|

Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах талаарх гишүүдийн байр суурь

tonshuul 2015/02/12 1193 0

Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах талаарх гишүүдийн байр суурь

 

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Гишүүд төрийн эзэмшлийг роялти буюу нөөц ашигласны төлбөрөөр солих тухай заалтад ихээхэн шүүмжлэлтэй хандаж, Оюутолгойн одоо байгаа төрийн эзэмшлийн нэртэй 34 хувийг Рио Тинто найр тавин өгөх гэж байна гэв. Ингээд удтал маргалдсаны эцэст Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын  төслүүдээр "Шударга ёс" эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авсан юм.
 
УИХ-ын чуулганы завсарлагаанаар зарим гишүүнээс хэлэлцэж байгаа асуудлын талаарх байр суурийг нь сонсов.
 
Л.Цог: Би юу боллоо гэж С.Баярцогтоос уучлал гуйх юм
 
-Ашигт малтмалын тухай хуульд 3-4 жил болоод л өөрчлөлт оруулах юм. Өнөөдөр хэлэлцэж байгаа Засгийн газраас оруулж ирсэн өөрчлөлтийг та юу гэж дүгнэж, харж байгаа вэ?
 
-Сэлэнгэ аймгийн Мандал суманд байгаа 60 тонн алтны нөөцтэй Гацууртын ордыг "Сентерра гоулд” гэдэг Канадын компанид тавьж өгчихөөд өнөөдөр Засгийн газраас оруулж ирж байгаа санал нь 34 хувийг нь төр эзэмшиж өрөнд орж байхаар 20 хувийг нь эзэмшье гэж л оруулж ирж байгаа юм байна л даа. Ном журмаараа бол Монголын ард түмэн 51 хувиас доошгүйг эзэмшиж байж Монголын төр эзэн нь байх ёстой юм шүү дээ. Бид энэ байр суурин дээр л зогсох ёстой.
 
Энд гай болж байгаа хоёрхон заалт байгаа нь 2006 оны долоодугаар сарын 8-нд, наадмын өмнөхөн хулгай, луйврын аргаар баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 5.4,5.5 гэсэн заалтууд л байгаа юм шүү дээ.
 
-Тэр хоёр заалтын тухай их ярьдаг ч ард иргэд төдийлөн сайн ойлгодоггүй л дээ?
 
-Монгол Улсын Үндсэн хуулийг санаатай зөрчсөн тэр хоёр заалтыг хулгай, луйврын аргаар сэмхэн шургуулж батлуулсан хүмүүсийн зарим нь одоо ч энэ танхимд сууж л байна. Тэр хоёр заалтад "Төсвийн мөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон ордын 50 хүртэлх хувийг төр эзэмшиж болно, эсвэл эзэмшихгүй байж ч болно, харин хувийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг  тогтоосон бол төр 34 хүртэлх хувийг эзэмшинэ” гээд заачихсан юм. Энэ хоёрхон заалтын балгаар Монголын ард түмэн өөрсдийнхөө баялаг, өөрийнхөө нутгийн газрын хэвлийд байгаа алт, эрдэнэс дээрээ гадныхныг гуйж байж, баялгаа барьцаанд тавьж байж ордог үнэхээр хачирхалтай байдалтай болчихоод байна.
 
-Стратегийн  ордын төрд эзэмших хувийг роялти буюу нөөц ашигласны төлбөрөөр сольж авах тхай яригдаж эхэллээ. Хэрэв ингэж хуульчилбал юу болох вэ?
 
-Тэр бол өөр орд дээр яригдаж байгаа асуудал. Гэхдээ асуудлыг бүгдэд нь хамааруулж тэгж шийдвэл жинхэнэ завхрал болно. Тэгүүлэхгүй байхыг УИХ өөрөө хийх ёстой юм. Бид нар эхлээд өөрсдийнхөө эзэн байх хувийг зайлшгүй ахиулах ёстой. Жишээлбэл Эрдэнэт гээд бэлээхэн сайн туршлага байгаа шүү дээ. Бид асуудлыг тэгж шийдэж байж Монголын ард түмэн юмтай үлдэнэ. Татвараас гадна хуримтлал бий болно. Эрдэнэтийн ордыг төр, бас улстөр бизнесийн бүлэглэлүүд яаж идэж уусан ч Монголын ард түмнийг 40-өөд жил тэжээгээд явж байна шүү дээ.
 
-2006 онд батлагдсан Ашигт малтмалын хуулийн 5.4,5.5 гэсэн тэр хоёрхон заалтыг яагаад өөрчилж болохгүй байгаа юм бол. Аль эсвэл өөрчлөхийг хүсэхгүй байгаа тодорхой бүлэглэлүүд дэндүү хүчтэй байгаагаас болоод өөрчилж чадахгүй байгаа юм уу?
 
-Олон жилийн өмнө цэцэд хандаад ч өөрчилж өгөөгүй юм. Өнөөдөр энэ хоёр заалтын тухай хэн ч ярихгүй байна. Луйврын аргаар гардаж хийсэн улстөрчид нь хав дараад байгаа болохоор ард түмэн яаж мэдэх вэ дээ. Энэ хоёрхон заалт Монголын  эдийн засагт цаашлаад ард түмний амьдралд ямар их гай тарьж байгааг хэн ч ойлгохгүй байна, дуугарсан ганц хоёр хүнийг янз бүрээр дайрч давшлах нь хэрээс хэтэрч байна. Энэ хоёр заалтын ард улстөр, бизнесийн маш том бүлэглэл хана хэрэм мэт зогсож гадаад эздийнхээ гарын дохиогоор хэрхэн ажиллаж байгааг ард иргэд зах зухаас нь мэдэрч, таньж эхэлж байгаа нь л хамгийн чухал юм.
 
-ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг өргөн барьсан гишүүдийн нэг нь та. Гэхдээ тухайн асуудлаар "Шударга ёс” эвсэл тав хоногийн завсарлага авсан. Харин С.Баярцогт дарга та нарт "Асуудлаа татаж ав, надаас уучлал гуй” гэсэн. Та уучлал гуйх уу?
 
-Би юу боллоо гэж С.Баярцогтоос уучлал гуйх юм. Харин тэр хүн өөрөө Монголын ард түмнээс уучлал гуйх ёстой.
 
С.Дэмбэрэл: Стратегийн ордуудад олон улсын сайн туршлагыг хэрэглэх ёстой
 
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудалд гишүүдийн ихэнх нь Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийг буцаан татахыг шаардаж, бухимдлаа илэрхийлсээр байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Аль аль талдаа тун ярвигтай асуудал хэлэлцэж байгаа болохоор маш сайн тооцоо, судалгаа хэрэгтэй. Асуудалд яарч болохгүй гэсэн байр суурьтай л байгаа. Бид өмнө нь том алдаа гаргасан нь одоо хэнд ч илэрхий болчихлоо шүү дээ.
 
-Стратегийн ордын төрийн эзэмшлийн хувийг үнэ цэнэтэй болгоно гэж оруулж ирсэн заалтын ард чухам юу нуугдаж байгаа бол?
 
-Энэ заалтын ард стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувийг үнэ цэнэтэй болгох л агуулга явж байгаа байлгүй дээ. Гэхдээ үр дагавар, ач холбогдол гэдэг хоёр талаас нь сайтар нягталж ярилцах ёстой. Ач холбогдлын хувьд Эдийн засгийн байнгын хороон дээр Монголын төрийн эзэмшлийн хувь хэмжээг бүр эцэслэн шийдээд ярьчихмаар байгаа юм. Гишүүдийн олонх нь төр өөрөө уул уурхайн бизнес хийх гээд байгаа юм шиг энэ нэг ойлгомжгүй хандлагыг ихээхэн шүүмжилдэг л дээ. Бид оны өмнө Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг батлах болон түүний дагуу орж ирсэн Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хууль мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн гол үзэл санаа нь Монголын төр өөрөө ухдаг биш бусдаар ухуулдаг, ялангуяа үндэсний компаниудаар ухуулдаг, мөн гадаадын хөрөнгө оруулагчдаар ухуулдаг байх тухай заачихсан л даа. Өөрөөр хэлбэл Монголын төр өөрөө бизнес хийхгүй, харин ерөнхий оператор, ерөнхий хэрэглэгчийн үүрэг гүйцэтгэнэ, ингэхийн тулд "Эрдэнэс Тавантолгой” маягийн компани байгуулж болно гэсэн л байгаа. Ингэж ажиллахдаа нэгдүгээрт байгаль орчны нөхөн сэргээлтийг дээд зэргээр анхаарч хянах, хоёрдугаарт бусдаар оператор хийлгэх  гэрээнүүдийг ширхэгчлэн хянах, гуравдугаарт Монголын ард түмэнд олгох ёстой 1072 хувьцааны асуудлыг 2015 онд багтаан шийдэх гэсэн гол гол заалтууд явж байгаа.
 
-Энэ хуульд Засгийн газраас оруулан ирж байгаа өөрчлөлтүүдээс харахад Оюутолгойн төрийн мэдлийн 34 хувийг нөөц ашигласны төлбөрөөр солих гэж байгаа юм биш үү?
 
-Энэ асуудлыг өөрийн чинь асуусны дагуу ярьж байх шиг байна л даа, Гэхдээ Олон улсын хэмжээнд байдаг 20-34 хувь зэрэг сайн туршлагуудыг Эдийн засгийн байнгын хороон дээр маргаашаас / өнөөдрөөс/ эхлээд ярьж эхэлнэ. Өнөөдөр чуулган дээр яригдаж байгаа зарчмын зөрүүтэй саналуудыг Эдийн засгийн байнгын хороон дээр нэлээн ширүүхэн ярилцах байх.
 
Хэрвээ зарчмын зөрүүтэй саналуудаар олонхийн дэмжлэг авч чадвал УИХ-д оруулж ирнэ. Өнөөдөр ярилцаж байгаа анхны хувилбар тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх нь ойлгомжтой болж байх шиг байна. Гишүүдийн зүгээс ихээхэн бухимдалтай,
шүүмжлэлтэй хандаж байгааг Эдийн засгийн байнгын хорооны хурлаар нухацтай авч үзэх нь ойлгомжтой.
 
-Таны хувьд Засгийн газраас оруулж ирсэн өөрчлөлтийг дэмжиж байгаа юу, эсрэг саналтай байна уу?
 
-Зарчмын хувьд би дэмжиж байгаа юм. Гэхдээ С.Оюун гишүүний гаргасан "Уян хатан байх ёстой, Олон улсын сайн туршлагуудыг дахиж сайтар судлах ёстой” гэсэн зарчмын зөрүүтэй байр сууринаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр санал хураалгах бодолтой байна.
 
Өглөөний сонин
Д.Түвшин

Санал болгох

Сэтгэгдэл

top