Орхон аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар,
"Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн
удирдлага, ажилтнууд өнөөдөр "Хүний төлөө-Зөв тус” сарын аяны нээлтэнд
оролцлоо. Тус аян МХЕГ-ын даргын удирдамжийн дагуу өнөөдөр улс орон
даяар зэрэг нээлтээ хийсэн юм. Нээлтийн үеэр аж ахуйн нэгж,
байгууллагууд өөрсдийн ажлын онцлогийг тусгасан хамгаалах хэрэгслийн
үзэсгэлэнг гаргасан байв. Мөн Мэргэжлийн хяналтын газар, ҮЭХолбоо,
Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд хөдөлмөр нийгмийн хамгааллын
хяналтын өнөөгийн байдал, зохистой хөдөлмөрийн үзэл баримтлал, холбогдох
хууль дүрмийг хангахад Хөдөлмөрийн хэлтсийн оролцоо зэрэг сэдвээр
илтгэл тавьсан. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуйн хэлтсээс "Хүний төлөө-Зөв тус” аяныг зохион байгуулсан
тэргүүн туршлагаасаа бусад аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлд
хуваалцав.
"Хүний төлөө-Зөв тус” сарын аян энэ сарын 31-нийг
хүртэл аймгийн хэмжээнд хэрэгжинэ. Аяны хүрээнд эрүүл аюулгүй ажлын
байрыг бий болгох, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс
урьдчилан сэргийлэх, иргэд даатгуулагчдын нийгмийн хамгааллыг
сайжруулах, байгууллагын хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал, эрүүл
ахуйн үр нөлөө бүхий удирдлагын тогтолцоог төлөвшүүлэхэд дэмжлэг
үзүүлэхэд чиглэсэн зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх хяналт зохион
байгуулж, үр дүнг тооцон олон нийтэд сурталчилна.
У.Цэрэнбат