|

Боловсроогүй боловсрол буюу биологийн дайвар хичээл

bayaraa 2015/02/06 2734 232

Боловсроогүй боловсрол буюу биологийн дайвар хичээл

 

 Өнгөрсөн жил олон нийтийн дунд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг хасна

 гэх яриа гарч, хэл, утга зохиолынхон ихэд бухимдалтай байв. Харин азаар энэ нь ор үндэсгүй цуурхал байж таарсан. Гэтэл саяхнаас эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасна гэх мэдээлэл гарч, эцэг эхчүүд, эмч мэргэжилтнүүдийг бухимдуулаад байна.

Салбарын яамнаас энэ талаар асуухад, "Энэ жилээс орон даяар хэрэгжиж эхэлсэн "Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-т эрүүл мэнд гэсэн тусдаа хичээл байхгүй. Гэхдээ хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгох цаг өмнөхөөсөө хэд дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, хуучин эрүүл мэндийн хичээлийг долоо хоногт нэг удаа 40 минутаар ороод, дараа нь бичгээр шалгалт авдаг байсныг өөрчилж, шинэ хөтөлбөрийн дагуу "Хүн ба орчин”, "Хүн ба нийгэм”, "Иргэний боловсрол” гэх мэт хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг багтааж өгсөн. Долоо хоногт нэг удаа ордог байсан хичээлийг харин ч өдөр бүр үздэг болсон” гэсэн тайлбарыг өгч байна.

Гэсэн ч энэ тайлбар нь эрүүл мэндийн хичээлийг биеийн тамир, биологийн хичээлээс илүүд үздэг хүмүүсийг тайтгаруулж чадсангүй. Тиймээс бид ч бас энэ асуудал руу өнгийв.

 

ИХЭНХИ АРХАГ ӨВЧНИЙ ЭХ СУУРЬ ХҮҮХЭД НАСАНД ҮҮСДЭГ

Дэлхий нийтэд болон манай улсад хүн амын дундах нас баралтын дийлэнх хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Харин энэ нь бидний эрүүл мэндийн мэдлэг, буруу дадал зуршлаас үүдэлтэй байдаг. Мөн жил ирэх тусам газар аваад байгаа цусны даралт ихсэх өвчин, чихрийн шижин, уушгины архаг өвчнүүд зэрэг нь дэлхий дахинд нийт нас баралтын 60 орчим хувийг эзэлж байна. Эдгээр өвчлөл нь ирэх 10 жилд 17 хувиар өсөх хандлагатай байна гэсэн таагүй судалгаа ч бас байна.

Тиймээс дэлхийн олон оронд хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн мэдлэг, боловсролд онцгой анхаарал хандуулж байна. Гэтэл манайд харин ч эсрэгээрээ, ийм болхи шийдвэр гарч, эрүүл мэндийн хичээлийг "Биеийн тамир”, "Иргэний боловсрол”, "Биологи” гэх мэт хичээлийн "бөөрөнд нааж”, дайвар хичээл болгон хувиргаад байна. Үүнд олон хүн дургүйцэж байгаа юм.

Дэлхий нийтэд хийсэн судалгаагаар хүүхэд, өсвөр үеийнхэн дунд эрүүл бус хоололт, хөдөлгөөний дутагдал, архи тамхины хэрэглээ нэлээд өндөр хувийг эзэлж байна. Нийт 41 орны ЕБС-ийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар 11-15 насны өсвөр үеийнхний тал хувь нь өглөөний цайгаа уудаггүй, мөн 1/3 хувь нь өдөртөө ганц нэгхэн жимс хэрэглэдэг гэжээ. Мөн 11 настай сурагчдын 26 хувь нь, 12 настай сурагчдын 20 хувь, 13 настай сурагчдын 16 хувь нь өдөрт ердөө ганцхан цаг дасгал хөдөлгөөн хийдэг гэсэн байна.

Өсвөр үеийнхний өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгаан, насны бүлгээр /10 мянгад/

Тамхи татах нь сургуулийн сурагчдын дунд бараг нийтлэг үзэгдэл болжээ. 15 настай сурагчдын 62 хувь нь тамхи татдаг. Өсвөр үеийнхэний 30 орчим хувь нь 13 наснаасаа өмнө тамхи татаж эхэлсэн гэж хариулсан байна. Харин архины хэрэглээ харилцан адилгүй байна. Гэхдээ дэлхий нийтэд өсвөр үеийнхний дундах архины хэрэглээ анги өгсөх тусам нэмэгдэх хандлагатай байна гэдгийг судлаачид онцолсон байна. Өөрөөр хэлбэл, ихэнхи архаг өвчний эх суурь нь энэ насанд тавигддаг гэдийг судлаачид тогтоожээ. Гэтэл бид эрүүл мэндийн хичээлд ач холбогдол өгөхгүй байна.

Өсвөр насны хүүхдийн өвчлөлд амьсгал, хоол боловсруулах тогтолцооны болон гэмтэл хордлого, гадны шалтгаант бусад тодорхой эмгэг, арьс арьсн ддорх эслэгийн өвчлөл, шээс бэлгийн тогтолцооны өвчлөлүүд тэргүүлэх 5 шалтгаан болж байна.

Ямартай ч эрүүл мэндийн хичээлийг анх сургалтын хөтөлбөрт таамгаар оруулчихаагүй, бодлогоор оруулсан гэдгийг дахин нэг сануулчихъя. 1997 онд ДЭМБ, ЭМЯ, ЭМХҮТ-өөс явуулсан судалгаагаар өсвөр үеийнхний 78 хувь нь "Эрүүл мэндийн талаарх хангалттай мэдлэггүй” гэсэн дүгнэлт гарч, 1992-1995 онд хийсэн судалгаагаар өсвөр насны 1000 хүүхдэд ногдох өвчлөл 743 гарч байжээ.

Сурагчдын 60-70 хувь нь биеийн гальбир, тулгуур эрхтний өөрчлөлттэй байсан байна. Эдгээрээс үүдэн 1998 онд сургуулийн сурагчдад эрүүл мэндийн хичээлийг анги тус бүрд 12, нийт 120 цаг оруулж байх журам батлагдажээ. Эрүүл мэндийн хичээлийг 1988-1999 оны хичээлийн жилүүдэд сургалтын хөтөлбөрт албан ёсоор оруулан нийт 34 цагийн хичээлийг тухайн жилд судлахаар тусгасан байна. Гэтэл өнөөдөр сургалтын хөтөлбөрөөс бүр хасагдаж орхив.

 

ХҮҮХДҮҮД ААРЦ, УНДАА ХОЁРЫН АЧ ТУСЫГ ЯЛГАХГҮЙ ӨСНӨ

 

Монголд өнөөдөр цоо эрүүл хүнийг бид хайгаад олохгүй. Тэр утгаараа өсвөр насны хүүхдүүдэд ч гэсэн эрүүл мэндийн өчнөөн асуудал бий. Өсөлт хөгжил нь тааруу, үеийнхнээсээ өсөлтийн хоцрогдолтой, тураалтай, цус багадалттай, эсвэл таргалалттай, кальцийн дутагдалтай, яс үе мөчний өвчтэй, хоолойн ангинатай, хоол тэжээлийн дутагдалтай, дархлаа сул хүүхдүүд захын сургуулийн нэг ангид олон бий.

Нэг ангийн 20-30 хүүхдэд хийсэн эрүүл мэндийн судалгааг харвал 70-80 хувь нь эрүүл мэндийн ямар нэг асуудалтай. Бараг бүгдээрээ амны хөндийн үрэвсэлтэй, шүд нь цоорхой, хоол тэжээлийн дутагдалтай гэсэн судалгааны дүнг олж харна. Гэтэл эцэг, эхчүүдийн олонх нь үүнийг анзаардаггүй. Анзаарсан ч дорвитой арга хэмжээ авдаггүй.

Үнэнийг хэлэхэд, эцэг, эхчүүдийн олонх нь тэдэнд өвдөж зовох асуудал бараг байхгүй гэж боддог. Гэтэл өнөөдөр салбарын яам, сайд дарга нар нь хүртэл "Өвдөж, зовох нь орчлонгийн жам” гэсэн муйхар бодолтой явдаг бололтой юм.

Хэдэн жилийн өмнө хүмүүс таргалалт бол өвчин биш гэсэн ойлголттой явдаг байлаа. Тэр тусмаа хүүхэд байхдаа махлаг, мяраалаг байх нь эрүүлийн шинж хэмээн боддог байв. Харин өнөөдөр хүмүүс энэ ил бүдүүлэг ойлголтоосоо салжээ. Хүн бүр хүүхдээ хоол голж шилдэггүй, юу тааралдсанаа хамаад идчихдэг хэнэггүй, тэнэг нэгэн болоосой гэж хүсэхгүй байна. Тиймээс эцэг, эхчүүдийн олонх нь эрүүл мэндийн хичээлийг биологийн хичээлтэй "хольж, хутгаж”, бантагнуулж байгаад дургүйцэж байна.

Уг нь хүүхдүүд аарц, ундаа хоёрын ач тусыг ялгаад сурчихвал хувь хүндээ ч, улс нийгэмд ч цаашлаад эдийн засагт ч хэмнэлттэй байхсан. Манай улсын нийт хүн амын 44.3 хувийг сургуулийн насны хүүхдүүд эзэлдэг. Ихэнх архаг өвчний эх суурь энэ насанд үүсдэг гэдгийг дахин сануулчихъя.

 

 

Б.ЭНХТУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

top