|

Александр Константинов: Чингис хаан гэдэг чинь бараг орос хүн

tonshuul 2015/06/15 2515 230

Александр Константинов: Чингис хаан гэдэг чинь бараг орос хүн

 

ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн холбоо, аялал жуулчлалын яамнаас тус хязгаарын Онон дүүргийн нутагт орших Дэлүүн Болдог хөндийг Өвөр Байгалийн хязгаарын аялал жуулчлалын онцгой бүс болгон зарласан баримт бичгийг энэ сард баталлаа. Түүхийн ухааны доктор Александр Константинов тус хөндийг Их Богд Эзэн Чингис хааны төрсөн нутаг гэж үзэж байгаагаа мэдэгдээд Өвөр Байгалийн хязгаарын аялал жуулчлалын брэнд болох боломжтой хэмээн ярьжээ. Түүнтэй ОХУ-ын "Забмедиа” цахим сэтгүүлийн сурвалжлагч уулзан ярилцсан байна. 

-Александр Васильевич, Чингис хааныг яг хаана төрсөн талаар одоо болтол дэлхий дахинд маргалдсаар байдаг.

-Тиймээ, Оросын зарим эрдэмтэн Өвөр Байгальд төрсөн гэдэг бол монголчууд Хэнтий аймгийнхаа Дадал сумын нутагт төрсөн гэж баталдаг. Хэдий зөрж байгаа ч аль аль нь 13 дугаар зуунд бичигдсэн "Монголын нууц товчоо”-ноос иш татдаг. Дэлүүн Болдог гэж эрт үеэс тодорхой нэгэн газар нутгийг биш том хөндий, тал нутгийг нэрлэж ирсэн. Тэгэхээр ийм нэртэй газар болгон Чингис хааны төрөлх нутаг гэсэн үг. Монголд ч Орост ч адилхан ашиглаж болно шүү дээ.

-ЗХУ-ын үед Чингис хаанд зориулан ямар ч хөшөө дурсгал босгож байгаагүй. Тэгвэл Монголд Чингис хааныг бишрэн шүтдэг. Их хааныг тоодоггүй байсан алдаагаа одоо засах гэж байна уу?

-Тэгж хэлж болох юм. Гэхдээ ОХУ биш манай хязгаар л засч залруулах гэж байгаа. Төсвийн хөрөнгөөр Чингис хааны төрсөн газарт хамгийн ойрхон суурин болох Нижний Цасучей тосгон руу зам тавих гэж байгаа. Сайхан замтай болчихвол хувийн хэвшлийнхэн аялал жуулчлалын салбарт орж ирэх болно. Одоохондоо дотоодын жуулчдыг хүлээн авах ч гадаадынхан ч ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Чингис хааны нэрийг хэн ч дэлхийн түүхээс арчиж чадахгүй. Тэр бол хүн төрөлхтөний баялаг юм. Чингис хаан гэдэг нэр буриад, монгол, халимаг, тува гэсэн өөрсдийгөө түүний үр сад гэж үздэг ард түмнүүдийг сэтгэл зүйн хувьд нэгтгэж чадна.

-Монголчууд Чингис хаан брэндээ хэрхэн ашиглаж байгааг үзэх гэж таныг Монгол явсан гэж сонссон юм байна.

-Агийн буриадууд намайг урьсан юм. Чингис хааны төрсөн нутаг гэж монголчууд үздэг Дадал сум руу явсан. Машинаар явсан. Хэдий тийм хол биш ч гэсэн бас л яггүй зам байна лээ. Дадал гэдэг нь буриад сум. Еравнин нуурын орчмоос хувьсгал, хэлмэгдүүлэлтийн үед Монголд нүүж очсон буриадууд оршин суудаг. Гэхдээ Монголд ч тэднийг хэлмэгдүүлж, 600 гаруй хүн буудуулсан гэсэн. Үзэсгэлэнтэй байгальтай, гол ус нууртай сайхан сум байсан. Маш үржил шимтэй газартайг нь хараад гайхаж байлаа. Газар тариалангийн бүх техник нь шинэ, гэхдээ Хятадынх. Жижиг дэлгүүр, кафе гээд л ковбой нарын үеийн Америкт очсон мэт санагдсан. Дадал сумд музей бий, бас хэд хэдэн жуулчны баазтай. 2000 гаруй хүнтэй, 400 хүүхдийн сургуультай. Хүүхдүүд нь англи, уйгаржин монгол хэл үздэг юм байна лээ. 1962 онд Чингис хааны 800 жилийн ойгоор босгосон хөшөө, тэгээд Чингис хаан гэсэн бичигтэй чулуу гээд ер нь бол үзэж харах юм цөөхөн. Гэхдээ монголчууд их ирдэг гэсэн. Харин энэ жил Дадал суманд "Алтаргана 2014” наадам болно. Өвөр Байгалийн Хязгаараас 2000, Агийн тойргоос 500 гаруй хүн ирнэ гэж байсан. Чингис хааны төрсөн нутагт болох баяр гэж ярьж байгаа. Гэтэл манайд Агийн тойргийг бүтэн тойроод Онон мөрний эргээр хил хүртэл явсан ч Чингис хааны төрсөн газарт явж байгаагаа хэн ч мэдэхгүй. Энд төрсөн гэсэн ярианаас өөр юу ч үгүй, ямар ч тэмдэг, самбар байхгүй шүү дээ.

-Бид Чингис хааны төрсөн нутаг гэж өрсөлдөөд монголчуудыг ялж чадах уу?

-Боломж бий. Үүний тулд Онон мөрний эргээр амьдарч байгаа Агийн тойрог, Өвөр Байгалийнхан хичээх хэрэгтэй. Чингис хааны төрсөн нутаг гэж бичсэн тэмдэг, самбарыг бол заавал төсвөөс мөнгө авах гэлтгүй шийдэж болно. Манай алдарт барималч Даши Намдаков ч туслах байх. Онон мөрний гүүрний ойролцоо тэмдэг самбараа тавибал дээр гэж би бодож байгаа. Гадаад дотоодын жуулчид олноор ирдэг болбол манай хязгаар л хожно шүү дээ. Саяхан эрдэмтэд интернет, сонин хэвлэлд гарсан нийтлэл, мэдээг шүүж үздэг шинэ программ зохиосон гэж би уншсан юм. Тэд алдарт хүмүүсийг түүхэнд үзүүлсэн нөлөөгөөр нь жагсаажээ. Нэгдүгээр байрт Христос орж, дараа нь  Наполеон, Мухаммед нар орсон байсан. Оросуудаас хамгийн дээгүүр 18 дугаар байрт Сталин орж, харин Чингис хаан 38-д бичигдсэн байсан. Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нельсон Мандела дөнгөж 356 дугаар байрт орсон гэж байгаа. Тэгэхэд Чингис хаан гэдэг чинь бараг орос хүн шүү дээ. Тийм болохоор бид энэ нэрийг заавал ашиглах ёстой.

Сугар-Эрдэнэ М

Санал болгох

Сэтгэгдэл

top