|

Хоёр тэрбум 947 саяар наадамлана

namuunaa 2015/05/19 6804 476

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд өчигдөр боллоо. Тус хурлаар Үндэсний их баяр наадмын салбар хороодын ажлын төлөвлөгөөг батлав. Баяр наадмын үеэр буюу долдугаар сарын 4-15-нд урлаг соёлын 16 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөө БСШУЯ-ны дэд сайд, Соёл урлагийн салбар хорооны дарга Я.Төмөрбаатар танилцуулсан юм. Түүнчлэн төрийн хүндэтгэлийн тоглолтыг энэ жил анх удаа гадна талбайд зохион байгуулахаар болжээ.

 

 

 

Тоглолт Чингисийн талбайд долдугаар сарын 10-нд буюу Төрийн далбааны өдрөөр болох аж. Баяр наадмын өдрүүдэд тус талбайд сонгодог урлагийн үдшийн цэнгүүн, хүүхдийн гала концерт, Монгол туургатны бүжгийн их наадам, "Дээлтэй монгол” наадам, урлагийн шоу, гадаадын алдартай хамтлагуудын тоглолт, морин хуурын фестиваль, "Улаанбаатарын үдэш” цэнгүүн зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

 

 

 

 

 

 Үүнээс гадна Хүй долоон худагт "Адуучин” наадам болох юм. Үндэсний их баяр наадам бол Монгол Улсаа дэлхийд сурталчлах том арга хэмжээ. Тиймээс Соёл урлагийн салбар хороо болон Үндэсний бөх, морь, сур, шагайн салбар хорооноос зохион байгуулж буй ажил, арга хэмжээг дэмжиж, салбар хорооны ажлаа уялдуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх салбар хорооны дарга нарт үүрэг болголоо. Дашрамд дурдахад, үндэсний их баяр наадмыг энэ жил хоёр тэрбум 947 сая 747 мянган төгрөгөөр тэмдэглэх тооцоог гаргасан байна. Үүнд урлаг соёлын арга хэмжээнд нэг тэрбум гаруйг зарцуулах бол тохижилт, засвар үйлчилгээнд 769, хэв журам хамгаалах арга хэмжээнд 267, хурдан морины уралдааныг 227 саяар зохион байгуулахаар болжээ.

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top