|

Рок попынхон тэр чигээрээ цугларсан Отгонбаяр гавъяатын найр нижгэр болов

tonshuul 2015/02/05 3354 227

Рок попынхон тэр чигээрээ цугларсан Отгонбаяр гавъяатын найр нижгэр болов

 

"Хурд” хамтлагийн соль гитарчин Дамбын Отгонбаяр нь "Эх орон”, "Чи минь байгаа болохоор”, "Чимээгүй ирэх дурлал”, "Нулимсаа тэвчье”, "Ханьдаа”, "Цоглог оюутан” гэх мэт хит болсон хамаг л сайхан дуунуудыг зохиосон хүн. Үүгээр зогсохгүй асгарсан их авъяасаа бусаддаа түгээх маягаар дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа, С.Сэрчмаа, Ж.Алтанцэцэг, С.Наран, "Номин талст”, "Чоно” зэрэг хамтлаг, дуучдад олон сайхан дуу бэлэглэж, тэдгээр нь дандаа хит болж ирсэн түүхтэй. Аливаа нэг хамтлагийн ая зохиогч бол зөвхөн өөрийнхөө хамтлагийг дуу хуураар гачигдуулахгүйн тулд л чадан ядан зүтгэж байгаа харагддаг. Тэгтэл Отгонбаяр бол тийм биш. Хөндлөнгөөс ажсан хүнд бол зүгээр л халааснаасаа сайхан сайхан дуу гаргаж шидлээд, бялхаж асгасан заримыгаа бусад хамтлаг, дуучид руу "чулуудаад” байх шиг санагддаг. Үүнийг асгарсан их авъяас гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах билээ. Асгарсан их авъяасан дээр агуу хөдөлмөрч чанарыг нэмбэл зохино. Учир нь сайхан дуу бүтээнэ гэдэг нь дан ганц хөгжмийн аялгуунаас гадна хөдөлмөр, бясалгал, эрэлхийлэл, судалгаа, мэдрэмж, хөгжмийн найруулга, дууны үг сонголт гээд олон зүйлийг хамардаг бөгөөд аялгуу зохиох авъяастай хэрнээ залхуу хүн бол эд бүгдийг хэзээ ч нэгэн цогц болгож чадахгүй, зүгээр л амандаа нэг сайхан ая гингэнээд явах биз. Харин Д.Отгонбаяр тэртээ ерээд оноос эдүгээг хүртэл зуу гаруй дуу зохиосон байх бөгөөд үүнийг нь Монгол улсын ерөнхийлөгч өндрөөр үнэлж түүнд гавъяат цол хайрлажээ. Саяхан түүний гавъяат цолны найр нижгэр болж өнгөрлөө. Дээрхи бүх дуучид ирж ая дуугаа өргөхийн сацуу "Өргөө”, "Соёл-Эрдэнэ”, "Харанга” хамтлагийнхан ирж хит дуунуудаа дуулсанаар жинхэнэ дуу хуураар цалгисан найр болов. Дуу гэдэг нь ая зохиогч, яруу найрагч, дуучин гэсэн гурван жигүүртэй. Уг найранд дуучид, хөгжмийн зохиолч нар дийлэнх хувийг эзэлж, харин яруу найрагчдаас Б.Галсансүх, Б.Ойдов, Х.Чилаажав, Ү.Хүрэлбаатар гэсэн хэдхэн хүн ирсэн байв. Зогсоо зайгүй үргэлжлэх тэр олон дуунууд дотор ганцхан шүлэг уянгалсан нь Б.Ойдовын "Уянгалан дуулагч гитар минь” байлаа. Энэхүү шүлгийг Б.Ойдов 2007 онд "Хурд”-ын Отгонбаярт зориулан бичжээ. Мөн тэрбээр тус хамтлагтай хамтарч хорь орчим дуу хийснээс гадна "Хурд”-ын хорин жилийн ойд зориулсан номыг бичжээ. Ингээд "Уянгалан дуулагч гитар минь” шүлгийг толилуулъя.

 

УЯНГАЛАН ДУУЛАГЧ ГИТАР МИНЬ

Аяа, миний уянгалан дуулагч гитар минь

Аз жаргал, баяр баяслын гялбаа минь

Эрин үеийг эзэгнэсэн айзамт хэмнэл минь

Эгшиг дуу хайрласан аялгуут чавхдас минь

Урлагт анх хөтөлсөн уянгалан дуулагч гитар минь

Уярам аялгууг урлаж өгсөн сэтгэмж минь

Алдарч догдлох сэтгэлийн торгон мэдрэмж минь

Амжилт бүтээл авчирсан тоотой дурсамж минь

 

Аяа, миний гитар минь, гитар минь

Ахуй санаа, амин зүрхний цомнол минь

Ертөнцөд оршин байхын утга учир минь

Ерөөлөөр учирсан яруу эгшиглэнт алдрай минь

Зүйрлэхийн аргагүй уянгалан дуулагч гитар минь

Зөвхөн надад заяасан юм шиг тавилан минь

Зүүдний бичлэгийг зүглүүлж өгсөн зарлага минь

Зүрхний хайртай учруулж өгсөн зардас минь

 

Насан туршид уянгалан дуулагч гитар минь

Намайг чимдэг мөнхийн цог жавхлан минь

Нажид, цэнгэлийг хамтдаа туулсан итгэл минь

Нартаас хальсан ч эргэн дуурсах учрал минь

Аяа, миний гитар минь, гитар минь

Ахуй санаа, амин зүрхний цомнол минь

Ертөнцөд оршин байхын утга учир минь

Ерөөлөөр учирсан яруу эгшиглэнт алдрай минь

Санал болгох

Сэтгэгдэл

top