|

Д.Бурмаа:Хэрвээ дуучин болоогүй бол мянгат малчин болох байсан

bayaraa 2015/01/06 5589 314

Д.Бурмаа:Хэрвээ дуучин болоогүй бол мянгат малчин болох байсан -Дуулах нь таны багын мөрөөдөл байсан уу?

- Багын урлагт сонирхолтой дуулж хуурддаг хүүхэд байлаа. Энэ чиглэлээрээ 2002 онд МУИС-ийг Ардын урлаг судлаач, шүүмжлэгч мэргэжлээр төгссөн.

-Танай гэр бүлийнхэн дотор дуулдаг хүн байгаа юу?
-Би өнөр өтгөн гэр бүлд өсч торнисон. Эхээс 14-үүлээ. Ах, дүү нар маань нутаг усандаа алдартай дуучин, авьяаслаг хүмүүс. Хэдийгээр мэргэжлийн биш сайхан дуулна. Зөвхөн дуулаад зогсохгүй гарын уртай, дархан хүмүүс бий.

-Хэрвээ та урлагийн хүн болоогүй бол?
-Энэ талаар бодож байгаагүй. Одоо ингээд бодоход сайн малчин л болох байсан болов уу. Мянгат малчин шүү./инээв/
Оюутан байхаасаа ардын дууг судалсан маань дуучин болох эхлэлийг тавьсан гэж боддог. Тиймээс ч ард түмнийхээ дунд "Ардын дууч” гэж цоллогдох болсон байх.

-Та Увсын уугуул. Нутгийнхаа талаар ярихгүй юу?
-Миний бага нас Увсын Тэс суманд өнгөрсөн. Манай аймаг тэр дундаа Тэсийнхэн маань алдартай. Ухаан хурц, царай зүс нь тод, оюунлаг хүмүүс байдаг. Тиймээс ч "Хүү төрвөл бөх болдог, унага төрвөл хурдан болдог” гэж ярьдаг улс. Энэ нь ч үнэн юм шиг санагддаг.
Өнгөрсөн жил Монгол Улсын хэмжээнд явуулсан судалгаанаас харахад оюуны чадамж хамгийн өндөртэй иргэдтэй аймгаар тодорсон байсан. Ингээд бодохоор Увс аймгаар овоглож яваагаа нэр хүндийн хэрэг гэж боддог.

-Сүүлийн үеийн нийтийн дуучдын ихэнх нь Увсынх. Тэднийг хоорондоо түнжин муутай гэж ярьдаг юм билээ?
-Нийтийн дуучдын ихэнх нь Увсынх гэдэг үнэн.Гэхдээ эв түнжин муутай, өрсөлддөг гэдэгтэй би санал нийлэхгүй. Манай нутгийнхан дайчин, тэвчээртэй, өрсөлдөх чадвар сайтай хүмүүс байдаг. Хамгийн гол нь хүнтэй биш өөрийгөө хурцалж, өөртэйгөө өрсөлдөх ёстой гэж боддог.

-Гэр бүлийн тань хүн бөх ...?
-Манай гэр бүлийн хүнийг сонин хэвлэлээр зөндөө бичсэн дээ. Монгол Улсын начин Насандэлгэр гээд бөх залуу бий. Бид хоёр нэг нутгийнх.

-Хайр гэж таны бодлоор?
-Хайр бол нэг нэгэндээ итгэж амьдрах, оршин тогтнохын гол түлхүүр гэж боддог.

-Хүн бүр анхны хайр бүтэлгүй байдаг гэж ярьдаг. Таны хувьд?
-Миний анхны хайр миний хань шүү дээ. Бид хоёр ханилаад найман жил болж байна. Яахав дунд сургуульд байхдаа үерхэж нөхөрлөх үе байсан. Гэхдээ тэр нь түр зуурын шохоорхол байжээ./инээв/

-Өөрөө хэр сайн гэрийн эзэгтэй вэ?

-Муугүй гэж боддог шүү. Айлын эзэгтэй гэдэг хамаг юмыг нь хамж хийгээд байхыг хэлдэггүй. Манай гэр бүлд ийм зарчим үйлчилдэггүй. Бид хоёр эрх тэгш байж бүх ажлаа хувааж хийдэг.

-Олны танил болсон хүний амьдрал бүхний нүдэн дээр ил. Үүнийг дагаад элдэв хов жив их гардаг?

-Эхэндээ их эмзэглэдэг байсан. Яваандаа худлаа юм чинь гээд тоохоо больсон. Хааяа олны танил болоогүй байсан үе минь жаргалтай юм шиг санагддаг. Дуучин болсондоо харамсч байна гэсэн үг биш шүү.

-Та ямар шашин шүтдэг вэ?
-Би буддын шашинтай. Шүтлээ гээд өдөр шөнөгүй гандан хийд ороод ном уншуулаад байдаггүй. Хаа нэг даллага авахуулж, засал хийлгэнэ ээ.

-Тэгэхээр сайхан бүсгүй гэж таны хувьд ямар хүнийг хэлэх вэ?

-Сайхан бүсгүй гэж бүх талаараа гэрэлтсэн тийм л хүнийг хэлэх болов уу. Ер нь муухай эмэгтэй хүн гэж байдаггүй. Яагаад гэвэл эмэгтэй хүн болгон ямар нэгэн зүйлээрээ бусдаас ялгарч байдаг.

-Ингэхэд та сайхан бүсгүй мөн үү?
-/инээв/ Намайг ямар хүн гэдгийг ард түмэн маань л хэлэх байх даа. Түүнээс биш би өөрийгөө ийм тийм гэж дүгнэх нь утгагүй шүү дээ.

-Залуу гэр бүлийн өмнө тулгардаг олон асуудал байдаг. Нууц амрагийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Одоохондоо нууц амрагийн талаар бодох цаг биш. Бид хоёрын амьдрал ариун цагаанаараа л явж байна. Ийм сайхан эр хүн миний хажууд байхад илүү харж билүү долоох шаардлагагүй. Нэг л амьдрах энэ насандаа хоёр дахь хүнгүйгээр амьдарна гэж бид ярьдаг. Тэгнэ ч гэж бодож байгаа.

-Урлагийн хүний нүдээр харахад өнөөгийн Монгол ямар санагддаг вэ?

-Урлаг бол нийгмийн хөгжлөөс нэг алхам өмнө явдаг. Монгол хөгжихгүй байна гээд л байдаг. Намайг оюутан болж ирсэнтэй харьцуулахад их өөрчлөгдөж, хөгжсөн. Харин эмзэглэж явдаг зүйл гэвэл өдөр алгасахгүй болж байгаа баяр наадмууд. Энэ үеэр ажил хийдэг хүн огт байдаггүй. Тийм болохоор баяруудыг цөөлбөл манай залууст хийх зүйл их болж илүү хөдөлмөрлөх байх гэж боддог.

-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна вэ?
-Та бүхэн мэдэж байгаа байх. Соёлын тэргүүний ажилтан Л.Банзрагч, Мөнхбат нартай хамтарч "Алтан үеийн аялгуу үргэлжилсээр” тоглолт хийлээ. Энэ тоглолтоо хөдөө орон нутгаар явж тоглох гээд байж байна. Удахгүй миний дөрөв дэх цомог маань бэлэн болно. Нэг зүйл нэмж хэлэхэд Т.Сэр-Одын ая, Соёмбын шүлэг "Би мартахгүй” нэртэй поп дуу дуулснаа удахгүй сонсогчдын хүртээл болгоно.

-Тэгэхээр та поп чиглэлээр дуулна гэсэн үг үү?

-Үгүй ээ. Зүгээр л өөрийгөө сорьж дуулж үзсэн юм. Дуулсныхаа дараа цаашдаа дуулж болох юм гэсэн дүгнэлтэнд хүрсэн шүү. /инээв/

shudarga.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top