Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын тэргүүн, Еренхий сайд Ч.Сайханбилэг шинжлэх ухааны салбарынханд "хойд
эцэг"-ийн зан гаргаж, тэдний төсвийг танах, бүтцийг өөрчлөх асуудлыг сөхсөн нь тухайн салбарт ажиллагсдыг зөөлнөөр хэлэхэд гомдоож, эсэргүүцэлтэй тулгарсан нь шинэ оны өмнөх халуун сэдвийн нэг байлаа. Улс орныхоо хөгжлийн зүтгүүр болох шинжлэх ухааны салбарыг ад шоо үзээд өөдөлсөн түүх нэгээхэн ч байдаггүй гэдэг. Хамгийн наад захын жишээ хэлэхэд 1998-2008 онд Венесуэл улсад газрын тосны үнэ дээд цэгтээ хүрч өссөн бөгөөд үүнтэй зэрэгцэн шинжлэх ухааны үйлдвэрлэл тогтвортой нэмэгдэж байсныг Scopus сайт болон шинжлэх ухааны ишлэлийн индексээс харж болно.
Гэтэл 2009 онд тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Хуго Чавез, эрдэмтэн судлаач нар юу нь мэдэгдэхгүй төслүүд дээр ажиллаж байснаас ядуусын хороололд очиж хөдөлмөрлөвөл илүү үр дүнтэй байх биз гэж үндэснийхээ телевизээр ярьснаас хойш байдал 180 хэм эргэсэн байна. Мэдээж буруу тийшээ. Эрдэм шинжилгээний байгууллагын төсвийг танаж, төрийн харьяанд байдаг хүрээлэнгүүдэд төсвийн хуваарилалт улстөржилтийн учир шалтгаанаар харилцан адилгүй олгогдож эхэлжээ. Үүний уршгаар алдартай олон эрдэмтэн шахалт дарамтад орж, ажлаасаа халагдаж, мянга мянган залуу эрдэмтэн судлаачид ажлын байрны хомсдолоос шалтгаалан гадаадад цагаачлахаас аргагүйд хүрсэн байна. Нэг үгээр хэлэхэд тус улсын түүхэн дэх хамгийн том "тархины нүүдэл" болжээ. Тэдний цөөнгүй хэсэг нь Колумбад дүрвэж цагаачилсан байна. "Тархины нүүдэл"-ийн үр дүнд Дэлхийн оюуны өмчийн байгууллагад патент өмчлөх Колумбын хүсэлтийн тоо хэдхэн жилийн дотор Венесуэлийнхээс даруй гурав дахин өссөн үзүүлэлт гарчээ.
Манай улсын хувьд шинжлэх ухааны салбарт ДНБ-ий ердөө л 0.17 хувийг зарцуулдаг гэнэ. Гэхдээ ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдэд орон тоо, төсвийг нь баталж өгөөд захиран зарцуулах эрхийг нь тэдний гарт атгуулдаг юм байхгүй. Тодруулбал, 1990-ээд оны дунд үеэс БСШУ (спорт, шинжлэх ухаан аль нэг яамны хавсарга мэт явсаар өдий хүрсэн)-ы сайдын багцаас санхүүжүүлдэг болсон. Тэгэхдээ яамнаас нь зарласан судалгаа шинжилгээний сэдэв, чиглэлийн сонгон шалгаруулалтад орж, "нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж" байж ганц нэг төсөл авч, түүгээрээ л амьдардаг юм билээ. Энэхүү төслийн санхүүжилтийг нь Шинжлэх ухаан, технологийн сангаар дамжуулан олгодог бөгөөд жилд 9.2 тэрбум төгрөгийг баталж өгдөг байна. Түүний 1.4 тэрбумыг ШУА-ийн хүрээлэнгүүдиин шалгарсан төслийн санхүүжилтэд хуваарилдаг ч бусад нь хаачдаг, юунд зарцуулагддаг нь одоо хүртэл тодорхой бус байдаг гэж эрдэмтэн судлаачид ярьж байна. Энэ оны эхнээс хэрэгжиж байгаа Шилэн дансны тухай хууль, дүрэм журам үүнийг ил тод болгох байх гэж найдаж байгаагаа ч хэлсэн юм.
Манай улс шинжлэх ухааны салбарт жилд 17 сая ам.доллар зарцуулдаг бол Унгарын ШУА жилд 120 сая еврогийн санхүүжилтийг улсын төсвөөсөө авдаг байх юм. Цаашлаад Израиль улс энэ салбартаа жил бүр 11 тэрбум ам.доллар "хаядаг" гээд тоочвол манайх ч хажууд нь ичмээр "дамшиг" л даа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн оны сүүлчээр өөрийнхөө харьяанд байдаг шинжлэх ухаан, боловсролын зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдэхдээ, 2020 он хүртэл шинжлэх ухаанд оруулах санхүүжилтээ багасгахгүй, харин ч эрдэмтдийн мөнгөн шагнал, урамшууллыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэжээ. Хаа сайгүй эдийн засгийн байдал сайнгүй байгаа энэ үед бусад улс орон ийм шийдвэртэй алхам хийж байхад манайх болохоор хасах танах, халах цомхотгох л арга хайх юм. Тухайн өрхийн орлого багаслаа гээд хүүхдээ сургуулиас нь гаргаад авчихдаггүй, хэн нэгнийгээ гудамжинд хөөгөөд гаргадаггүй биз дээ. Харин ч өөр арга зам хайж, зарлагаа багасгаж, орлогоо нэмэгдүүлэх талаар боддог. Түүнтэй л адил төр, засаг жаахан бодол бодлоготой баймаар санагдана.
Манай улсын шинжлэх ухааны салбарт 1600 орчим хүн ажиллаж байгаагийн тал хувь нь ШУА-ийн харьяа 21 хүрээлэн, төвд харьяалагддаг юм билээ. Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдэн хүрээлэн байдгийг ч мэдэхгүй гэж хэлсэн нь арай л "тэнэг" үг байлаа. Тэрээр 40 орчим хүрээлэнг 19 болгож нэгтгэх, заримыг нь их, дээд сургуулийн харьяалалд өгөх шинэ санал санаачилга гаргаж байгаа нь яавч цагаа олсон шийдэл биш гэж эрдэм номын хүмүүс дүгнэж байна. Эрдэм шинжилгээний хүрээлэнг их, дээд сургуулийн харьяанд өгөхөөр зэхэж буй нь ерөнхийдөө шинэ санаа ч биш. Өмнө нь зарим нэг хүрээлэнг их, дээд сургуультай нэгтгэснээр судалгаа шинжилгээний материаллаг бааз, тоног төхөөрөмж муутай, сургалтын арга барилаасаа хэтэрдэггүй дээд боловсролын байгууллагын хавсарга болж уусан алга болохын эхлэл болно. Ийм хувь заяаг Зэх зээл судлалын хүрээлэн зэрэг хэд хэдэн шинжлэх ухааны байгууллага амссан гашуун түүх хуучраагүй байгаа.
Хүрээлэнгүүдийг БСШУЯ-нд харьяалуулбал энэ нь төрийн захиргааны байгууллага мэт харагдах, улмаар улстөржилт явагдаж, захирлуудын томилгоо ч нам, фракцуудад хуваагдаад явчихна гэсэн үг. Улс төр, улстөрч оролцсон ажил, томилгоо хэзээд бохир байдаг юм чинь. Бусад улс оронд ШУА-ийн ерөнхийлөгч, захирал нь дэлхийд танигдсан, нэр хүнд бүхий эрдэмтэн байдаг юм билээ. Тухайн академийнхаа үйл ажиллагааг төреөс нь дэмжиж, зохицуулалтаар хангаж ажиллах нь дэлхийн улс орнуудад нэгэнт тогтсон жишиг. Энэ ч учраас саяхан болж өнгөрсөн эдийн засгийн хямралын үед Израиль улс шинжлэх ухааны хөрөнгө оруулалтаа 50 хувиар нэмсэн нь өнөөгийн нөхцөлд хөгжлөөрөө давамгайлахад томоохон түлхэц болсон гэж үздэг юм байна.
Нөгөө нэг асуудал нь манай шинжлэх ухааны байгууллагуудыг нас өндөр болсон, хэдэн "бурхи" ээлж халаагүй удирдаж байна гэх шүүмжлэл, яриа юм. Гэтэл хүний тархи оюун ажиллаж, байнга ачаалалтай байх нөхцөлд нас бол тоо л байдаг юмсанж. Дэлхийд нэрээ мөнхөлж, шинжлэх ухаанд өөрийн онол нээлтээ хийсэн академич Х.Намсрай гуай гэхэд 75 насандаа төрийн дээд шагнал Чингис хааны одон гардлаа. Тэрээр одоо ч эрдэм онолын ажлаа гүнзгийрүүлэн ажиллаж байна. Манай нэрт эрдэмтэн Б.Чадраа физикийн хүрээлэнг тэргүүлсээр явна. Эрдэмтэн Д.Чадраабал гуай 86 настайдаа хамгийн гол бүтээлээ туурвисан гэх түүх бий. Хоёр жилийн өмнө Оросын академич Г.В.Добровольский Монголын газар зүйн эрдэмтэн судлаачдад лекц уншиж, хамтарч ажиллах талаарр ярилцаад л явж байсан. Тэгэхэд суут эрдэмтэн 99 настай байж. Ер нь дэлхийн эрдэмтдийн дундаж нас 40 болсон гэдэг нь дэмий яриа гэж учир мэдэх нэгэн хэлсэн. Манай академичдын дундаж нас 66 байгаа бол Орост 70, Хятадад 68 байдаг гэж тэрээр тодотгосон юм.
Энэ бүхнийг яагаад нуршаад байна вэ гэхээр хэн нэгнийг, хэсэг хүнийг
емөөрч хамгаалах гэсэнгүй. Гагцхүү шинжлэх ухаанд суурилсан.мэдлэг
чадвар, эдийн засаггүйгээр улс орон хөгжинө гэж байдаггүйг олон улсын
түүх баталж байна. Энэ тухайд олон жишээ баримтыг өгүүлж болох ч түр
азная. Харин төсөл хөтөлбөр олдох эсэх нь эргэлзээтэй, байнга түгшүүр
дунд ажиллаж амьдарч байгаа шинжлэх ухааны байгууллага, тэнд ажиллагсдын
"үүр"-ийг бужигнуулахгүй байгаасай. Тэдний дотроос 250 хүнийг хална,
цомхотгоно гэж сэтгэлийн дарамтад оруулж байхаар тэдэнд ажилгүй
болгосныхоо төлөөс (тэтгэмж)-т тараах 36-37 тэрбум төгрөгөө хямралыг
гэтлэх, ажлын байрыг хадгалах, цалин хөлсийг нь олгоход зарцуулбал яасан
юм бэ. Хэд байх нь чухал ч хүн байнгын орлоготой, ажил хөдөлмөртэй байх
нь үүнээс ч эрхэм билээ.
Д.МӨНХЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/