Олон ястны өлгий нутаг болох Ховд аймгийн 20 сумын нийт ард, иргэдийн, ястан үндэстнээ таниулан, нутгаа сурталчилахаар Чингисийн талбайд Ховд аймгийн соёлын өдөрлөг эхэллээ.
Соёлын өдөрлөг Ховд аймгийн Манхан, Алтай, Зэрэг, Дөргөн, Цэцэг, Эрдэнэбүрэн, Дарви, Дуут, улсын тэргүүний Үенч зэрэг сумын Халх, Захчин, Урианхай, Өөлд, Дөрвөд, Торгууд, Казах, Хасаг, Туваа, Мянгад зэрэг 13 ястны үндэсний хувцсаар гоёсон иргэдийн жагсаалаар эхэлсэн юм. Өдөрлөг Чингисийн талбайд энэ сарын 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд Ховд аймгаас төрөн гарсан ардын авьяастан, алдартнуудын урлагийн тоглолтоос гадна ургацын үзэсгэлэн, зан заншлаа сурталчлах арга хэмжээ болох юм байна.
Ховдчууд ийнхүү ярьж байна
Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан:
-Ховд аймгийн олон угсаатны биет болон биет бус соёлын өв, уран бүтээлчдийн урын санг орон даяар сурталчлах, ЖДҮ-ийн бараа бүтээгдэхүүн болох нутгийн брэнд бүтээгдэхүүнийг таниулах зорилгоор энэ өдөрлөгийг зохион байгуулж байна. Улмаар Ховд руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг татах үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй юм. Эл өдөрлөгт Ховд нутгаас 17 сумын 13 овог угсаатны 800 гаруй төлөөлөл нийслэлд хүрэлцэн ирсэн. Манай Ховдын хувьд бусад аймгаас ялгарах гол онцлог нь олон овог угсаатнуудтай. Энэ нь нүүдлийн соёл, иргэншил, язгуур урлаг соёлын биет болон биет бус өвийг хадгалахад томоохон хувь нэмэр үзүүлж ирсэн. Сүүлийн үед манай аймагт байгаль, цаг уур ивээж, мал сүрэг нь өсч, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт нэмэгдэн хөгжил дагуулсан он жилүүд болж байна.
Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн Тэргүүн Ш. Адьшаа:
-Ховд аймгийн Төрийн болон ТББ-ууд, ард иргэд Ховд аймгийн Соёлын өдрүүдийг дэмжин оролцож байна. Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан Ховдчуудын олон ястны биет болон биет бус өвийг сурталчилж, хөгжүүлэхэд гар бие оролцож ирсэн. Энэ удаагийн арга хэмжээг бид дэмжин оролцож байна хэмээн
Алтай сумын Засаг дарга Р.Бадамцэцэг:
- Манай сум 3200 хүн амтай бөгөөд 90 гаруй хувь нь Захчин үндэстэн байдаг. 110 мянган толгой малтай. Манай брэнд бүтээгдэхүүн бол тос даасан ааруул, шийгуа, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах хөх арвайн гурил, зөгийн бал юм. Мөн 3 жилийн өмнө чацаргана тариалсан бөгөөд бүтээгдэхүүнээ боловсруулан өтгөрүүлсэн жүүс гаргаж хэрэглэгчдэдээ хүргэлээ.
Б.Заяа