|

П.Анужин: МАН бол АН-аас илүү ардчилалтай нам

bayaraa 2015/01/06 5494 564

П.Анужин: МАН бол АН-аас илүү ардчилалтай нам "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн санаачлагч, редактор П.Анужин

 саяхан "Өдрийн сонинд” ярилцлага өгчээ. Монголын үе үеийн түүхийг бичилцэж, бүтээлцсэн, бүтээлцэж яваа, өнөөгийн Монгол Улсын нүүр царайг тодорхойлж буй олон хүндтэй эрхмүүдтэй ярилцлага өрнүүлэн, ажил алба гэхээс илүүтэй, дотоод сэтгэл, хүний мөн чанарыг нээн харуулж, илэн далангуй ярилцлага өрнүүлж чаддаг тэрбээр МАН-ын УЗ-ийн гишүүн бөгөөд "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хөтлөн явуулснаараа намынхаа удирдлагуудтайгаа үл ойлголцолд хүрсэн, нэвтрүүлгийн баг оролцогчдоосоо өндөр төлбөр авдаг гэх яриа нийтийн дунд байдаг нь нууц биш. Тэгвэл "хүн байх”-ын мөн чанарыг олон нийтэд түгээхээр шүүмжлэл, басамжлалыг үл ажран уран бүтээлээ туурвиж буй энэ бүсгүй "Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа эдгээр асуултад хариулж, амьдрал, уран бүтээлийнхээ талаар ярилцсаныг түүвэрлэн хүргэж байна. Ухаарал хайрлаж, нэгийг бодогдуулсан ярилцлага бэлтгэж олон нийтэд хүргэсэн "Өдрийн сонин”-ы хамт олонд талархал илэрхийлье. Ярилцлагыг бүрэн эхээр нь "Өдрийн сонины 2014 оны 12 дугаар сарын 15-ны дугаараас уншаарай.

-100 эрхэм нэвтрүүлэг, 100 чухал сэдэв чинь гарах болгондоо л шуугиан дагуулах юм. Та нар чухам голыг нь олоод байна уу, эсвэл нийгэм маань ийм эмзэг мэдрэг байна уу. Сэдвээ, урих хүмүүсээ чухам ямар шалгуураар тодруулдаг юм бэ?

-Аль аль нь байгаа байх аа. Чухал 100 сэдэв бол хүмүүс бидэнд санал тавьж, эсвэл бид өөрсдөө тухайн сэдвийг хөндөж хийдэг. 100 Эрхмийн хувьд бол нэвтрүүлгийн зөвлөл гэж бий, түүгээрээ хэлэлцэн зочдыг шийддэг.

-"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг бүрийн дараа мөнгө авсан байх гэсэн хардлага гардаг. Хэнээс ч хэзээ ч мөнгө авч байгаагүй талаар баталж чадах уу?

-Нэвтрүүлэгт орсон бүх зочдыг дуудаад асуухад хариулт тодорхой болно. Энэ бол нүүр бардам баталгаа. Өдийг хүртэл байнга хардуулж элдвээрээ хэлүүлж байгаа ч шантрахгүй, цуцахгүй хийгээд байгаа залуучуудаа муулж гутаах бус ядаж урам хайрлаж хэдэн дугаар хийлгээд авбал хожим бас хэрэг болж юуны магад гэж боддог. Манай багаас илүү чадалтай залуус зөндөө бий, гэхдээ ашгийн төлөө бус нэгдэж нийлж ийм ачаалалтай ажлыг хийж гүйцэтгэнэ гэдэг бол авьяас байгаад ч тийм амар хийчих зүйл биш. Багийнхаа тухай өдийг хүртэл хаа нэгтээ их даруу, дарж хариулж ирлээ. Бид түүх бичих гэж сэтгэл зүрхээрээ хичээн зүтгэж яваа, энэ бол бага хөдөлмөр биш. Мөнгөтэй л бол "Монгол Тулгатан" шиг нэвтрүүлэг хийнэ гэж ярьж бичихийг зөндөө үзлээ. Хийсэн юм бүхэн ашиг олж байх ёстой гэсэн ядмаг бодлоос илүү сэтгэлийн юм гэж байдаг шүү дээ, тэр тусмаа монголчууд бидэнд. Уг нь иймэрхүү агуулга хүрээтэй нэвтрүүлгийг улс нь бодлогоор санхүүжүүлээд аваад явах хэрэгтэй шүү дээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн хийх ёстой ажил. Төсвөөс өгдөг мөнгийг телевизийн сайн контентуудыг худалдаж авахад зарцуулдаг, эсвэл сайн уран бүтээлийн багт тендер зарлаад үндэсний бүтээгдэхүүн, уран бүтээлийг дэмжих бодлого явуулдаг байх ёстой. Өчүүхэн тус үзүүлэхгүй атлаа ийм байна, тийм байна гээд дээр доргүй муулаад доромжлоод байгааг юу гэж ойлговол зохилтой вэ. Амьдралд чинь хуруун чинээ тус болохгүй байж хүрч ирээд ингэ тэг гээд дайраад байвал хэн ч гэсэн нэг юм хэлэх л байх. Үүнтэй л ижил ойлголт.

-Ер нь ийм нүсэр, ажиллагаатай нэвтрүүлгийг амьдруулахын тулд төлбөр авдаг байж болохгүй юм уу?

-Хэнээсээ төлбөр авах вэ дээ. Манай нэвтрүүлгийн эрхмүүдийн дундаж насыг анзаарч харж байсан уу. Урсгал зардлаа л чадан ядан олох тухай бодохоос ашгийн тухай бодох ямар ч боломжгүй төсөл. Ядаж телевизийн сайн контент худалдаад авдаг эрүүл тогтолцоо байдаг бол урсгал зардлаа нөхнө гэхсэн, гэтэл тогтолцоо маань ямар байгаа билээ, оюуны өмчийн үнэлгээ ямар байгаа билээ. Өөр баг байсан бол энэ нэвтрүүлгийг аль хэдийнэ ашигтай байдал руу шилжүүлэх байсан байх аа. Бид энэ төслийг анхнаасаа ашиг олох зорилготой хийгээгүй, тэр зорилгынхоо төлөө өнөөдрийг хүртэл үнэнч яваадаа өөрсдөөрөө маш их бахархдаг. Бас биднийг телевизүүдэд мөнгө төлж цацдаг гэх нь бий. Хаана байна тэр их мөнгө. Харин ч контентийг худалдаж авах ёстой биз дээ.

-Баатар найруулагч нэгэн ярилцлагадаа Б.Лхагвасүрэн, П.Анужин гээд хоёр амаргүй бие хүмүүстэй тулдаг талаараа ярьсан байсан. Үнэхээр та нар нэвтрүүлэг хийх гэж тулаан хийдэг хэрэг үү?

-Б.Баатар найруулагч өөрөө амар хүн биш шүү дээ. /инээв/ Бид гурав их тулнаа, овоо л юм болно шүү дээ. Гэхдээ Лхагваа ах бид хоёр нэвтрүүлгийн хувьд ижил зовлонтой хүмүүс болохоор амь нэгтэй байж чаддаг. Энд хоёр зүйлийг тодруулж хэлмээр байна, нэгдүгээрт зуунд олон төрөхгүй агуу яруу найрагч, сэтгэгч Лхагваа ахтайгаа аав, охин мэт ээнэгшин дасч, хамтран ажиллаж байгаагаа би хувь тавилан гэж боддог. Хоёрдугаарт, энэ цагийн телевиз болоод кино урлагийн тод хурц өнгө, авьяаслаг найруулагч Б.Баатартай ажиллаж байгаа нь нэвтрүүлгийн маань нэг амь шүү дээ.

-Ямар ч улстөрч эмэгтэй, ямар ч урлагийн одод дайрч байгаагүй дарамт шахалт таныг тойроогүй гэдэгтэй олон хүн санал нийлэх байх аа. Хэвлэл мэдээллийнхэн ч өөрсдөө хүртэл энэ тохиолдлыг хүлээн зөвшөөрдөг. Таныг яагаад хэл ам тойрдоггүй юм бэ?

-Үнэхээр хэвлэлийн дайрлага гэхэд хэтийдэл болохгүй тийм урсгалыг биеэр үзэж туулж яваа нь үнээн. Өөрөө гуйж муулуулж, сайлуулж байгаагүй болохоор харин яагаад ингээд байдгийг би л асуумаар байдаг юм.

Ер нь хэвлэлийн дайрла­гад өртсөн гадна, дотногүй тэр олон хүний хэд нь ийм давалгааг гэтэлж, хэд нь унаж, хичнээн гэр бүл салж бас хэд нь тэсч үлдсэн бол доо гэж бодогддог. Зорилготой зорилгогүй худал үг гэрт ирж, амилаад эхлэхээр л амьдралаа хамгаалах итгэл, хүч дутаж эхэлдэг юм билээ. Шууд хэлэхэд, цаг зуурын өөрчлөлтөөс шалтгаалж амьдралаа өөрчлөх бүсгүй хүн биш гэдгээ хэлье.

-Намд элсч, намын батлах авахад чинь би хувьдаа их гайхаж байсан. Тийм сонголт үнэхээр хэрэгтэй байсан юм уу?

-Хувь хүний итгэл үнэм­шил, үнэт зүйл чухал ч гэ­­сэн хүн яах аргагүй нийг­мийн амьтан. Нийгмийн харилцаа тогтолцоогоор зохицуулагддаг. Ямар тогтолцоо байна хүссэн хүссэн хүсээгүй хүн тэр тогтолцооныхоо нэг хэсэг болж байдаг. Өнөөдрийн манай тогтолцоо бол улс төрийн намуудын тогтолцоо. Би хүмүүсийн төлөө, нийгмийнхээ төлөө ямар нэг зүйл хийхийг хүсч байвал энэ тогтолцоогоор дамжихаас аргагүй. Энэ зарчмаар л сонголтоо хийсэн.

-Үнэндээ улс төрд хөл тавиад тун удалгүй намын зарим гишүүний насаараа ч мөрөөдөөд бардаггүй Удирдах зөвлөлийн гишүүн болсон. Энэ чинь олон хүний уур, унтууг хүргэсэн гэвэл та санал нийлэх үү?

-Хүний олонд янз бүрийн л бодол байдаг байх даа. Би өмнөөс нь хариулах боломжгүй ээ. Улс төрийн намуудын хийх ёстой ажил бол хүний төлөө л ажил. Тэгэхээр удирдах бүтцэд нь хүний асуудлыг шийдэхэд хүйсийн, салбар салбарын бас бүх насныхны төлөөлөл байж гэмээнэ алдаагүй, ухаалаг шийдвэр гарах нь гарцаагүй. Энэ талаасаа би багтсан болов уу гэж боддог юм.

-Хийж байгаа уран бүтээлийг тань намынхаа эсрэг байна гэсэн шүүмжлэл гарч, улмаар УЗ-ийн гишүүнээс чинь татгалзуулах тухай ч явган яриа гарч байна. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Би намынхаа үзэл бодол, үнэт зүйлийн эсрэг ганц ч зүйл ярьж хийж яваагүй гэдгээ хариуцлагатай хэлэх байна. Мөн намын гишүүн байна гэдэг улс төрийн үзэл бодлын нэгдэл болохоос улаан хамгаалагчид биш гэж боддог. Нэвтрүүлгийн зочдын өнгө эсвэл сэдвээр намайг будна гэдэг утгагүй зүйл. Явган яриа бол явган л яриа. МАН улс төрийн ууган хийгээд тулхтай, туршлагатай бас чөмөгтэй хүчний хувьд хэзээ ч дэл сул, шальдир бульдир асуудлыг удирдлагын түвшинд хэлэлцдэггүй. Мөн МАН бол Ардчилсан намаас илүү ардчилал шинэчлэлийг эрхэмлэж, хамгийн гол нь үйл ажиллагаандаа бодитой тусгаж, алхам тутамдаа шинэчлэгдэн хөгжиж буй нам. Удирдлагын түвшинд шинэ залуус олноор ажиллаж байгаа нь үүний бас нэгэн баталгаа. Нийгэм, ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө хийж буй уран бүтээлийг маань удирдлагын зүгээс хэзээ ч шүүмжилж, хааж, боож байгаагүй гэдгийг ч би хариуцлагатай хэлье. МАН-ын тулгуур үзэл бол тусгаар тогтнол, нийтийн эрх ашиг учраас нийгэм, нийтийн төлөө хийж буй ажлыг маань гоочилж үзэх үндэсгүй. Манай нэвтрүүлэг хувь хүний болоод тухайн хүнтэй холбоотой он цагийн түүхийг давхар бичиж үлдээдэг. Хувь хүн өөрийн үзэж туулсан амьдралыг өөрийнхөөрөө ярьж үлдээж буй нь өөрөө түүх гэж бид боддог. Тэр хүний ярьсныг нэвтрүүлгийн уран бүтээлчидтэй холбож үзэх нь утгагүй юм.

-Улс төрд яагаад эмэгтэй хүмүүс оролцох ёстой юм. Оролцохгүй бол юунаас хоцрох юм, эсвэл эмэгтэй хүн байхгүй бол яг юу дутагдах вэ, тэнд.

-Заавал гэдэг зүйл ер нь байхгүй гэж боддог. Квотоор асуудлыг шийднэ гэвэл бүр утгагүй. Гэхдээ айл гэр, байгаль дэлхий бүхий л зүйл арга билиг, эр эмийн тэнцвэр дээр оршиж буй тул төрийн хэрэг ч мөн энэ тэнцвэр дээр орших байх гэж боддог. Эрчүүд давамгайлсан улс төрд эмэгтэй хүний ухаан мэдрэмжээр бүтдэг зүйл дутна, бүсгүйчүүд давамгайлаад ирвэл мөн л эр хүч дутаад ирнэ шүү дээ. Байгалиасаа тэс өөр хоёр бодгалийг хольж хутгаад өрсөлдүүлээд байх нь, эсвэл заавал байна, байхгүй гээд дайрч зүтгээд байх нь утгагүй. Ард түмний мэдрэмж агуу тул тухайн цаг үед аль нь илүүдээд эсвэл дутаад буйг мэдрээд л тэнцүүлээд өгнө.

-Хамгийн сүүлд хэзээ их баярлаж, бас хэзээ нулимс унагав. Юунаас үүдэж...

-Нулимс унагаад ч тайвширч чадахгүй тийм мөч бүсгүй хүнд олон тохиолдохгүй байгаасай гэж чин сэтгэлдээ ерөөж явдаг. Бүсгүй хүн өчүүхэн зүйлд л баярлаж догдолж байдаг. Гомдохоосоо баярлаж талархахаа түрүүлж чаддаг байвал амьд байна гэдэг чинь тэр чигтээ баяр юм биш үү. Хамгийн сүүлд охин минь надад шүлэг зохиож өгснөө уншихад тэсэлгүй нулимс унагасан. Би чинь удаан хүсч хүлээж байж олсон хоёр хөөрхөн охинтой хүн шүү дээ.

Том охин маань
"Манай гэрт лили ургадаг
Миний гэрт лили амьдардаг.
Манайд бас жижигхэн лили ч бий
Миний гэрт дандаа ургадаг
Үзэсгэлэнт лили бол миний ээж" гэж зохиосон шүлгээ уншихад тэсэлгүй тэвэрч аваад зөндөө уйллаа. Үнэндээ шургаж унамаар, ажлын ачаалал их байдаг ч хүүхдүүддээ ямагт цаг гаргадаг. Гаргах ч ёстой. Би хүүхдүүддээ дэлгүүрийн талх, үйлдвэрийн тараг идүүлээгүй өсгөж байгаа. Намайг элдвээр бичсэн сонин хэвлэлийг олж харчихаад, "Миний ээж гарсан байна" гээд л баярлаад гүйж байдаг нялх амьтад. Надаас хэзээ ч урвахгүй, юу ч болж байсан зөвхөн миний талд л байх үнэнч хоёр хүн бол миний охид гэдгийг хором бүхэнд мэдэрдэг. Би ажил гэр хоёрын хооронд явдаг нэг л замтай хүн. Ажлаас илүү гарах мөч байх л юм бол би хүүхдүүдтэйгээ хамт байдаг. Ер нь үр хүүхдээ сэтгэл зүрхнээсээ хором салгадаг ижий гэж хаана ч байх билээ. Миний дуртай цэцгийн нэг бол лили буюу сараана цэцэг л дээ. Охид маань өөрсдийгөө, намайг хамгийн сайхан гэж боддог тэр л цэцгээр төсөөлж, тэр л ертөнцдөө амьдарцгааж байна. Хүн хэн нэгнээс илүүг хүсч, гадаад ертөнцөөс аз жаргалыг хайх тусмаа зовдог гэдгийг сүүлийн жилүүдэд илүүтэй ойлгосон. Харж, мэдэрч чадвал хүний жаргал гэдэг тийм хол байдаггүй, бас аз жаргалтай амьдрахад тийм их зүйл ч хэрэггүй гэж боддог. Миний дотоод сэтгэлд үнэт зүйл маань, намайг баярлуулдаг, хайрладаг бүхий л юмс бүгд байдаг. Надад байгаа бүхэндээ би сэтгэл дүүрэн, амар амгалан оршдог. Тийм ээ. Манай гэрт лили амьдардаг аа.

Э.ЭНЭРЭЛ

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН”

Санал болгох

Сэтгэгдэл

top