|

Аймгууд үндэсний их баяр наадмаа тэмдэглэх хуваарь

munkhod 2015/06/26 5488 712

Үндэсний их баяр наадмаа аймгууд хэзээ тэмдэглэх хуваарийг хүргэж байна. Энэ жилийн хувьд Увс аймгийн түүхт 90 жилийн ой тохиож байгаагаас гадна тус аймгийн зургаан сум мөн түүхт ойгоо тэмдэглэх юм байна. Түүнчлэн Сүхбаатар, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Булган, Дундговь аймгийн зарим сумд наадамчдын хөлд дарагдаж, түүхт  90 жилийн ойгоо тэмдэглэх аж.

Архангай аймаг

Наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиох юм. Түүнчлэн Архангай аймгийн Хангай, Эрдэнэмандал сум түүхт 90 жилийн ойгоо долоодугаар сарын 15-17-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

 

Баян-Өлгий аймаг

Баян-Өлгий аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиох бол тус аймгийн Алтанцөгц, Цэнгэл сумд 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэх юм. Мөн Өлгий хотын 75 жилийн ой тохиож байгаа аж.

 

Баянхонгор аймаг

Хонгор нутгийнхны наадам долоодугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах бол Баянлиг, Богд сумд 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Баянлиг, Богд сумдын ойн баяр наадам долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний өдрүүдэд тохиох аж.

 

Булган аймаг

Булган аймгийн тухайд баяр наадмаа долоодугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон аж. Түүнчлэн тус аймгийн Сайхан суманд ирэх долоодугаар сарын 18-19-ний өдрүүдэд 4 түмэн  адууны баярыг тэмдэглэхээр болжээ. Мөн Булган аймгийн Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд болох юм.

 

Говь-Алтай аймаг

2013 онд 90 жилийн ойгоо тэмдэглэсэн Алтай нутгийнхан энэ жилийн баяр наадмаа долоодугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн хувьд тус аймагт ойтой сум байхгүй бөгөөд аймгийн ихэнх сум өнгөрсөн жил түүхт ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

 

Говьсүмбэр аймаг

Говьсүмбэрийнхэн баяр наадмаа Зүүн бүсийн Боржигон наадамтайгаа хамт буюу ирэх наймдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Тус аймагт энэ жил ойтой сум байхгүй аж.

 

Дархан-Уул  аймаг

Ирэх жил 55 жилийн ойгоо тэмдэглэх Дархан-Уул аймгийнхан баяр наадмаа долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулна.

 

Дорноговь аймаг

Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болох бол Улаанбадрах сум түүхт 90 жилийн ойгоо долоодугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

 

Дорнод аймаг

Дорнод аймгийн хувьд энэ жил наадамчдын хөлд дарагдана. Учир нь тус аймгийн Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх бол Хөлөнбуйр сум 60 жилийн ойгоо тэмдэглэх юм. Ойтой сумдын наадам долоодугаар сарын 15-17-ны өдрүүдэд тохиох бөгөөд аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болох аж.

 

Дундговь аймаг

Дуу хуурын өлгий Дундговь нутгийн зон олон ирэх сарын 26-27-ны өдрүүдэд наадна. Түүнчлэн тус аймгийн Баянжаргалан сум түүхт 90 жилийн ойгоо ирэх сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Үүнээс гадна Мандалговь хотын 50 жилийн ой энэ жил тохиож байгаа ажээ.

 

Завхан аймаг

Завхан аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд энэ жилийн хувьд аймагт ойтой сум байхгүй юм.

 

Орхон аймаг

2016 онд 40 жилийн ойгоо тэмдэглэх Орхончууд өнөө жил ирэх сарын 10-11-ний өдрүүдэд наадах ажээ.

 

Өвөрхангай аймаг

Өвөрхангай аймгийнхан долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэнэ. Түүнчлэн Хархорин суманд долоодугаар сарын 24-26-нд Өндөр гэгээний 380 жилийн даншиг наадам болох юм.

 

Өмнөговь аймаг

Өмнийн говийнхон ирэх долоодугаар сарын 25-26-ны өдрүүдэд "Говь шанхын хурд”-аа зохион байгуулж, наадахаар болжээ.

 

Сүхбаатар аймаг

Сүхбаатар аймгийнхан энэ жил дэнж хотойтол наадамлана. Учир нь тус аймгийн зургаан сум түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Халзан, Онгон, Наран, Дарьганга, Асгат, Баяндэлгэр сумд ирэх сарын 17-19-ний өдрүүдэд ойгоо тэмдэглэх аж. Түүнчлэн энэ жил тус аймагт Зүүн бүсийн хурд зохион байгуулагдахаар болсон бөгөөд нутгийн зон олон ирэх сарын 25-26-ны өдрүүдэд бүсийн хурдаар наадамлах ажээ.

 

Сэлэнгэ аймаг

Сэлэнгэ аймгийн наадам долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Мандал сумын Түнхэл тосгоны 50 жилийн ой долоодугаар сарын 4-6-ны өдрүүдэд тохионо.

 

Төв аймаг

Төв аймгийн наадам долоодугаар сарын 8-10-ны өдрүүдэд болно.

 

Увс аймаг

Увс аймгийн ихэнх сум энэ жил түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Завхан, Малчин, Сагил, Түргэн, Тариалан, Давс сумд түүхт ойгоо ирэх долоодугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон бол Увс аймгийн 90 жил долоодугаар сарын 22-25-ны өдрүүдэд болох аж.

 

Ховд аймаг

Ховд аймгийн Ховд хотын 330 жилийн ой долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиож байгаа бөгөөд тус аймгийн Буянт, Чандмань сумд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Буянт сум 90 жилийн ойгоо есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд тэмдэглэх бол Чандмань сумынхан долоодугаар сарын 25-26-ны өдрүүдэд наадамлана.

 

Хөвсгөл аймаг

Хөвсгөлийнхөн долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд наадмаа хийхээр болжээ. Энэ жилийн хувьд тус аймгийн Төмөрбулаг сум 90 жилийн ойтоо бөгөөд ойн наадам долоодугаар сарын 19-20-ны өдрүүдэд тохиох аж. Түүнчлэн Цагааннуур сум 30 жилийн ойгоо долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэх юм.

 

Хэнтий аймаг

Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дадал сумд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тодруулбал, Цэнхэрмандал сум долоодугаар сарын 8-10-ны өдрүүдэд, Дадал сум 16-17-ны өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэх юм. Харин Хэнтий аймгийн төвийнхөн долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэх ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top