|

Цалингүй ажиллах нэрийдлээр албан тушаалдаа үлдэх арга

bayaraa 2015/01/06 4290 710

 Хотын дарга Э.Бат-ҮүЦалингүй ажиллах нэрийдлээр албан тушаалдаа үлдэх аргал Зам тээвэр, дэд бүтцийн, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын, Нийгмийн хөгжлийн, Экологи,

ногоон хөгжлийн, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын, Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан зэрэг зургаан орлогчтой. Уг нь УИХ-аас баталсан 2015 оны Төсвийн тухай хуулиар бол нийслэлийн Засаг дарга зургаан орлогчийнхоо дөрвийг нь явуулж, хоёрыг нь ажиллуулах ёстой л доо. Гэвч өчигдөр хуралдсан нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зургаан орлогчоо хэвээр нь үлдээх шийдвэрийг гаргажээ. Угтаа бол Төсвийн тухай хуулиар хот 186 хүнийг цомхотголд оруулж, энэ сарын 21-нээс өмнө ажиллаж байсан албан тушаалаас нь чөлөөлөх учиртай.

Үүнд нь өнөөх дөрвөн орлогч ч багтаж байлаа. Тиймдээ ч нийслэлийн төсвийг батлахдаа Засаг даргын хоёр орлогчийн цалинг л суулгасан байдаг. Гэвч хоёрыгоо төсвөөс цалинжуулж, үлдсэн дөрвийг нь тодорхой хэмжээний төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түүнээс олох орлогоос цалинжуулах тохиролцоо хийгээд нэг сарыг үджээ. Нэг ёсондоо нийслэлийнхэн Төсвийн тухай хуулиа зөрчихжээ. Энд нэг л гаргалгаа гарч ирж байна.

Юу гэхээр төсвөөс цалинжихгүй байгаа болохоос нийслэлийн Засаг даргын дөрвөн орлогч бүгдээрээ бүрэн эрх мэдэлтэйгээ л сууж байна. Өөрөөр хэлбэл, тэднийг улсад ажилласныхаа төлөө татвар төлөгчдийн халааснаас цалин аваагүй гэж харж болох ч өөрийн хариуцсан салбарынхаа хүрээнд нэгдүгээр гарын үсэг зурах аливаа тендерийг сонгон шалгаруулах эрх нь нээлттэй үлдсэн хэрэг. Ёстой л нөгөө өрмийг нь идээд, сүүг нь уучихаад хусмыг нь бусдадаа үлдээж байгаатай адил сонсогдож байгаа биз. Ерөөсөө л нийслэлийн Засаг даргын дөрвөн орлогч цалингүй ажиллах нэрийдлээр албан тушаалдаа үлдэх аргаа ийнхүү сэдсэн бололтой. Яагаад гэвэл цалингүй л болохоос эдгээр орлогчид бүгдээрээ хариуцсан салбарынхаа төсөв санхүүгээс эхлүүлээд бүхий л зүйлийг хариуцаж шаардлагатай байгаа асуудлыг НИТХ болон Удирдлагын зөвлөлийн хуралд уламжилдаг. Бас тендерийн ажлыг зохион байгуулахаас гадна түүнд хяналт тавих эрх нь тэдэнд бий. Нэг ёсондоо тендерийг захиран зарцуулагч гээд хэлчихэд ч буруудахгүй болов уу. Яг л яамны төсөв хөрөнгийг Төрийн нарийн бичгийн дарга нь хариуцдаг шиг.

Нийслэлд барьж байгуулах сургууль, цэцэрлэг, зам гүүрийн ажлын тендерийг зохион байгуулах ажлыг хариуцдаг Худалдан авах ажиллагааны газар гэж байгаа ч дийлэнх нь нийслэлийн Засаг даргын орлогчдын шүүлтүүрээр орж гарын үсэг зуруулдаг гэхэд хилсдэхгүй. Үүнийхээ хөлсөнд ч тэд төсвөөс цалинждаг байсан байх. Харин одоо төсвөөс цалинжих эрхгүй болсон орлогчид тендерээс цалинжиж эхэлжээ. Наанаа өөрийн салбарын бүтээн байгуулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрийг хариуцсан институц болж үр дүнгээр нь санхүүждэг тогтолцоонд шилжүүлсэн гэж харагдавч хачир дээрээ тендерээс цалинжих нь тодорхой. Шууд утгаараа биш ч нийслэлийн удирдлагуудын хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр ингэж харагдаж, ойлгогдож байна. Үнэндээ тендер шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Засаг даргын орлогч гэсэн шошготой эрхмүүд бүгдээрээ багтдаг. Магадгүй нийслэлийн Засаг даргын орлогч гэдгээрээ давуу эрхтэй ч оролцдог байж болох. Гэхдээ төсвөөс биш хариуцсан салбарын бүтээн байгуулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрийн үр дүнгээс цалинжих нь хэмнэлт биш харин ч орлогч нарт ашигтай тусахгүй гэж үү. Цалингүй ажил гэж байхгүй. Хүн бүр л цалинтай ажиллахыг хүснэ.

Энэ жишгээр бол орлогч нар цалин авахын тулд үр бүтээлтэй ажиллахыг зорино. Ингэхийн тулд хариуцсан салбартаа томоохон хөрөнгө оруулалт татахыг эрмэлзэнэ. Ямар нэгэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт зайлшгүй хийх шаардлагатай тулгарна. Хөрөнгө оруулалтгүй салбар үр дүнгүй л ажиллана. Бүр цаашлаад үйл ажиллагаа нь доголдоно. Тиймдээ ч үр дүнгүй ажиллахыг орлогч нар хүсэхгүй. Цалингүй хоцрох учраас тэр шүү дээ. Дээрээс нь, орлогч нарын туслахууд унаа, хоолны зардал гээд багагүй зардал гарах нь тодорхой. Мэдээж цалингүй ажиллуулж байна гээд орлогч нараа явган алхуулахгүй шүү дээ. Тэр хэмжээгээрээ төсвөөс татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа. Гагцхүү хэмнэлтийн горимд шилжсэн нэрийдлээр цалингүй болгосон орлогч нараа тендерээс цалинжуулж эхэлсэн нь хуульд нийцэж байгаа эсэхийг хотын даргаас асуух л үлдлээ.

 

 

С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл

top