Хятадын өмнө зүгийн үйлдвэрлэлийн бүсэд дөрвөн монгол залуу өндөр технологи судлан үйлдвэр бүрийн үүд сахиж, сиймхий гарвал үйл ажиллагаатай нь танилцан дарга мастеруудтай гар барин түншийн харилцаа тогтоож явна. Харь нутгийн хөрс хатуу. Хүний нүд хариулж байгаад үйлдвэрлэлийн процесс, тоног төхөөрөмжийн сери дугаарыг утсаараа бичээд хөөгдөж гарах энүүхэнд.
Өндөр
хөгжилтэй орны туршлагаас үзэхэд Засгийн газар нь мэргэжлийн чадварлаг
боловсон хүчнүүдээ гадаад руу технологийн "хулгайд” томилж явуулдаг.
Харин манай залуус улс орноо хөгжүүлэх чин хүслээр өөрсдийн сэтгэл,
зориг, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн урд хөршид технологийн "хулгай” хийж
яваа нь энэ. Тэд бол Баяжуулах фабрикийн Цахилгаан хөтлүүр автоматикийн
хэсгийн тохируулагч инженер Т.Барс тэргүүтэй нөхөд ээлжийн амралтаа
эдэлж явсан нь тэр гэнэ. 10-аад үйлдвэр үзэж 14 хоног аялахдаа богц
дүүрэн, боломж асар их байгааг мэдэрч иржээ. Хагас дамжуулагчийн нарийн
технологи харсандаа ихэд олзуурхаж байна лээ.
Удахгүй
нэг юм дуулгах вий. Т.Барс эдүгээгээс хоёр жилийн өмнө найзуудтайгаа
нийлж Монголын анхны лед гэрлийн үйлдвэрийг Эрдэнэтэд байгуулсан. Одоо
энэ үйлдвэрт сард нэг бүтээл мэндэлдэг гээд бодоход ямархан амжилт өөд
авирч яваа нь тодорхой. "Эрдэнэт лед- гэрлийн үйлдвэр өнөөдөр Төв,
Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өмнөговь зэрэг 8
аймгийн хэрэглэгчдийг эрчим хүчний хэмнэлттэй, чанартай гэрлээр хангаж
байна. Сүүлийн гудамж, талбайн чимэглэлийн гэрэл, лед дэлгэц, урсдаг
самбар, гэрлэн дохио үйлдвэрлэж байгаа нь мэдлэгт суурилсан үйлдвэрлэл
хэрхэн өргөжин хөгждөгийн тод жишээ.
Түүний
ажил амжилттай явахад атаархах хүн мэр сэр гарах. Нэр нь үл мэдэгдэх
албан тушаалтнаас хэсэг хугацаанд дарамт иржээ. Гэсэн ч тэр шантарч
няцаагүй, шазруун зан гаргаж өширхөөгүй. Хатуу, зөөлний завсарт амжилтаа
ахиулж хариу барьсан. Саяхан Улаанбаатар төмөр замд гэрлэн дохионы
туршилтын загваруудаа нийлүүлчихээд амьсгаа авахдаа бүтээгдэхүүнээ
экспортод гаргах тухай бодож амжсан. Т.Барс өдий залуу насандаа зөв
бүхний эхлэлийг тавьж, алс ирээдүйгээ зөв харж, зөв залуустай нөхөрлөж,
зөв амьдарч явна.
Би
түүнээс "Таны нөхөрлөл юун дээр тогтдог вэ?” гэж асуусан юм. Т.Барс
"Цагийн аясаар найз шалгардаг. Бүтээе хийе гэсэн сэтгэлтэй, сэтгэлгээтэй
бүхэн миний найз” гэж тэр дор нь энгийн хариулсан. Би гэхээс илүү бид,
тэд гэж ярих дуртай энэ залуу чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргаж
буй Эрдэнэтийн Технологийн сургуулийн эрдэмтэн багш нарт талархаж явдгаа
илэрхийлсэн. Лед гэрлийн үйлдвэрт баялаг бүтээж буй залуус бүгд
Технологийн сургуулийн бүтээгдэхүүн гэнэ. Мөн Баяжуулах фабрикийн
технологийн процессын цахилгаан тоног төхөөрөмжийн шинэчлэлийг зоригтой
эхлүүлж гардан хэрэгжүүлсэн Ш.Гэзэгт, Ерөнхий эрчим зүйч Д.Цагаач,
Ш.Төрбат даргаар бахархаж явдаг.
Баяжуулалтын
тоног төхөөрөмжийг автоматжуулж найд-вартай ажиллагааг хангахад том
хувь нэмэр оруулсан түүхэнд тэмдэглэхээр хүмүүс гэж тэднийг магтах.
Т.Барс ээжийгээ оюутан байхад ОХУ-ын Новосибирска хотод мэндэлжээ. Таван
хүүхэдтэй айлын том хүү учир ачааны хүндийг үүрэх хариуцлага түүнд
ногдоно. Дархан-Уул аймгийн Шарын голын уурхайн экскаваторын машинч асан
аавынхаа удам залгах уурхайчин болсондоо бахархана. Ер нь түүний
амжилт, ололт, хөдөлмөр зүтгэл бүхэн өөр бусадтай холбоотой. Ээжийнхээ
зөвлөснөөр уулын цахилгааны механикич мэргэжил эзэмшсэн. Ажлын дөр
суусан нь Ц.Намжилдорж, Наранбаатар, Д.Оюунцэцэг, Хээрийнбаатар,
Лхагвасүрэн, Чинбат, Жаргалсайхан гэх хүмүүсийн ач. Амжилт гаргаж,
зохион бүтээсэн бүхэн нь хамт олон, бүтээмж чанарын дугуйлангийн
гишүүдийнх нь гавьяа. Лед гэрлийн үйлдвэрийнх нь бүтээгдэхүүн сайн
байгаа нь нарийн төхөөрөмжийн программ хийдэг Г.Түвшин инженерийн ур
чадвар. Хэзээ ч тэр би хийсэн, миний бүтээл гэж хэлэхгүй. Миний оролцоо
өчүүхэн төдий гэж өөрийгөө дарна.
Ач мэддэг хүн амжилт гаргадаг гэсэн хуучны үг эрхгүй санаанд бууна.
"Эрдэнэт” үйлдвэрийн 1000 инженерийн зөвлөлгөөний үеэр бүтээмж чанарын
дугуйлангийн шилдэг ахлагчийн номинацид зургаан ажилтан нэр дэвшсэнээс
БФ-ийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн "Энерго мастер”
дугуйлангийн ахлагч Т.Барс гурван жилийн хугацаанд 12 төсөл удирдаж
хэрэгжүүлсэн амжилтаар шалгарч өргөмжлөл хүртсэн юм. Тэр үргэлж
шинийг эрэлхийлж санаачилгатай ажиллахыг эрмэлздэг. Урсгалаар явахгүй
юмсан гэж хичээх нь түүний ажилдаа баримталдаг гол зарчим. Хэсгийн дарга
Ц.Намжилдорж тулга тойрсон ажлаар дарахгүй "Чөлөөтэй сэтгэ бүтээ” гэж
залуусаа уриалан хөглөдөг нь сайшаалтай. Компани оюуны өмчийн бодлоготой
болсон нь цаг үеэ олсон сайхан шийдвэр хэмээн тэр онцолсон.
"Эрдэнэт” үйлдвэр олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч зах зээл
дээр өрсөлдөж чаддаггүй нь оюуны өмчийн нэгдсэн бодлого байгаагүйтэй
холбоотой гэх. Манай мэргэшсэн инженерүүд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх
чадвартай оюуны бүтээл үйлдвэрлэж чадна, бүтээсээр ч байгаа гэж тэр
хэлсэн. Өнөөдөр Т.Барс Баяжуулах фабрикийн Бутлан тээвэрлэх, Шүүн
хатаах, Урвалжийн хэсэг, Дулааны цахилгаан станцын цахилгаан тоног
төхөөрөмжийг хариуцан ажиллаж байна. Олон тоног төхөөрөмж хариуцдаг
болохоор асуудал гарна. Технологийн процессыг жигд явуулахын тулд
яаралтай засах, бүр болохгүй бол зохион бүтээж аргална.
Түүнд
удирдлага, хамт олон нь бүрэн итгэдэг учраас "галын шугам” дээр
ажилладаг. Соронзон шайбны удирдлагын шкаб эвдрээд захиалахад дараа жил
ирэх эсэх нь эргэлзээтэй. Тиймээс өөрсдөө сэтгээд хийчих нь цаг хугацаа
хожихын зэрэгцээ хөрөнгө мөнгө хэмнэж байгаа юм. Ийм л бүтээлч хамт олны
дунд тэр үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, тоног
төхөөрөмжийг автоматжуулах, сул зогсолтыг бууруулах, үргүй зардлыг
багасгахад санаачилгатай ажиллан манлайлж байна.
Сүүлийн
үеийн шинэ залуу ажиллагчдаас сурах юм их байна гэж ярьж буй хүнийг анх
удаа үзлээ. Т.Барсын хэлж байгаагаар тус хэсэгт хамгийн сүүлд ажилд
орсон Эрдэнэбаяр гэх залуу трансформатор ороож туршаад байна гэнэ.
Өөрөөр хэлбэл жижиг үйлдвэрлэл явагдаж буй хэрэг. Эрдэнэ-Очир гэдэг
залуу гар утаснаасаа тоног төхөөрөмжийг яаж хянах вэ гээд толгойгоо
гашилган оролддог аж. Энд бүтээмж хэрэгжиж байна. Түүний эргэн тойрон
шинэ сэргэгээр дүүрэн. Үүнийг олж мэдэрнэ гэдэг бас чухал. Т.Барс "Зөв
залуус” клубын гишүүн.
Тэд
дугуйн зогсоол , ажилчдын цалингийн зээлийн хүү бууруулах, Говилын эх
үрсийн цэцэрлэг, Эрүүл мэндийн зам зэрэг олон сайхан ажил санаачлан
хэрэгжүүлсэн. Зөв санаа бүхэн зөв үйлийг дагуулж зөв хөгжил өөд
хөтөлдөг. Тэр залуу хүн ажилсаг байх ёстой гэж хэдэнтээ хэлнэ лээ. Олон
жилийн хойно эргэж хараад үүнийг би хийсэн юм шүү дээ гэж бахархах үнэт
зүйлтэй байхыг хичээдэг гэнэ. Хайртай эхнэр, хоёр хөөрхөн үрдээ цаг зав
бага гаргадагтаа сэтгэл зовинодог ч ирээдүйн сайн сайхных нь төлөө аав
нь залуу насаа зориулж яваа болохоор өег явна. Өндөр технологи шингэсэн
олон сайхан үйлдвэр Эрдэнэтэд байгуулах мөрөөдөл өвөрлөн зөв бүхэн рүү
тэмүүлж яваа Т.Барсдаа ажлын амжилт хүсье.
М.Одгэрэл
www.erdenetinfo.mn