|

Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж үг хэллээ

tonshuul 2014/12/29 5115 402

Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж үг хэллээӨдгөөгөөс 103 жилийн өмнө Монголчууд бидний хувьд онцгой өдөр байсан юм. 103 жилийн өмнөх энэ өдөр Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж байсан юм.

Манжийн эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо зарласан өдрийн 103 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос зохион байгуулж буй чансаа өндөр шигшмэл 128 бөхийн барилдааныг нээж Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ "Энэхүү өргөөнд хуран цугларсан ард, иргэдийн төлөөлөл, биднийг харж, сонсч байгаа Монголын нийт ард, иргэддээ монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн түүхт ойн халуун мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөж мэндчилье.

Бид энэ сайхан баярыг, энэ сайхан өдрийг бүтэн жил хүлээдэг. Юм бол учиртай. Бидний өвөг дээдэс 103 жилийн өмнө Монгол орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг хуучин он хулжирч, шинэ он шилжирч ирж байгаа энэ цаг мөчид олж, Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг мандуулсныхаа их баярыг тэмдэглэж байжээ. Их өвөг дээдсийнхээ тэр ариун үйл хэргийг үргэлжлүүлж, бид бүгдээрээ энэ их өргөөнд хуран цуглаж ард нийтээрээ энэ сайхан баяраа хамтдаа тэмдэглэх гэж байна. Та бүхэндээ баяр хүргэе. Эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө.

Энэ 2014 ондоо ард түмнээ баярлуулан чансаа өндөр, сайхан барилдаж, хийморь золбоо бүрдсэн бөхчүүдийнхээ барилдаанаар өнөөдрийн баяр цэнгэл наадмаа бид нээж байна.

Өнгөрч байгаа жилдээ манай ард иргэд, айл гэр бүрт байсан тэр сайн сайхан бүхэн үргэлжилж, шинэ ондоо та бүхний маань аз жаргал, хамгийн сайн сайхан дэлгэрч, монгол хүн бүхний хийморь дэлгэрч, монгол бөхийн цагаан хийморь үргэлж өөдөө байж, Монгол Улс минь мандан бадарч яваг ээ.

Миний Монгол мөнх орших болтугай. Баяр хүргэе ээ, та бүхэндээ. Аз жаргал хүсэн ерөөе. Их баярлалаа” гэлээ.

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа Төрийн дуулал эгшиглэв.

Санал болгох

Сэтгэгдэл

top