|

Ж.Нармандах: Ханиад томуу их байгаа нь агаарын бохирдолтой холбоотой

bayaraa 2015/01/13 8664 719

 	 Ж.Нармандах: Ханиад томуу их байгаа нь агаарын бохирдолтой холбоотой Жавар тачигнасан гурван ес эхэлж, хүйтний улирал ид дундаа оржээ. Энэ үед хүмүүс тэр дундаа бага насны хүүхдүүд ханиад томуу тусч, эмнэлгийн хаалга татах нь ихэсчээ.

Тиймээс бид ханиад томуу туссаны дараа эмчлэх бус түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр ЭХЭМҮТ­ийн Хүүхдийн зөвлөх, поликлиникийн тасгийн эрхлэгч Ж.Нармандахтай ярилцлаа.

 -Сүүлийн үед ханиад томуу ихэсч, хүмүүс эмнэлэг, эммийн санг зорих нь элбэг боллоо. Өвчлөл ихэсч байгаагийн гол шалтгаан нь юу байна вэ?

 -Ханиад томуу их байгаа нь нэгдүгээрт улирлын чанартай, хоёрдугаарт, агаарын бохирдолтой холбоотой. Илүү их өвчлөлд өртөөд байгаа эртхэн бол амьсгалын систем. Тиймээс хүүхдийг гэр болон цэцэрлэг, сургууль дээр нь зөв хувцастай байлгах хэрэгтэй. Хүүхдийг аль болох хөлөргөхгүй байвал сайн. Хүүхэд буруу хувцас өмссөнөөс болж хөлөрдөг. Ингэснээр биеийнхээ шингэнийг их хэмжээгээр гадагш алдаж байна гэсэн үг. Энэ нь ханиад томуу тусах үндсэн шалтгаан болдог юм. Өөрөөр хэлбэл, амьсгалын замаар халдсан вирус, нян цусанд орж үржиж байна гэсэн үг.

 -Ихэвчлэн хэд орчим насны хүүхдүүд ханиад тусч, эмчид хандаж байна вэ. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн хувьд хэд хоногт бүрэн эдгэрэх боломжтой бол?

 -Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийнхан ханиад томуу тусч, эмнэлэгт хандах нь гайгүй. Хүүхэд найман нас хүрч байж, амьсгалын замын эрхтэн систем бүрэн хөгждөг. Тийм учраас бага ангийнхан болон цэцэрлэгийн насны хүүхдүүд ханиад томуу их тусч байна. Хүүхдүүд их онцлогтой байдаг л даа. Тэдний эд, эсийн дархлааны систем сайн ажилладаг учир хөнгөн туссан ханиад эм уух шаардлагагүй эдгэрэх боломжтой. Өөрөөр хэлбэл, томчуудыг бодвол хүүхдийн бодисын солилцоо өндөр гэсэн үг. Эмнэлэгт хандсан хүүхдүүдийн хувьд бид үндсэн эмчилгээг тав хоногт багтааж хийдэг. Тэд эмнэлгээс гараад гэртээ 14-21 хоног үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх ёстой. Ер нь амьсгалын замын халдварт өвчин хөнгөн туссан тохиолдолд 14-21 хоногт бүрэн эдгэрдэг. Ханиад нь хүндэрч хатгалгаа болсон тохиолдолд 28-45 хоногийн дараа эдгэрнэ. Хамгийн гол нь зөв хувцаслаж, зөв хооллох нь чухал. Ханиад дөнгөж туссан үед нь эмчид хандаж, хөнгөн чанарын хоргүй эмээр эмчилгээ хийх хэрэгтэй.

 -Ханиад хүндэрч хатгалгаа болж буйг яаж мэдэх вэ. Хүүхдэд ямар нэгэн шинж тэмдэг илрэх үү?

 -Халуурах, амьсгаадах, тайван бус цочромтгой болох шинж тэмдэг илэрдэг. Эцэг, эхчүүд бага насны хүүхдийнхээ цээжийг ажиглах ёстой. Хэрэв доод хэсэг нь хонхолзож байвал ханиад нь хүндэрч хатгалгаа болсон байна гэсэн үг. Хэвийн байгаа тохиолдолд цээжний доод хэсэг хөдөлдөггүй. Амьсгалын эрхтэн системд саад учирснаас болж амьсгал нь шуугиантай болдог. Эдгээр шинж хүүхдэд илэрч байвал ханиад хүндэрч, хатгалгаа болж байна гэж үздэг.

 -Эцэг, эхчүүд хүүхдийнхээ биеийн халууныг гэрийн нөхцөлд үзэж, буулгах арга хэмжээ авдаг. Ер нь хүүхдийн биеийн халуун хэдэн хэмтэй байвал хэвийн гэж үзэх вэ?

-Хүүхдийн биеийн халуун 36.9 хэмтэй байвал хэвийн байдаг. Харин 38 хэмээс дээш байвал халуурч байна гэсэн үг. Энэ тохиолдолд халуун буулгах эмчилгээ хийнэ. Харин 37-38 хэмтэй байгаа үед хүүхдийг механик аргаар хувцсыг нь тайлж, шингэн зүйл сайн өгөх хэрэгтэй.

-Хүүхдүүдийг хөлөргөхгүйн тулд яах ёстой вэ?

-Хамгийн чухал нь шингэн зүйл уулгах хэрэгтэй. Хүн бүрт шингэний физиологийн хэрэгцээ гэж байдаг. Тиймээс тухайн хүүхэд хоногт уух шингэний хэмжээгээ өрхийнхөө эмчээр бодуулж, уух ёстой. Тодорхой хэмжээний шингэн ууснаар цусны эргэлт сайжирч, гадны халдварт өртөхгүй байх магадлал өндөр. Бидний амьсгалах агаар чийглэг, хуурай биш байх ёстой. Тиймээс гэр, цэцэрлэг, сургуулийн анги, танхимд агаар сайн оруулах хэрэгтэй.

-Хүүхэд нэг хоногт дунджаар хэдэн литр шингэн зүйл уух шаардлагатай вэ. Ханиад томуу туссан тохиолдолд зайлшгүй уух ёстой шингэний хэмжээнд өөрчлөлт орох уу?

-Хүүхдийн биеийн жинг тусгай томъёогоор тодорхойлж, уух шингэний хэмжээг эмч зааж өгдөг. Жишээлбэл, 10кг жинтэй хүүхэд хоногт литр, 20 кг жинтэй бол 1.5 литр шингэн уух ёстой байдаг. Энэ мэтчилэн хүүхдийн биеийн жингээс хамаарч, харилцан адилгүй байдаг. Тиймээс эмчийн зөвлөгөөний дагуу шингэн зүйл уух хэрэгтэй л дээ. Хүмүүс ихэвчлэн шоколадтай сүү, зөгийн балтай ус, чацарганы сироп зэрэг чихэрлэг төрлийн зүйл уулгадаг. Энэ нь эрүүл байгаа үед шингэний хэрэгцээнд орж болно. Харин ханиад томуу хүрсэн болон ямар нэгэн өвчин туссан үед чихэрлэг төрлийн шингэн нь өвчлөлийг дэмжиж, сэдрээх хандлагатай. Учир нь, ханиад томуу туссан үед үрэвсэл явдаг.

-Хүүхдүүд олон төрлийн эм ууж, янз бүрийн тариа тариулах дургүй байдаг. Тийм болохоор эцэг, эхчүүд эмийн санчид хандаж чихэрлэг, найруулж уудаг сиропыг сонгодог. Энэ нь зөв сонголт байж чадах уу?

-Ийм төрлийн сиропон төрлийн бэлдмэл таарахгүй тохиолдол байдаг. Тиймээс эмчийн зөвшөөрөлгүй, эмийн сангаас ямар нэгэн эм авч хэрэглэж болохгүй. Хүмүүс сиропон төрлийн эмийг антибиотик биш, ургамлын гаралтай гэдэг утгаар нь дур мэдэн авч уудаг. Гэтэл энэ нь тухайн хүүхдийн бие организмд таарахгүй учир ханиадыг улам хөндрүүлдэг.

-Ханиад томуу туссан үед хүүхдүүд хоол идэх дуршилгүй байдаг. Тухайлбал, ийм үед бага насны хүүхдүүд цэцэрлэг, сургууль дээрээ хоол иддэггүй. Ямар төрлийн хоол идвэл зохимжтой вэ?

-Хүүхдүүд өдөр бүр чанарлаг, витаминлаг хоол идэж байх хэрэгтэй. Тэр дундаа ханиад томуу туссан үед өөх тос багатай, шингэц сайтай, шөлтэй хоол идэх нь зүйтэй. Тэгэхдээ бага хэмжээгээр ойр ойрхон идэх ёстой.

-Ханиад томууг туссан хойно нь эмчээс зөвлөгөө авч, эм тариа хэрэглэж эмчилгээ хийх биш, тусахаас нь өмнө дархлаагаа сайжруулж, өвчнөөс урьдчилан хэрхэн сэргийлэх ёстой вэ?

-Хүн бүрт өөрт нь дархлааны систем байдаг. Тиймээс эрүүл ахуйн зөв дэглэм сахиж чадвал ханиаднаас сэргийлэх бүрэн боломжтой. Хүйтний улирал, агаарын бохирдолтой байна гээд хүн бүр тусах албагүй. Хүүхдүүдийг олон нийтийн газар авч явахгүй байх. Өөрсдөө ахуйн дэглэмээ сайн сахих хэрэгтэй. Томчууд болон хүүхдүүд аль, аль нь гаднаас орж ирэхдээ гараа угааж, амаа усаар зайлах нь чухал. Утаа ихтэй үед шүлс хүртэл өнгө нь хувирч хар болсон байх жишээтэй.

-Ханиад томуу нэлээд тархаж, олон нийтийг хамарч байгаа учир Баянхонгор аймгийн зарим цэцэрлэг үүдээ түр барьсан. Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн ачаалал ямар байна вэ?

-Одоогоор сургууль, цэцэрлгийн хүүхдүүд амарсан байна. Тиймээс ачааллын хувьд манай амбулаторийн түвшинд урьд оныхтой ижил байна. Карентин тогтоох хэмжээний ачаалал ирээгүй, хэвийн хэмжээнд ажиллаж байна. Гэхдээ сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хичээл орсон тохиолдолд ханиад ихэсч магадгүй.

-Олон нийтийн дунд тархаад байгаа ханиад ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн юм бол?

-Ханиад томуу өвчинг үүсгэдэг A, B, C хүрээний гурван төрлийн вирус байдаг. Одоогийн байдлаар гадуур RS, рино, адено вирусийн халдвар давамгайлж байна.

-Хүйтний эрч чангарч байгаатай холбоотой тэр дундаа сургууль, цэцэрлэг амарсан энэ үед бага насны хүүхдүүд угаартах нь их байна. Ийм тохиолдолд эцэг эхчүүд анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ?

-Хүүхдийг угаартсан газраас нь холдуулж, аль болох усанд хурдан оруулах ёстой. Учир нь угаар арьсаар нэвтрэн хүүхдийг богино хугацаанд хордуулдаг. Анхны тусламж үзүүлсний дараа заавал эмчид яаралтай хандах хэрэгтэй.

unen.mn

 	 Ж.Нармандах: Ханиад томуу их байгаа нь агаарын бохирдолтой холбоотой

Санал болгох

Сэтгэгдэл

top