор Маогийн "Улаан хамгаалагчид” улс орон даяар өөрөөр сэтгэгчдийн шахан хавчих, хуучин соёлыг устгах ажил өрнүүлэв. Их сургууль, хувийн номын санд хадгалагдаж байсан сая сая номыг шатаасан нь Цин Шихуандиг яах аргагүй санагдуулж байлаа.
Хятад орон нүд ирмэх зуур бөөнөөр хорих хөдөлмөрийн лагерь, цөллөгийн орон болж хувирлаа. Маогийн шинэчлэл 50-70 сая хүний амь насаар туршигдсан гэдэг.
Соёлын хувьсгалын үед их сургуулиудыг хааж, оюутнуудыг албан хөдөлмөрт хөөн, улс орны өнцөг булан бүр рүү цөлөв. Хятадын олон сэхээтэн залуучууд малчдад туслах нэрийн дор хөдөө, орон нутагт томилогджээ.
Тэдгээр сэхээтнүүдийн дунд Люй Жяминь гэдэг хятад залуу байжээ. Люй Жяминь 1967 онд Бээжин хотоос Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошуунд туслах малчнаар ирэв.
Хөдөө нутаг, адуу малын бэлчээрээс хол хөндий, хот суурин газар өссөн залууд нүүдэлчин амьдрал гэдэг төсөөллийн хязгаараас давсан цоо шинэ ертөнц байжээ.
Хоёр өөр амьдрах хэв маяг, соёл, сэтгэлгээний ялгааг харьцуулах тусам нүүдлийн соёл ба суурин тариачны соёл өөр өөрийн давуу талтайг ухаарч, цааш шимтэн ажиглах болжээ.
Тэрээр чонын амьдралаас сэдэвлэн тал нутгийн амьдрал байгалийн шалгарлын дэнсэнд захиргадгийг танин мэдэж, улмаар нүүдэлчид ч бас талын чоно шигээ байгалийн хуулийг шүтэн аж төрдгийг ухаарчээ.
Люй Жяминь 30 гаруй жилийн дараа монголчуудын дунд олон жил ажиллаж, амьдарч байсан залуу цагаа дурсан, он удаан жил шижир алт мэт тунгаасан нүүдлийн соёлын тухай санаа бодлоо цэгцлэн, 2004 онд "Чонон сүлд” романаа хэвлүүлсэн юм. Түүний утга зохиолын нууц нэрийг Зян Рун гэдэг билээ.
Зян Рун зохиолч номынхоо өмнөтгөлд "Би Монголын тал болон чонын соёлд халуун хайртай болсон нь түүний байгалийн гайхалтай үзэмжид автаад зогсоогүй, нүүдэлчин соёлын ухамсарт түүнээс ч илүү үнэ цэнэтэй зүйлс байгааг ойлгож ухаарсан хэрэг. Тэр нь нэг талаас чөлөөт бие даасан ухамсрыг шаргуу дээдлэхийн зэрэгцээ нөгөө талаар хүрээлэн буй байгаль орчноо хамгаалах тал дээр хувь хүний ухамсар тод илэрдэгт байгаа юм. ” хэмээн дурдсан байна.
Цааш нь Зян Рун зохиолч өөрийн үзэл санааг дараах байдлаар урнаар илэрхийлжээ.
”Хээрийн хөх чоно тал нутгийн эзэн хүнтэй ямар нэгэн нууцлаг сэжмээр холбоотой, хэрэв орог саарал чоныг ойлгочихвол Монголын нууцлаг тал болоод малчин ардыг ойлгож болмоор бодол төрдөг болжээ”(31-р тал),
"Чэнь Жэнь аажмаар тал хээрийн чоно болоод чоныг сүр сүлдээ болгон дээдэлдэг тал нутгийн үндэстнийг бишрэх сэтгэл төрөв”(48-р тал).
"Чоныг ойлгохгүй бол нүүдэлчин үндэстнүүдийн оюун санаа, зан чанарыг ойлгохгүй, тэр тусмаа суурьшмал үндэстнүүд юугаараа өөр болон давуу, сул талуудыг ойлгож мэдэхгүй. Хятадууд чоныг үзэн ядсаар байгаад түүний мөн чанарыг ойлголгүй хоцорчээ.”(233-р тал)
Тэр бээр Билэг өвгөний дүрээр өгүүлэхдээ… "Танай хятадууд өвс идсээр байгаад хонь шиг болсон улс, харин манай монголчууд мах иддэг чоно л гэсэн үг. Тийм болохоор чи жаахан ч гэсэн чонын зүрх зоригтой болбол зүгээрсэн”(44-р тал) гэж хятадын уламжлалт Күнзийн суртахууныг хүчтэй шүүмжилж, улмаар хятад орны хөгжлийг хойш чангаасан хуучин суртлыг халж, нүүдэлчдээс чонон үзэл санаагаар суралцахыг уриалжээ.
Зэн Рун зохиолчийн хонь, чоно гэсэн зүйрлэл манай өмнөх нийтлэлийн Адам, Эва зүйрлэлтэй зарим талаараа утга, мөн чанарын хувьд давхцаж байгаа юм. Ийнхүү суурин иргэншилт хүний хувьд өөрийн амьдрах хэв маяг, арга хэлбэрийн сул болон давуу талыг нээн илрүүлж, хурцаар шүүмжилж зүрхэлсэнд түүний зохиолын ач холбогдол, онцлог оршино.
Харин зохиолч маань нүүдэлчдийн сүлд, шүтээний хувьд өөрийн санаагаа уншигчдад тод зураглах зорилгоор чоныг уран сайхны дүрээр сонгосон биз ээ. Учир нь нүүдэлчид амьдрал ахуй, дайн байлдаанд дан ганц чононоос суралцаж байсан гэвэл хэт өрөөсгөл болно.
Тэгэхээр нүүдэлчдийн жинхэнэ сүлд, шүтээн юу билээ!?
1972 онд Өвөр Монголын Хангин аймгийн Ар Цайдам гэдэг газраас Орой дээрээ алтан шонхортой Хүннүгийн шаньюүн алтан титэм олджээ. Энэ титэм одоо Өвөр Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа.
Шаньюүн титэм хэмжээний хувьд 7.3 см өндөр, 60 см тойргийн урттай, 1,934 грамм жинтэй юм. Энэ Титмийн орой дээр даль жигүүрээ дэлгэсэн, нисэхээр завдаж буй шонхор шувууны алтан баримлыг урлажээ.
Монголчууд өөрсдийн өвөг дээдэс хүннүчүүдээс уламжлан ирсэн төрт ёсны олон эрхэм үнэт зүйлтэй ард түмэн юм. Шонхор сүлд шүтээн бол эрхэм тэр үнэт зүйлийн нэгэн билээ.
"Монголын нууц товчоо”-ны 63 дугаар бүлэгт Хонгирадын Дэй Сэцэн "Есүхэй худ аа! Хиад боржигоны сүлд цагаан шонхор шувуу нар, сарыг атгаж ирээд миний гар дээр буулаа гэж урьд шөнө би зүүдэллээ. Есүхэй худ та хүүтэйгээ морилж ирэх учиртай байж. Хиад боржигон овгийн сүлд тань миний зүүдэнд ирсэн байж…” хэмээсэн байдаг.
Аливаа овог, аймаг, үндэстний сүлд шүтээн бол тэр ард түмний хүсэл эрмэлзэл, тэмүүллийн бэлгэдэл байдаг учиртай.
Тэгэхээр нүүдэлчид ямар учраас шонхор шувууг үеийн үед сүлдлэн дээдэлдэг байсан юм бол!?
Шонхор шувууны онцлог бол өнөөдөр олон улс орны сүлдэнд залагдсан хүчирхэг жигүүртэн бүргэдээс ч хурдан жигүүртэн билээ. Бүргэд дээд тал нь 320 км цаг нисдэг бол Шонхор чөлөөт уналтын үедээ 400 км цаг хурдлах чадвартай хамгийн хурдан шувуу юм.
Эндээс л нүүдэлчдийн "хүсэл тэмүүлэл, мөн чанар” -ын чанад нууцад нэвтрэх оньс нээгдэх болно. Нүүдэлчдийн хувьд "хурд” гэдэг байгалийн хүнд нөхцөлд шалгарч үлдэх үндсэн арга байжээ. Цөөн тоотой хэдий ч гаднын довтолгооноос хамгаалах хамгийн шилдэг арга нь хурдаар давамгайлах тактик гэдэг.
Хурд гэдэг амьдрах, эс оршихыг шийдвэрлэх гол хүчин зүйл болдог тул нүүдэлчид орон зайг одон орны "гэрлийн жил” гэдэг шиг өдрийн, хоногийн газар гэх мэт цаг хугацааны хэрчмээр хэмждэг эртний уламжлалтай.
Шууд хэлбэл нүүдлийн иргэншлийн үндсэн давуу тал бол хурд юм. Хурдтай байхын тулд илүү ачаанаас салах ёстой. Иймээс нүүдэлчид бүхий л ахуйн болон оюун санааны бүтээлээ зөөвөрлөхөд тохиромжтой байдлаар бүтээдэг юм.
Нүүдэлчдийн сэтгэлгээ ямагт хамгийн бага зардал, хүчээр хамгийн их үр дүнд хүрэх гэдэг туйлын зорилготой.
Ахуйн жишээ гэхэд, бэлчээрийн малын мах, сүү, арьс шир, ноос, ноолуур зэрэг өндөр чанартай өнөөгийн хэллэгээр брэнд бүтээгдэхүүнийг нүүдлийн мал аж ахуйгаас өөрөөр хямд үйлдвэрлэх аргагүй юм.
Харин хот сууриныг хүнс, хувцас, орон гэрээр хангахын тулд масс үйлдвэрлэл эрхэлдэг. Гэтэл масс үйлдвэрлэлийн онцлог нь чанараас тоонд шилждэг хуультай. Хэрэв зээ нэгж бүтээгдэхүүний чанарыг сайжруулах тутам зардал нэмэгдэх тул ашиггүй болдог. Байгаль , нийгмийн аль алинд тооны өсөлт чанарыг илэрхийлэхгүй.
Энэ ялгааг нарийн судалсны дараа сая нүүдлийн иргэншлийн "суурь мөн чанар бол бүтээмж юм” гэсэн төсөөлөл бууна. Бүтээмж гэдэг хамгийн бага зардлаар хамгийн их үр дүнд хүрэх арга билээ. Хэрэв философийн салбар руу халтирч хэлбэл бүтээмж гэдэг бол логик. Хамгийн үнэн логикийг байгалийн логик хэмээдэг буй за.
Иймд бүтээмжийн суурь мөн чанар, хууль үйлчилдэг нүүдлийн иргэншлээс төрсөн хүн, цэрэг, арми үргэлж эртний болон дундад зууны Ази, Европын бүдүүлэг армийг ялдаг байжээ. Суурин газрын арми, ар талын хангамж дэндүү нүсэр хүн хүч дайчилдаг, тэр хэрээр хөшүүн хойрго, зохион байгуулалт султай байв. Харин Монгол цэрэг нэмэлт хүн хүчний туслалцаагүй, хоол хүнс, эм тан, хувцас хэрэглэл, зэр зэвсгээ зөвхөн өөрөө хариуцна. Хоол хүнснээс хуяг дуулга хүртэл бүх зүйлээ зөөж тээвэрлэхэд зохицсон хөнгөн, овор багатай байхаар бүтээдэг байжээ.
Эцэст нь зориг зүрх, тэвчээр хатуужил, сахилга бат, рациональ сэтгэлгээтэй хүнийг нүүдлийн соёлын эцсийн бүтээгдэхүүн гэж хэлж болно. Нүүдлийн соёл бүхэлдээ сармагчин мэт байгалийн зэрлэг амьтныг хүн болгож төлөвшүүлэхэд чиглэсэн байдаг. Харин хүний балар цагийн амьтан сэрэхгүйг өдөөдөг олон зүйлс суурин соёлд байдгийг үгүйсгэхийн аргагүй юм.
Нүүдэлчдийг ойлгохын тулд байгалийг ойлгох хэрэгтэй.
Байгалийн хатуу ширүүн өрсөлдөөн дунд аливаа амьтан тэсэж үлдэх, үр удмаа үлдээхийн тул зайлшгүй хоёр чухал онцлогтой байх ёстой.
Нэгд, тухайн амьтан довтлох юм уу хамгаалах, эсвэл хоол тэжээлээ олж идэх онцгой, өвөрмөц давуу талтай байх, Хоёрт сүрэг бүл дотроо үүргийн хуваарилалттай байж хэмээн байгалийн хайр найргүй шалгарлыг даван үлдэг байна.
Амьтад сүрэг, бүл дотроо үүргийн хуваарилалт, хариуцлагын тогтолцоотой байдаг гэсэн үг. Аль нэг нь үр зулзагаа хамгаалах, нөгөө нь хоол тэжээл олж ирэх зэрэг өөр өөрсдийн үүрэг, хөдөлмөрийн хуваарьтай байдаг ажээ.
Тэгэхээр хөдөлмөрийн хуваарь гэдэг байгалийн угшилтай юмсанж. Нийгэмд бол хөдөлмөрийн хуваарийн дагуу төрөлжих тусам хүн, байгууллага, улс гүрэн хүчирхэг давуу талтай болдог байна.
16 дугаар зуунаас Европт худалдаа үйлдвэрлэлийн өрсөлдөөнд давуу тал олохын тулд хөдөлмөрийн хуваарийг төрөлжүүлж, бүтээмжийг тусгайлан сонирхон судлах болжээ. Шинэ техник, технологи ашиглаж ширүүн өрсөлдөөнд бусад өрсөлдөгчдөөсөө ялгарах, давуу тал олох ганц зам байв. Ийм шалтгаанаар шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлст хөрөнгө оруулалт цутгаж эхэлсэн юм.
Анх Европт Бүтээмжийн арга, ухааныг цэрэг армид хэрэглэн тухай үедээ 2 дугаар зэргийн Вант улс байсан Прусс эхлээд Данийн, дараа нь Австрийн, Эцэст нь Наполеон III-ын армийг бут цохиж байв. Энэ бүх ялалтыг Пруссийн Вангийн зөвлөх Бисмарк, Молтьке нар зохион байгуулсан түүхтэй.
Энэ үйл явдлаас хойш дэлхий нийтээр Германчуудын зохион байгуулалтыг шагших болов. Германчуудаас Азийн Япон орон суралцаж, удаж түдэлгүй феодлын орноос үйлдвэрлэгч орон болсон билээ. Япон улсын ололтод эгдүүцсэн Барууныхан тэднийг "сармагчин” улс буюу хуулбарлагч орон гэж гоочилж байсан гэдэг.
Бүтээмжийн арга ухааныг дэлгэрүүлэх хөдөлгөөн цэрэг армиас гадна үйлдвэр худалдааны салбарт өрнөж эхлэв. Мөн улсын болон олон нийтийн ашгийн бус байгууллагууд ч хоцорсонгүй.
Бүтээмжийн хөдөлгөөнд хүмүүсийн анхаарлыг татахын тул Ф. Тейлор "шинжлэх ухааны менежмент” гэдэг нэр анх хэрэглэжээ.
20 дугаар зуунд хэн бүтээмжээр тэргүүлж байна тэр улс гүрэн түүхийн хүрдийг залах нь тодорхой болов. Тиймээс улс орнууд ялгарах чиглэл, хандлагаа өөр өөрөөр харж, төлөвшүүлж байлаа.
АНУ бол бүтээмжийн хөдөлгөөнийг анх хамгийн далайцтай бүх салбарт өрнүүлсэн орон юм. Хэдхэн жилийн дотор үр дүн нь гарч 1940 он гэхэд АНУ дэлхийн Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 4-ны 3-г дангаараа үйлдвэрлэдэг хүчирхэг эдийн засаг болсон юм. Энэ үеэс л дэлхийд АНУ-н давамгайлал эхэлсэн билээ.
Өнөөдөр хүн төрөлхтөн АНУ-г юугаар нь илүү мэдэх вэ? Мэдээж хамгийн түрүүнд Алдартай Брэнд бараа, үйлчилгээгээр нь мэдэх биз ээ.
Тэгвэл Дэлхийн улс орнуудыг хөгжлийн үе шатаар нь Нэгд брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орнууд, Хоёрт масс үйлдвэрлэл эрхэлдэг орнууд, Гуравт үйлдвэрлэл хөгжиж буй орнууд гэсэн 3 бүлэгт хуваадаг. АНУ-н брэндүүд бол өнөө цагийн эдийн засгийн ширүүн өрсөлдөөнд АНУ-ын тэсэж үлдэх давуу тал юм. АНУ-г арслан, акул юм зүйрлэвэл араа шүд нь шинжлэх ухаан юм аа.
Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны салбарын ололт амжилтыг хэдий хир үйлдвэрлэлд түлхүү ашиглаж чадна бүтээмж төдий чинээ өссөн нэмэгддэг байна. Иймээс Инноваци гэдэг нэр энэ үеэс эхлэн тренд үг боллоо.
Хэн бүтээмжтэй байна, тэр хүчирхэг байдаг. Иймээс тэр хүчирхэг төр улс эрин үеийнхээ стандартыг тогтоодог бичигдээгүй хууль бий. Энэ л жамаар 2002 онд Америкийн Тайм (Time) сэтгүүлээс "Хоёр дахь мянганы суут хүн” -г тодруулах санал асуулга зохион байгууллаа.
Гэтэл бүтэн Мянганы Суут хүнээр Төв Азийн эгэл нүүдэлчин Чингис хаан тасархай шалгарав.
Чингис хааныг дэлхийн түүхчид, эрдэмтэд, улс төрийн зүтгэлтнүүд янз бүрээр үнэлдэг, дүгнэдэг. Гэвч Чингис Хаан өөрийгөө хэрхэн үнэлж, дүгнэдэг байсан бол гэдэг асуулт бас байна аа?!
Энэ тухай бид Чингис хааны Чань Чунь бумбад илгээсэн захидлаас тодорхой мэдэх боломжтой юм. Чингис Хаан захидалдаа …
"Цзун Гоаны (Хятад улсыг хэлж байна) хаад жаргал цэнгэлд шунасан учир мөнх тэнгэр тэднийг эс таалжээ. Хаан миний бие ар газар төрж хурга тугалын хамт өсөж хүчир бэрхшээлийн дунд бойжин идэж уух, өмсөж эдлэх минь эгэл шулуун хүсэл тачаалд үл шунана. Ард иргэдийг үр хөвгүүнээр үзэж, цэрэг дайчдад ах дүү мэт ханддаг. Тэднийг зааж сургахдаа эелдэг энэрч өршөөхдөө өгөөмөр байдаг. Харьяат нараа цэргийн эрдэмд сургахад дэргэд нь байдаг. Хатгалдах байлдаанд тэдний манлайд явдаг. Тийнхүү долоон жилийн дотор их үйлийг бүтээж таван өнгө, дөрвөн харийг нэг жолоонд оруулав. Энэ бол хаан миний эрдэм чадал төдий биш, харин Алтан хааны төр доройтсоны үр болно.
Энэ нь манай Шаньюүгийн улсаас нааш олон зуун жил ер гараагүй хэрэг билээ. Гэвч улс гүрнийг жолоодон засахад эс хүрэлцэх газар байх тул бэрхшээнэ. Гол мөрнийг гатлахын тулд онгоц салыг үйлддэг. Дэлхий дахиныг илбэн засахын тулд эрдэмтэн мэргэдийг урин сонгодог билээ.” хэмээжээ.
Чингис хааныг "Хоёр дахь мянганы суут хүн” -ээр сонгохдоо Япон тэнгисээс Газрын дундад тэнгис хүртэлх улс үндэстнүүдийг захирсанд биш, Өнөөгийн ертөнцийн үнэт зүйл болох худалдаа арилжаанд суурилсан, харилцан хамтран хөгжих дэвшилтэд замд хүн төрөлхтнийг түүчээлсэн түүхэн гавьяаг нь үнэлсэн билээ.
Ерөөс хамгийн суут хүн бол хамгийн бүтээмжтэй хүн байдаг ажээ. Иймээс Чингис хаан бол бүтээмжийн хаан хэмээхэд дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөх биз ээ.
Оросын Монголч эрдэмтэн В.Я.Владимирцов "Чингис хааны авьяас чадвар нь хэчнээн суут боловч Чингис бол өөрийн үеийн хүү, Монголын ард түмний хүү байсан юм” гэж хэлсэн дээр нэмж "Дэлхийн бүтээмжийн хааныг нүүдлийн иргэншил төрүүлсэн юм” хэмээн тодотговол илүү утга төгөлдөр болно.
Нүүдэлчид байгалийн бүтээмжийн хууль жамаар амьдарч ирсэн ард түмэн. Өөрийн энэ жам ёсны онцлог давуу талаа орчин үеийн бүтээмжийн шинжлэх ухааны ололттой нэгэн тэнхлэгт холбож, өөрчлөгдөн буй шинэ дэлхий ертөнцөд амьдрах чадвартай шинэ дүр төрхөө бүтээхийг эрин зуун шаардаж байна.
Монголчууд "Монгол Ухаан” гэж ярих дуртай хүмүүс билээ. Хэрэв зээ "Монгол Ухаан” гэж байдаг бол "Бүтээмжийн ухаан”-ыг л нэрлэж болно оо.
Бүтээмжийн ухаанд л үндэслэсэн ёс суртахууны модноос үнэ цэнэ хэмээх үр жимс хураадаг жамтай.
Б. Өлзийбаяр