Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод байрлах "Рянган” зочид буудалд тус улсдаа хамгийн тансагт тооцогддог бөгөөд "6 одтой” гэх мундаг статустай. Хаалттай энэ орны иргэд тус зочид буудлыг хамгийн шилдэг нь гэдэгт итгэж, хамгийн өндөр зэрэглэлийн үйлчилгээг үнэхээр үзүүлж чаддаг гэж боддог. Харамсалтай нь нутгийн иргэдийнх шиг нь тийм ч сайхан үйлчилгээтэй газар бус гэдгийг зургаас харж болно.
"TripAdvisor” сайтад "Рянган” зочид буудлын талаар 30 гаруй сэтгэгдэл олж болно. Эдгээрийн олонх нь үйлчилгээг нь муу гээд нийт 5 онооноос 2.5-ыг өгчээ.
Тус зочид буудалд саатсан жуулчид "Рянган”-аас санал болгодог үйлчилгээний бодит түвшин, өрөөний дотоод засал, хоол хүнс, тав тухтай байдал зэрэгт толгой сэгсрэн шогширчээ.
Энэ буудалд буусан нэгэн британи жуулчин "Ор нь маш хатуу. Бараг шалан дээр унтсан нь илүү тухтай. Би жорлонгийнхоо усыг таттал хөлөө норгочихож билээ” гэж бичжээ.
Тэгвэл Кейптаунаас ирсэн жуулчин "Зөвлөлтийн стилийн сонгодог зочид буудал. Харанхуй, гэрэлтүүлэг муу, чулуу шиг ортой, өрөвдмөөр хоолтой, халуун ус нь тасалддаг. Хамгийн муу зүйлс нь энэ биш шүү” гэжээ.
Харин ганц л хүн энэ зочид буудлыг магтжээ. Эстоноос ирсэн нэгэн жуулчин "Сайнаас нь гэвэл нэг сувагтай том, дөрвөлжин зурагт байна. Хойд Солонгосын суртал ухуулгын энэ сувгаар хөтлөгч эмэгтэй нь Ким Чен Уныг талбай, барилгын өмнө дүрсэлсэн зураглал дээр байдаг чадлаараа сэтгэл догдлуулан ярьдаг” гэж бичсэн байна.