|

Хятадтай хамтран хар тамхитай тэмцэнэ

saikhnaa 2015/11/25 2116 222

БНХАУ-ын НАХЯ, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар хамтран "Хяналтын дор хүргүүлэх" сэдэвт дадлага сургалт зохион явуулжээ. Энэхүү сургалтад Цагдаагийн ерөнхий газраас 25 алба хаагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүйн яамнаас төлөөлөгчид оролцоод ирсэн байна.

 

Монгол Улсад 2009 оноос хойш хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 247 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдснаас эд мөрийн баримтаар хураагдсан бодисын 70 орчим хувь БНХАУ-аас хууль бусаар орж иржээ. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор хоёр улсын холбогдох албаны хүмүүс харилцан тохиролцсоны үндсэн дээр хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр өнгөрөгч 10 дугаар сарын 12-26-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Монгол Улсын цагдаагийн 15 алба хаагчийг сургалтанд хамруулсан. Мөнхүү сургалтыг бататгах "Хяналтын дор хүргүүлэх” сэдэвт хамтарсан дадлага сургалтыг зохион байгуулсан байна.

Дадлага сургалт нь Монгол Улс, БНХАУ-ын хил орчмын бүс нутагт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. Манай улсад сүүлийн таван жилийн дунджаар хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар олж авч хадгалах, зарж борлуулах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг жил бүр 27 хувиар, холбогдогч 40 хувиар тус тус өссөн байна.

Энэ оны долоодугаар сарын 2-ны өдрөөс хойш цагдаагийн байгууллагад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 41 гомдол, мэдээлэл шалгагдсанаас 37 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. 37 хэрэгт 82 хүн холбогдон шалгагдсан байна.

 

Б.Хүлэг

Санал болгох

Сэтгэгдэл

top